Монголын 66 кг хүчтэйг дэлхий мэднэ

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Монголын 66 кг хүчтэйг дэлхий мэднэ

Азербайжаны нийслэл Баку хотноо өнгөрсөн амрал­­тын өдрүүдэд болсон “World Masters-2011” тэм­цээнд манай цагаан өмс­гөлтнүүд ам­жилт­­тай орол­цож, эрчүүд багийн дүн­гээр гурав­дугаар  байрт шалгарсан билээ. Орон орны шилдэг 16 бөхийн тэмцээнд 32 орны 200 гаруй жүдоч жин тус бүрт оролцсон юм. Тэмцээнд оролцсон манай тамирчид өчигдөр эх орон­доо ирлээ. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дас­гал­жуу­лагч Ч.Насан­тог­тох, тус тэмцээний 66 кг-ийн аварга, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Х.Цагаан­баа­тар, -100 кг-д хүч үзсэн Б.Тэмүүлэн, 52 кг-ийн хүрэл медальт М.Бундмаа нартай уулзлаа.

Жүдо бөхийн үндэс­ний шигшээ багийн ахлах дас­гал­жуулагч Ч.Насан­тог­тохоос тэмцээний сэт­гэгдлийг нь сонслоо.

ГАРАА САЙН БОЛ БАРИА САЙН

-Ахлах дасгал­жуулаг­чийн хувьд энэ удаагийн тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Дэлхийн шилдэг масте­руудын тэмцээнд манай улс өнгөрсөн онд 15-уулаа өрсөлдөж байсан бол өнөө жил 11-үүлээ оролцоод ирлээ. Манай улсын хувьд ОХУ, Бразил, Франц, Азербайжаны дараа орох хамгийн олон тамирчинтай баг байв. Х.Ца­гаан­­­баатар маань 66 кг-д алтан медалийн эзэн бол­лоо. Өнгөрсөн жил С.Мияа­­­раг­­чаа жиндээ авар­­­­галж байсан. Мон­голын 66 кг хүч­тэй гэдгийг дэлхий мэднэ. Хоёр жил дараалан аваргаа хамгаал­на гэдэг том амжилт. -100 кг-ийн жинд барилдсан Б.Тэмүүлэн нэгдүгээр той­­рогт ойрын хэдэн жил ялагдаж үзээ­гүй Японы бөхийг цэвэр буулгасан нь  том шуугиан тарьсан. М.Бунд­­­маа Испани, Герма­ны тамирч­дыг ялж хүрэл медаль хүрт­­сэн бай­гаа. Дэлхийн аварга шал­га­­руулах тэм­цээнээс медаль хүртсэн хоёр тамир­­­­­чин маань дэл­хийд хүч­тэй гэдгээ дахин батал­лаа. Монголын тамирчид багийн дүнгээр гуравду­гаар байрт шал­гарлаа. Олимп, тив, дэл­хийд тэ­ргүүлдэг орон орны шил­дэг 16  тамирчин шал­гарч ирсэн учраас барил­даан бүрийн оноолт хатуу, сул өрсөлдөгч гэж бай­сангүй. Шилдэг жүдоч­дын сайхан тэмцээн бол­лоо. Дараа дараагийн олон тэмцээн хүлээж байна. Монгол­чуудын билгэ­шээж ярьд­гаар гараа сайн бол бариа сайн гэдэг шүү дээ. 2012 онд манай тамирчид өнгө­тэй өөдтэй, гялалзсан амжилт үзүүлэх байх гэж бодож байна.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар:

-Монголын 66 кг дэл­хийд хүчтэй гэдгийг дахин баталлаа. Баяр хүргэе?

-Өнгөрсөн жилийн 66 кг-д Мияарагчаа маань аварга болсон. Энэ жил би алтан медаль хүртлээ. Тий­­­­­мээс Монголын 60, 66 кг хүчтэй гэдгийг дахин баталж харууллаа гэж бо­дож байна. Дээрээс нь нэг зүйлийг онцолмоор байна. Тамирчид маань нэг, хоёр жинд сайн барилд­­­даг бай­сан бол Бээжингийн олим­поос хойш бүх жинд жигд өрсөлд­­дөг болсон. Эндээс манай жүдочдын амжилт өдрөөс өдөрт улам ахиж байгаа нь харагдаж байна. Учир нь шилдэг 16 тамирч­ны тэмцээнд 11 бөх шалгарч оролцоод бүгд эн тэнцүү барилдаж ялж, ялагдлаа. Хоёр тамирчин шагналт байранд шалгар­сан.

-Эхний тойрогт ба­рилд­­сан Японы бөхтэй  барилдаж байв уу?

-Тэр бөх сүүлийн гур­ван том тэм­цээнд түрүүл­сэн. Японоос 2012 оны олимпод бэлдэж байгаа залуу тамир­­чин. Энэ та­мир­­­­чин­тай өнгөрсөн оны Токио­гийн “Гранд слам”-д хэс­гийн аваргын төлөө барил­даж ялагдсан. Даа­гаа нэ­хэж, вазари, юко  үнэл­гээгээр яллаа.

