Үр хөндөлтийг хүлцсээр суух уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

Үр хөндөлтийг хүлцсээр суух уу?

Үр хөндөлтийг хүлцсээр суух уу?

Одоогоос жил гаруйн өмнө Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Монголын гурван сая дахь иргэн Монголжингоо уг нь дөрвөн сая дахь иргэн байх  байжээ. Дутаж  буй нэг сая иргэн үр хөндөлтийн золиос болсон гэдгийг эрүүл мэндийн салбарын статистик  хэлээд өгч байна.  Энхийн цагт энэ олон хүнээ сайн дураараа алджээ, бид. Ерээд онд ардчилалтай зэрэгцэн ирсэн хүүхэд төрүүлэх эсэхээ өөрөө шийдэх эрх Монголын хүн амаас нэг сая нь сох дутахад хүргэж. Хуучин цагт хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байлаа ч үр хөндүүлэх эрх байгаагүй. Хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэх гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэт санагдавч энэ бол гэр бүлийн, цаашлаад улс орны хувьд тун чухал асуудал гэдэг нь хорь гаруй жилийн дараа ойлгогдож байна.

Зөвхөн 2016 онд л гэхэд 18 316  удаагийн  үр хөндөлт  бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 148 тохиолдлоор буюу 0.8 хувиар өссөн дүн юм. 1 000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлт Улаанбаатар хот /339.3/, Өмнөговь /301.6/, Дорноговь /416.4/, Орхон /295.0/  буюу хамгийн өндөр хувьтай гарчээ. Эдгээр газарт үр хөндөлт улсын дунджаас 60.8-182.2 тохиолдлоор өндөр байна. Мөн хувийн эмнэлэгт хийгдсэн үр хөндөлт өмнөх оноос 1 166 тохиолдлоор буюу 28.3 хувиар өссөн байна. Хожуу үеийн үр хөндөлтийн түвшин 1 000 амьд төрөлтөд 7.7 байна гэсэн  албан мэдээллийг эрүүл мэндийн салбарын статистикаас уншиж болно.  Бүртгэлд ороогүй тохиолдол цөөнгүй байдаг гэж тооцвол үр хөндөлтийг хүлээн зөвшөөрснөөр манай улс хүн амаа өсгөх сайхан боломжоо  алджээ.

Ингэснээр хүн амын өсөлт саараад зогсохгүй цаашдаа хүн амын насны бүтцэд ч доголдол үүсч, ажиллах хүчний хомсдол, тэтгэвэр, тэтгэмжийн ачаалал гэхчилэн урьд өмнө байгаагүй бэрхшээл гарч ирж мэдэх нь. Хүн амын 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоогоор хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байх хандлага ойрын арван жилд үргэлжлэхээр байгаа боловч 2025 оноос байдал өөрчлөгдөнө гэдгийг албаныхан удаа дараа сануулсаар байгаа. Тэр үед нийт хүн амд нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, 60-аас дээш насныхан бусад насны бүлгийн хүн амаас илүү хурдацтай өссөөр 2040 он гэхэд одоогийнхоос  гурав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Хүн амын бүтцийн энэхүү өөрчлөлт нь урт хугацаанд хүн амын өсөлтийг сааруулж болзошгүй тул төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэн хүн амын өсөлтийг тогтворжуулах, насны тааламжтай бүтцийг удаан хугацаанд хадгалах, мөн хурдацтай явагдаж буй хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх шаардлагатай байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж эхэллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол Улсын төрөөс баримталж буй хүн амаа өсгөх бодлогыг дэмжих, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хууль бус үр хөндөлттэй хатуу тэмцэж, хууль тогтоомж зөрчсөн иргэн, албан тушаалтан, эрүүл мэндийн байгууллагуудтай хариуцлага тооцож ажиллана гэдгээ өнгөрсөн баасан гаригт мэдэгдэв. Тус байгууллага наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд улсын хэмжээнд “Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяныг зарлаад байна. Аяны хүрээнд онцгойлон анхаарах нэг асуудал нь хууль бус үр хөндөлт байх юм.

Улсын хэмжээнд үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн таван хувь нь 20-иос доош насныхан бол олонх нь буюу 70.7 хувь нь 20-34 насныхан байна. Харин 35-аас дээш насны эмэгтэйчүүд нийт үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 24.3 хувийг эзэлжээ. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 18  хувь нь өмнө нь төрж байгаагүй эмэгтэйчүүд байжээ.  Анхны удаа үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 14 тохиолдлоор буюу 0.9 хувиар өссөн байна. Үр хөндөлтийн хүндрэл 41 удаа тохиолджээ. Хүндрэлийн шалтгааны 29.3 хувийг умайн агшилт суларч цус алдсан, 56.1 хувийг умайн дайврын үрэвсэл эзэлсэн бол үр хөндөлтийн хүндрэлээс болж, умай цоорсон (4.9 хувь) тохиолдол ч гарчээ.

Үр хөндөлт тоглоом биш гэдгийг охид, эмэгтэйчүүд сайн мэддэг ч аргагүйдсэндээ энэ замыг сонгосон хэвээр байна. Эмнэлгийн орчинд үр хөндүүлэлгүй зах дээрээс эм худалдан авч уух зэргээр  гэрийн нөхцөлд ураг, удмаа тасалсан тохиолдол ч цөөнгүй. Тиймээс мэргэжлийн хяналтын байцаагч нарын нэн түрүүн зорин очиж, арга хэмжээ авах хүмүүс нь нь ураг устгах эм, тарианы хууль бус наймаа эрхлэгчид байх биз ээ. Нөгөөтэйгүүр ээж аавын хараа хяналтаас анх удаа гарч, их хөлийн хот газарт ирж суралцагч, оюутан залууст хандан хүсээгүй жирэмслэлт хийгээд үр хөндөлтийн хор нөлөөний талаар хичээл заавал зохистой санагдана. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт сурагч ээж нар нэмэгдсэн. Мөн оюутны эхний жилүүдэд жирэмсэлж, жилийн чөлөө аван, сургуульдаа буцаж ирээгүй тохиолдол тун олон. Бүр жирэмсэн болсноо мэдэхгүй томруулсан хойноо элдэв эм ууж эрүүл мэндээрээ хохирсон, төрүүлсэн хүүхдээ гэрийнхнээсээ нуух гэсэндээ хотын гудамжинд хаясан оюутан ээж ч бий. Эрдэм сурах гэж ээж аавын гэрээс гарсан хүн ялтан болоод “аавынд” сууна гэдэг хүсэх зүйл огтоос биш.

Энэ мэт болчимгүй үйлдлээс хожсон хүн нэгээхэн ч үгүй болохоор сарын аян зарлаж, зорилтот бүлгийнхэнд хандахад хүрсэн биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж