Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Д.Гантулгад гишүүн байх ёс зүй алга
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
-Та Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн нэг. Ямар учраас энэ асуудлыг дэмжиж байгаа вэ. Магадгүй ямар нэг албан тушаал горилж байж болох уу?
-Засгийн газрыг огцрох ёстой гэж УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурсан. 30-уулаа сайд болно гэж байхгүй. 65 суудалтай намаас томилогдсон Засгийн газарт уулыг эргүүлж, усыг ширгээх хүч бий. Том алхам хийнэ гэсэн хүлээлт байсан. Гэвч энэ хүлээлтийг биелүүлж чадсангүй. Олон улсад Засгийн газрын рейтинг 50-иас доош хувьтай болоод ирвэл өөрийн хүсэлтээр огцордог. Манай Засгийн газарт ард түмэн дүнгээ өгсөн. Одоо ард түмнээсээ уучлалт гуйгаад огцрох ёстой гэж үзсэний үндсэн дээр гарын үсэг зурсан.
-Засгийн газрыг огцруулах ажлыг Шадар сайд У.Хүрэлсүх удирдаж байна гэсэн хардлага бий. Шадар сайд та хоёр нэг нутаг болохоор энэ асуудалд оролцож байна гэх юм. Та ямар хариулт өгөх вэ?
-УИХ-ын гишүүн нэг бүр өөр, өөр тойргоос сонгогдсон, хувийн үзэл бодолтой хүмүүс. Өнөөдөр 65 суудалтай бүлгийн 30 гишүүн гарын үсэг зурсан ч цаана нь дэмжих нь зүйтэй гэж бодож байгаа олон гишүүн бий. Тэгэхээр хувь хүнийхээ байр сууринаас би асуудалд хандаж байгаа. Засгийн газар алдаагаа бусдаас хайх биш, өөрсдийгөө дүгнэх хэрэгтэй. Бид нэг өрөөнд цуглаж, хуйвалдаад гарын үсгээ зурчихсан юм биш. Авлигыг хамгаалаад байхаар нь аргаа бараад зурсан. Бид тойрог дээрээ очиж чадахгүй нөхцөл байдалд очоод байна.
-Ардчилсан нам өмнөх Засгийн газраа огцруулж байсан. Энэ нь ялагдлын нэг шалтгаан болсон байх талтай. Хэрэв 2020 оны УИХ-ын сонгуулиар ийм зүйл давтагдах юм бол гарын үсэг зурсан 30 хүн хариуцлага хүлээж чадах болов уу?
-Тэрийг цаг хугацаа харуулна. Одоо байгаагаас илүү Засгийн газар бүрдэх ёстой. Тийм боловсон хүчний нөөц МАН-д бий.
-Энэ парламентын гишүүн бүр хариуцлага гэдэг зүйлийг хамгийн их ярьдаг. Гэтэл яагаад Төрийн ордонд дотуур хувцас яриад зогсож байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулгад ёс зүйн хариуцлага тооцож болдоггүй юм бэ?
-Д.Гантулгын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүй байхгүй. Асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулаад, Хэнтий аймгийн сонгогчдоос уучлалт гуйх ёстой.
б.нямаа Дефолт зарлахдаа тулаад байна
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа
-Ирэх онд төлөгдөх бондын өр төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү. Засгийн газрын тогтвор суурьшлын асуудал яригдаж байгаа энэ цаг үед эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-“Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард төлнө. “Дим сан” бондын 160 сая ам.долларыг тавдугаар сард хийх ёстой. Бондын төлбөр төлөх эх үүсвэр одоогоор хуримтлагдаагүй, валютын нөөц бага, төсвийн алдагдал хэвээр байгаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа ч бидэнд энэ их үүсвэрийг гаргаад төлчих хэмжээний хуримтлал үүсээгүй байна. Хэрэв байгаа бүх боломжоо ашиглаад эдгээр төлбөрийг хийх юм бол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.
Тиймээс бид бондын төлбөрийг гадаад зах зээлээс эх үүсвэр татах замаар санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж байлаа. Бондын бэлтгэл ажлыг хийж байсан. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан тул бондын бэлтгэл ажлыг өчигдрөөс зогсоосон. Гол нь Засгийн газрын тогтвортой байдал, Монгол Улсын эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, ОУВС-гийн хөтөлбөр тууштай явах уу, зогсох уу гэх мэт асуудал хөрөнгө оруулагч нарт эргэлзээ төрүүлж байна. Тиймээс бэлтгэл ажлаа зогсоосон.
-ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй байна гэж та сая хэллээ. Үүнийг тодруулж тайлбарлахгүй юу?
-Тийм. ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх эсэхэд ч эргэлзээ үүссэн. Яагаад гэхээр УИХ-ын зарим гишүүд ОУВС-гийн хөтөлбөрийг буруутгаж хэвлэлээр ярьсан. Үүнтэй холбоотойгоор ОУВС-гийн хөтөлбөр Засгийн газрын бодлого мөн үү, эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтийн хүрээнд хөтөлбөрөө үргэлжлүүлэх үү үгүй юу гэдэг эргэлзээ үүссэн. Тиймээс гадаад зах зээлээс эх үүсвэр татах бэлтгэл ажлыг хэсэг хугацаанд зогсоохоор болсон.
ж.мөнхбат: Засгийг бужигнуулж, дотроо хагаралдах хэрэггүй
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат
-Ардчилсан намынхан хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг хэлэлцэхдээ ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тэдний шаардлагын дагуу ээлжит бус чуулган зарлах уу?
-Хүүхдийн мөнгөтэй холбоотой төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Өмнөх Засгийн газрын үед ч гэсэн ийм нөхцөл байдал үүсч байсан. Гэхдээ ээлжит бус чуулган зарлахгүйгээр намрын чуулганы эхэнд хэлэлцэх боломжтой. Үргэлжлүүлээд ирэх оны төсвийг хэлэлцэх хугацаа хангалттай бий.
-Багш нар 1,6 сая төгрөгийн цалин шаардаж байна. Үүнийг хүлээж авах боломж бий юу?
-Багш нар хэвлэлийн бага хурал хийгээд, шаардах бичиг хүргүүллээ гэж ярьсан байна лээ. Миний гар дээр шаардах бичиг ирвэл танилцана. Тэдний хүсч байгааг шийдэх боломж бололцоо, эдийн засгийн нөхцөл байдлаа ярилцаж байгаад шийднэ.
-Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-Засгийн газрыг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээллийг бол авсан. Тодорхой нэр бүхий гишүүний бланк дээр нэр бүхий гишүүд гарын үсэг цуглуулаад явж байгаа юм билээ. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой, үүнээс шалтгаалж байна гэж ярьж байгаа. Гэвч үнэндээ энэ бол нам доторх улс төрийн нөхцөл байдлын сэжүүр цухуйж байна гэж ойлгож байгаа. Удахгүй МАН-ын Бага хурал ирэх сарын 10-ны үеэр болж, намын Их хурал аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр хуралдах болов уу. МАН-ын дүрмээр намын Их хурлаар шинээр гарч ирсэн намын удирдлага, бүрэлдэхүүн Засгийн газар, УИХ-аа эмхлэн зохион байгуулаад явах бүрэн эрхтэй. Зарчмын хувьд ч, улс төрийн соёлын хувьд ч нээлттэй байдаг. Нэг, хоёр сарын дараа асуудал шийдэгдэх гэж байхад Засгийн газрыг яаран огцруулах гэж ийм алхам хийж байгаа бол цэвэр улс төрийн зорилготой, зохион байгуулалттай үйлдэл гэж харж байна.
Өвөлжилтийн бэлэн байдал хүндэрсэн, өвөлжилтийн бэлтгэлийг яаралтай зохион байгуулах шаардлагатай, хичээл сургуулийн шинэ жил эхлэх дөхсөн, ургац хураалт эхэлж байна гээд Засгийн газарт хийх ажил их байна. Энэ ажлуудаа хийгээд явж байна. Үүний хажуугаар Засгийн газар огцорч, төр засаг тогтворгүй болно гэдэг бол улс орны амин чухал, тулсан асуудалд халтай зүйл болох болов уу. Би хувь МАН-ын гишүүний хувьд Их хурлаа хийгээд, намын даргын асуудлаа яриад, Бага хурал, Удирдах зөвлөлийг шинээр бүрдүүлдэг. Тэрхүү шинэ бүрэлдэхүүн нь Засгийн газраа яаж ажиллуулах, ямар бүтэц зохион байгуулалт хийх вэ гэдгээ шийдээд явах бүрэн боломжтой. Үүнээс өмнө төр, засаг бужигнаад байх нь аль аль талдаа ёс зүйгүй гэж үзэж байна.
-МАН-ын Их хурлаас өмнө УИХ-аар Засгийн газрыг огцруулах асуудал шийдэгдчихвий гэсэн болгоомжлол байна?
-Засгийн газраа огцруулъя гээд өргөн барьдаг нь болдог л үйл явц. Гэхдээ МАН-ын үед Засгийн газрыг огцруулах асуудал ярьж, өргөн барьж байсан тохиолдол ховор. 2007 онд М.Энхболдын Засгийн газрыг С.Баярын Засгийн газраар сольсон шалтгаан нь С.Баяр намын дарга болсонтой холбоотой. Дараа нь С.Баярын Засгийн газрыг С.Батболдын Засгийн газраар сольсон нь С.Баяр биеийн байдлаас шалтгаалж өөрийн хүслээр үүрэгт ажлаа өгч байсан. Үүнээс өөрөөр МАН-ын үед Засгийн газрыг огцруулж байсан тохиолдол байхгүй. Өөр улс төрийн хүчний үед Засгийн газраа огцруулах, асуудлыг өргөн барих гээд тохиолдлууд байдаг байсан.
Энэ асуудлыг улс төрийн шийдвэрээр шийддэг. Өнөөдрийн байдлаар өргөн баригдаагүй байна. Өнөөдрийн хувьд Засгийн газрыг огцруулах тухай бичиг өргөн баригдаагүй байна. Хэрэв бариад ороод ирвэд хуулийн дагуу шат дараатай хэлэлцэнэ. Эхлээд бүлэг хэлэлцэнэ, эцэстээ туллаа гэхэд УИХ дээр кнопоор шийдэгдэнэ.
-Зарим гишүүд Засгийн газар хангалтгүй ажиллаж, хоорондоо ойлголцож чадахгүй байна, хоёрдугаарт сонгуулийн ялагдлын хариуцлагыг Засгийн газар үүрэх ёстой гэсэн үндэслэлүүдийг ярьж байгаа л даа?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол онцлогтой. Энэ бол УИХ-ын сонгууль биш. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Засгийн газар байгуулагддаг. Ерөнхийлөгчийн сонгууль өөр үр дүнтэй, өөр үүрэг хариуцлагатай байдаг. “Засгийн газар хангалтгүй ажиллаж байна” гэдэгт би санал нийлэхгүй. Засгийн газар хангалттай сайн ажиллаж байгаа. Ямар хүнд нөхцөлтэй эдийн засгийг бид жилийн өмнө хүлээж авсан билээ. Өнөөдөр эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй болчихсон байна. Сүүлийн 4-5 жил бүрдэж байгаагүй төсвийн орлогыг 500 гаруй тэрбум төгрөгөөр давуулан биелүүлээд бүрдүүлэлт хийчихээд явж байна. Улс орны өмнө тулгамдсан байсан томоохон өр төлбөрүүдийг барагдууллаа. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын асуудалд зохицуулалт хийж, Чалкод төлөх 170 сая ам.долларын өрийг зургаахан сарын дотор төлж барагдууллаа, ам.долларын ханшийг буулгалаа гээд яривал олон зүйл бий. Засгийн газрыг огцруулах хэдэн үндэслэл гэдэгт татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бууруулсан зэрэг асуудлыг тавьсан байна гэж сонссон. Энэ бол Засгийн газраас гаргасан шийд биш. Намын бүлэг дээр дөрвөн удаа яриад олонхоороо шийдсэн. Татвар нэмэх, хүүхдийн мөнгө бууруулах зэрэг эцсийн шийдвэрийг Засгийн газар биш УИХ гаргадаг. Гарын үсэг цуглуулж яваа хүмүүс өөрсдөө зөвшөөрч, дэмжиж кноп дарж шийдэж байсан. Хамтын шийдвэр дээр хамтын хариуцлага хүлээдэг нь ардчиллын зарчим. Тэгэхээр Засгийн газар муу ажилласан гэдэг бол шалтгаан биш шалтаг гэж хандаж байна гэж би ойлгосон. Төр засгийг заавал бужигнуулаад, дотроо хагаралдаад байх хэрэггүй гэж бодож байна. Хоёрхон сарын дараа болох намын Их хурлаар шинэ гарч ирэх намын удирдлагууд нь ямар зарчмаар ажиллаж, Засгийн газраа ямар бүтцээр ажиллуулах вэ гэдгээ шийдэх эрхтэй.