-Хоёрдугаар той­рогт…?

-Хүрэл медалийн тө­лөө ОХУ-ын бөхтэй учраа таарсан. Өмнө нь барил­даж байсан болохоор гайгүй.

-Шилдэг 16 бө­хийн хэдтэй нь барилдсан байна вэ?

-Эхний 16-д шалгарч барилдаж байгаа бөхчүүд­тэй хамгийн доод тал нь хоёр удаа таарч барилдсан байна лээ. Тийм болохоор гайгүй байсан.

-Зооны аваргын төлөө барилдсан Испанийн тамир­­чинтай хоёр жил дараалан дэлхийн аваргад барилдсан байх аа?

-Энэ тамирчинтай  нод­­нин дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө, өнгөрсөн жил алтан медалийн төлөө барилдаж ялсан.

-Алтан медалийн төлөөх барилдаанд эхлээд юүко үнэлгээ алдчихаад нэлээд дайрч барилдаж байгаа харагдсан?

-Словены тамир­чин­тай барилдсан. Минут 30 секунд өнгөрч байхад юко үнэлгээ алдсан. Тэ­гээд нэлээд дайрч барил­даад хоёр удаа торгуулж тэнц­сэн. Цаг дуусахаас нэг минутын өмнө цэвэр ялж алтан медаль хүртсэн.

-Энэ удаагийн тэм­цээн Лондонгийн олимпод эрх авахад тодорхой хэмжээ­гээр нөлөөлнө. Цаашид ямар, ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Шилдэг 16 тамирчин оролцож байгаа гэдгээрээ, дэлхийн аваргын дараа орох том тэмцээн юм. Дэл­хийн аваргад түрүүлсэн тамирчин 500 оноо авдаг бол энэ тэмцээнд түрүүл­сэн бөхөд 400 оноо өгч байгаа. Үүгээрээ онцлог. Тиймээс олимпийн эрх авахад дөхөм болох өндөр оноотой тэмцээн. Оноо цуглуулах томоохон тэм­цээн ирэх сарын 5-наас Парис, Герман, Польш улсад болно. Дашрамд хэ­лэ­­хэд энэ ганцхан миний ам­жилт биш. Багш, дас­гал­жуулагч, Монголын жүдо бөхийн холбоо, жүдод хайр­­тай, дэмждэг бүх хүний сэтгэлийн дэм, урам зориг, зүрх сэтгэл шингэ­сэн ам­жилт. Тий­мээс Мон­го­­лын жүдочдын амжилт цаа­шид улам ахих байх гэж бодож байна. Энэ дашрамд ШШГЕГ-ын удирдлага, хамт олон болон "Сүлд" спорт хорооныхондоо баярлаж явдгаа хэлье.

ОУХМ М.Бундмаа: ЯПОНЫ БӨХИЙН ЭТЭХ МЭХЭНД ОРЧИХЛОО

-Дэлхийн аваргын амжил­­таа давтлаа. Меда­лийн өнгөө хувиргах бо­ломж байв уу?

-Баярлалаа. Эхний той­­­рогт дэлхийн аваргад хүрэл медалийн төлөө ба­рилд­­­сан Германы тамир­­­чинтай барилдаж ялсан. Дараагийн той­рогтоо дэл­хийн аваргын хүрэл медаль­­тай бөхийг ялсан. Зооны аваргын төлөө дэл­хийн аваргад түрүүлсэн Японы бөхөд ялагдаж хүрэл медаль хүрт­­­сэн. Өө­рийнхөө барил­­дааны хэв маягт баригдаад этэх мэ­хэнд ороод даруул­чихсан.

ОУХМ Б.Тэмүүлэн: ОРОСЫН БӨХИЙГ ДАРАА НЬ ЗААВАЛ ЯЛНА

-Японы нэг номерын тамирчинг ялж шуугиан тарьлаа. Харин хагас шиг­шээд өмнө нь ялж байсан бөхөө барсангүй. Ямар тактикаар барилдав?

-ОХУ-ын бөхтэй өмнө нь барилдаж байсан. Тий­мээс барилдааныг нь сайн мэднэ. Энэ удаа­гийн тэм­цээнд бэлтгэл сайн бай­сан. Ялна гэдэгтээ итгэл­тэй байсан. Цаг дуу­сахын өмнө оноо алдаад ялагд­чих­сан. Дараа таа­рах­­даа заавал ялна гэж бодож байгаа. Арав хоно­гийн дараа Парис руу “Их дуулга”-д оролцоно. Ирэх сард биднийг дараалсан  дөрвөн тэмцээн хүлээж байна. Маргаашнаас бэлт­гэлдээ орно.

Ж.Жаргал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж