АНУ-ын Ерөнхийлөгч болсон хүн бүр Цагаан ордонд засвар хийдэг уламжлалтай. Гэхдээ ноён Трампын үйлдэл байнга олны анхаарлын төвд байдаг болохоор Цагаан ордонд хийсэн энэ удаагийн засвар ч ярианы сэдэв боллоо.
Трамп Цагаан ордны баруун жигүүрийг засварлахад 3.4 сая ам.доллар зарцуулжээ. Гэхдээ энэ засварыг хийх төлөвлөгөөг АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн үед гаргаж байсан учир энэ жилийн улсын төсвөөс ганц ч доллар зарцуулагдаагүй юм байна.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Линдси Уолтерс “Баруун жигүүрийн агааржуулалтын систем ажиллагаагүй болсон. Агааржуулалтын системийг 27 жилийн турш өдөр, шөнөгүй 24 цагаар ажиллуулж ирсэн. Иймээс хуучирч, ажиллагаагүй болсон системийг шинэчлэх шаардлагатай” гэсэн тайлбар өгчээ. Мөн Цагаан ордны өрөө, зүлэг засварын ажлыг 64 жилийн туршид шинэчлээгүй гэдгийг тэр нэмж хэлсэн байв.
Цагаан ордонд засвар хийж байх хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Жерси мужид байрлах Бедминстер дэх хувийн гольфийн клубт амрангаа ажиллажээ. Түүнтэй хамт Цагаан ордны голлох ажилчид байсан гэнэ. Харин бусад нь Цагаан ордны хажууд байрлах барилгад ажиллажээ.
Уг нь Цагаан ордны халаалт болон агааржуулалтын системийг 2014 онд шинэчлэхээр төлөвлөж байсан аж. Гэвч ордны үйлчилгээний албаныхан энэ ажлыг 2016 оны хавар хүртэл хойшлуулжээ. Иймээс засварын ажил Ерөнхийлөгч Барак Обамагийн үед эхэлж амжаагүй гэнэ.
Завсрын ажилд нийт 200 гаруй хүн 24 цагаар ажиллажээ. Үүний зэрэгцээ Цагаан ордон шинэ эзэнтэй болсныг илтгэх зорилгоор дотоод засалд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн өрөөнд алтан шаргал өнгөтэй хөшиг, ургамлын зурагтай хивс дэвсэж, ханын цаасыг сольжээ.
Цагаан ордны мэдээллээр, агааржуулалтын системийг солиход 1.965 сая ам.доллар зарцуулсан байна. Ман ханын зургийг сэргээн засах ажилд 275 мянган ам. доллар, хивс солиход 1.17 сая ам.доллар тус тус зарцуулжээ.
Энэ зардал нь АНУ-ын өмнөх гурван Засгийн газрын хийсэн засварын мөнгөн дүнтэй харьцуулахад бага тоо гэдгийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч тайлбарласан байв.
Цагаан ордонд засвар хийх шаардлагатай байгааг дэмжсэн сэтгүүлчид байхад зарим нэг нь Трамп Цагаан ордныг өөрийн эзэмшлийн казино, зочид буудалтай адилхан болголоо гэж шүүмжилж байна.
Бэлтгэсэн: Ц.Уран
Холбоотой мэдээ