Засаг огцруулах уламжлалт жүжиг

Хуучирсан мэдээ: 2017.08.27-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Засаг огцруулах уламжлалт жүжиг

Ялалтад эзэн олон байдаг бол ялагдалд харин эзэн олддоггүй. Ялангуяа улс төрийн сонгуулийн ялагдлын дараа. Ялалтыг өөртөө нааж, ялагдлыг бусдад тохохыг хүсэх нь хүмүүний төрөлх араншин. Тиймээс ч ялагдлын дараах тэмцэл хамгийн ширүүн, хайр найргүй. Ийм үеийг 2016 оны парламентын сонгуульд ялагдсан Ардчилсан нам өнгөрсөн намар, өвөл, хаваржингаа туулсан бол долдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан МАН одоо туулж байна.

Дотоод эв нэгдэлтэй, хэрүүлээ тогоон дотроо л хийдэг, сахилга бат сайтай, намын шийдвэрийн эсрэг сөрж дуугардаггүйгээрээ манайх Ардчилсан намаас ялгаатай хэмээн олон жил ярьж гайхуулж ирсэн МАН энэ удаад үзээгүйгээ үзэж, үхэр цам харайхдаа тулаад байна.

Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал парламентад 65 суудалтай эрх баригч намын хувьд ичгүүртэй ялагдал байсан. Заадсаараа зад салах дээрээ тулаад байгаа МАН Шадар сайд У.Хүрэлсүхийгээ золигт гарган намаа авч үлдэх замыг сонгож байгаа нь сүүлийн өдрүүдийн үйл явдлын өрнөлөөс харагдаж байна. УИХ-ын 30 гишүүн МАН-ын Засгийн газрыг огцруулах асуудлыг мөн өнгөрсөн долоо хоногт хуулийн дагуу өргөн барьсан нь сонгуулийн ялагдалд дулдуйдсан улс төрийн ээлжит алхам. Асуудал ном ёсоороо явбал энэ долоо хоногт Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ хэлэлцэх учиртай.

Монгол улс олон намын системд шилжсэнээс хойших 27 жилд төрийг ээлжлэн барьсан хоёр нам болох Монгол Ардын нам, Ардчилсан нам хоёр ийнхүү сонгуулийн ялагдлаас үүдэлтэй шокийг туулж байгаа боловч энэ хоёр улс төрийн хүчин аль аль нь төрд хоёргүй сэтгэлээр хандах эрмэлзлэлээ МАНАН байгуулах үеэс л таягдан хаясан. Хоёр намын авлига, албан тушаалын наймаанд оролцоогүй жирийн сонгогчид харин хэнд нь ч итгэх хэрэггүй, юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг ойлгодог болсныг энэ жилийн сонгуулийн Цагаан хуудастангууд харуулсан.

Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж буй бичлэг бол сүүлийн арав гаруй жил Монголын төрийг удирдаж ирсэн улстөрчдийн үнэн төрх юм. Илчлэгдсэн нь МАН болохоос энэ сүлжээ аль хэдийнэ Монголын төрийг хэрсэн.

Үнэндээ монголчууд муу муухайдаа ганцаараа төрөө наймаалцсан юм биш. Тал татсан төр, төрийн албыг санал авах зорилгоор ашигладаг, сонгогчдыг мөнгөөр худалдан авдаг улстөрчид дэлхийн хаа ч байдаг. Ялангуяа ардчилсан нийгэм тогтоохоор зорьж буй улс оронд \XVIII-XIX зуунд АНУ-д ч, Европын улс орнуудад ч, өнгөрсөн зууны дунд үеэс Латин Америк, Африкийн орнуудад ч\ энэ үзэгдэл байсныг нийгэм судлаачид онцолсон байдаг. Гагцхүү энэ гаж үзэгдлийг ойлгож, эрүүл нийгэмд амьдаръя гэсэн хүсэлтэй иргэдийн шахалт, шаардлага хүчтэй байсан улс орон төрөө эрүүлжүүлж чадсан бол дүлий дүмбэ оргин суусан сонгогчидтой газар өнөөг хүртэл авлигажсан төртэй хэвээр байгааг тэмдэглэдэг. Нэн ялангуяа авлигажсан улстөрчид үйлдлээ зөвтгөхийн тулд хууль, хүчний байгууллагыг талдаа оруулах нь нэн аюултай байж, засагдашгүй үр дагаварт хүрч болохыг анхааруулсан судалгаа ном уг нь олон байдаг юм билээ.

Хэдийгээр манай улс төрийн намууд муу муухайгаа дуудалцан дотроо хөлөө жийлцэж байгаа нь ямар нэг юм буруу байна гэсэн дохиог нийгэмд өгч байгаа нь сайн дохио боловч дээр өгүүлсэнчлэн хууль, хүчний байгууллагыг бамбай болгон ашиглаж байгааг иргэд ойлгож эсэргүүцэх учиртай. Ардчилсан нам эрх барьж байх үед ч, одоо МАН-ын үед ч хуулийнхны “шалгаж тогтоосон” гэдэг үгээр халхавч хийн улс төрийн бохир явуулгаа өнгөлөн далдалж байна.

Засаг огцрох эсэх татвар төлөгч жирийн иргэдэд үнэндээ хамаагүй. Аль ч засгийн үед иргэд ажилладгаараа ажиллаж, оноосон цалингаа авч, татвараа төлсөөр л байна. Улс төрийн тэс өөр үзэл баримтлалтай хүчинд л төрийн эрх шилждэггүй юм бол засаг солигдоод байдал дээрдэж байсан тохиолдлыг санахгүй юм. Харин ч хууччуул нь ажлаа өгөх, шинэ нь авах гээд төрийн алба хэсэг хугацаанд зогсдог. Солигдлоо гээд нөгөө л ялзарсан тогоон дотроосоо дараагийн хэн нэгнийг гаргаж ирэх нь тодорхой учраас нэмэгдэхүүний л байрыг сольж байгаа асуудал. Тиймээс муу ажилласан засгаа унагаж, сайныг гаргаж ирэх гэсэн муухан жүжгийн хэвшмэл хэсгийг тоглохгүй байсан нь иргэдэд хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж