Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдий дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парис хотын “Accor Hotels Arena”-д болж өндөрлөлөө.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд Монголын бөхчүүд бүтэн багаараа оролцсоноос нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар өндөрлүүллээ.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа мандуулсан. Тэрбээр ДАШТ-ээс Монголын долоо дахь алтан медалийг эх орондоо авчирсан юм. Эрэгтэйчүүдийн 57 кг-д Гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медаль хүртэж, хоёр жилийн өмнө АНУ-ын Лас-Вегаст хүртсэн медалиа ихэрлүүлэв.
Парисын дэвжээнд ОУХМ Н.Золбоо 125 кг-д, Б.Шоовдор 60 кг-д тав, ОУХМ Э.Даваачимэг 55 кг-д, Гавьяат тамирчин О.Насанбурмаа 69 кг-д, ОУХМ Г.Уртнасан 75 кг-д найм, Гавьяат тамирчин Г.Мандахнаран аравдугаар байрт орлоо. Ингээд багийн дүнгээр эмэгтэй баг 25 оноогоор дөрөв, эрэгтэй баг 14 оноогоор 11 дүгээр байрт бичигдлээ.
Эрэгтэйчүүдийн багийн дүнг АНУ 54, эмэгтэйчүүдийн багийн дүнг Япон улс 60 оноогоор тэргүүллээ. Манай хойд хөрш ОХУ-ын баг тамирчид Парист сонгомол бөх, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн төрөлд ганц ч алтан медальгүй буцаж, түүхэндээ байгаагүй тааруухан оролцов. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд олимп, дэлхийн аварга АНУ-ын Кайл Снайдер, ОХУ-ын Абдулрашид Садулаев нарын “Мөрөөдлийн финал”-д янк эр “Орос танк”-ыг 6:5-аар ялж бөх сонирхогчдын хариултыг тайлсан юм.
монголын бөхчүүд хэрхэн барилдав
Эрэгтэй
57 кг (29 бөх)
1. Юки Такахаши (Япон)
2. Томас Гилман (АНУ)
3. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол), Андрей Яценко (Украин)
“Лас Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Францын эхлээд Киргизстаны Улукбек Жолдошбековыг оноогоор (12:0) цэвэр, 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдав. Японы бөх шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан бөгөөд 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр (10:0), хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Владимир Дубовыг 9:2-оор ялсанаар хоёр жилийн өмнөх медалиа ихэрлүүлсэн.
61 кг (31 бөх)
1. Гажи Алиев (Азербайжан)
2. Гажимурад Рашидов (ОХУ)
3. Йовлес Бонне (Куба), Владимир Хинчегашвили (Гүрж)
15. Түмэнбилэгийн Түвшинтулга (Монгол)
ДАШТ-д хоёр дахь удаагаа зодоглосон “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга эхний даваанд Беларусийн Хусейн Шахбановыг 5:1-ээр ялсан ч 1/8 шигшээд олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Гүржийн нэрт бөх Владимир Хинчегашвилид 1:7-гоор ялагдав.
65 кг (31 бөх)
1. Зураби Якобишвили (Гүрж)
2. Магомедмурад Гажиев (Польш)
3. Алехандро Вальдес (Куба), Алан Гогаев (ОХУ)
25. Нармандахын Лхамгармаа (Монгол)
ДАШТ-д анх удаа оролцсон, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Н.Лхамгармаа ДАШТ-ий Азербайжаны Агагусейн Мустафаев барилдаж оноогоор цэвэр (2:13) ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.
70 кг (25 бөх):
1. Франк Чамизо (Итали)
2. Жеймс Грин (АНУ)
3. Юки Фүжинами (Япон), Акжурек Танатаров (Казахстан)
10.Ганзоригийн Мандахнаран (Монгол)
ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, гавьяат тамирчин Г.Мандахнаран эхний даваанд Канадын Стэнли Асселстинийг 9:0-ээр ялсан ч 1/8 шигшээд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, энэ жилийн Азийн аварга Казахстаны Актурик Танатаровт 3:8-аар ялагдсан. Сүүлийн нэг олимп, гурван дэлхийн аваргад медалийн төлөө барилдсан Мандахаа гавьяат Парист санасныг бодвол эрт дуусгалаа.
74 кг (30 бөх)
1. Жордан Барроуз (АНУ)
2. Хетиг Цаболов (ОХУ)
3. Али Шабанов (Беларусь), Сонер Демирташ (Турк)
13. Доржваанчигийн Гомбодорж (Монгол)
“Гуанжоу-2010” Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Гомбодорж эхний тойрогт Польшийн Андрей Сокалскитэй 11:9-өөр ялсан ч 1/8 шигшээд 2013 оны Будапештийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Испанийн орос “легионер” Таймураз Фриевтэй дөнгөж сая барилдаж 2:4-өөр ялагдав.
86 кг (34 бөх)
1. Хасан Яздани (Иран)
2. Борис Макоев (Словак)
3. Жейден Кокс (АНУ), Владислав Валиев (ОХУ)
21. Оргодолын Үйтүмэн (Монгол)
Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ О.Үйтүмэн тэгшитгэлд Украины Любомир Сагалюкт 3:6-гаар ялагдсанаар үзэгчдийн суудалд шилжсэн юм.
97 кг (26 бөх)
1. Кайл Снайдер (АНУ)
2. Абдулрашид Садулаев (ОХУ)
3. Георгий Кетоев (Армен), Асланбек Албаров (Азербайжан)
23. Өлзийсайханы Батзул (Монгол)
Анх удаа дэлхийн шилдгүүдтэй хүч үзсэн, Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул нэгдүгээр тойрогт “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадамд оролцсон Молдавын туршлагатай бөх Николай Чибантай барилдах үеэр шагайгаа бэртэл авч тэмцээнээ харамсалтайгаар өндөрлүүлсэн.
125 кг (25 бөх)
1. Гено Петриашвили (Гүрж)
2. Таха Акгуль (Турк)
3. Ник Гвяздовски (АНУ), Леван Берианизе (Армен)
5. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол)
Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Н. Золбоо эхний тойрогт “Рио-2016” олимпийн наадам, дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга Туркийн Таха Акгульд 0:8-аар ялагдсан. Дагах барилдаанд энэ жилийн Азийн АШТ-д ялж хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байсан БНСУ-ын Нам Кун Жинийг 17:11-ээр ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Ник Гвязовскид 1:5-аар ялагдав.
Эмэгтэй
48 кг (27 бөх)
1. Юи Сүсаки (Япон)
2. Эмилия Вук (Румын)
3. Ким Ян Сон (БНАСАУ), Эвин Демирхан (Турк)
18. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Монгол)
2014 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Нарангэрэл эхний даваанд 2015 оны Лас-Вегасын ДАШТ-ий хүрэл медальт Нидерландын Жессика Франциска Блашкад 4:12-оор ялагдснаар тэмцээнээ өндөрлөсөн.
53 кг (25 бөх)
1. Ванесса Калазинская (Беларусь)
2. Маю Мүкаида (Япон)
3. Мария Преволораки (Грек), Роксана Засина (Польш)
13. Даваасүхийн Отгонцэцэг (Монгол)
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт ЕАШТ-ий хошой хүрэл медальт Германы Нина Хеммерийг 8:6-гаар ялсан ч 1/8 шигшээд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, энэ жилийн Оросын аварга буриадын Сталвира Оршушт оноогоор цэвэр ялагдав.
55 кг (24 бөх)
1. Харүна Окүно (Япон)
2. Одуня Адекурой (Нигери)
3. Бека Литерс (АНУ), Ирина Курашкина (Беларусь)
8. Эрхэмбаярын Даваачимэг (Монгол)
Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваачимэг эхлээд 2015 оны Лас-Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины Татьяна Китийг 7:6-гаар, дараа нь Туркийн Бедиха Гунтай 8:3-гаар ялсан ч шөвгийн наймд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Африкийн наадмын аварга, Африк тивийн хошой аварга Нигерийн Одунао Адекуроройд 4:8-аар, дагах барилдаанд эзэн орны Матилде Риверед 0:4-өөр ялагдсан.
58 кг (27 бөх)
1. Хелен Марулис (АНУ)
2. Марва Амри (Тунис)
3. Мишель Фаззари (Канад), Айсулуу Тыныбекова (Киргизстан)
12. Алтанцэцэгийн Батцэцэг (Монгол)
Залуучуудын дэлхийн болон Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоваг цэвэр ялсан ч 1/8 шигшээ барилдаанд Хамтын нөхөрлөлийн орнууд болон Бүх Африкын наадмын аварга, Африк тивийн хошой аварга Нигерийн Нигерийн Аминат Олувафунмилаод 1:2-оор ялагдснаар тэмцээнээ дуусгасан юм.
60 кг (23 бөх)
1. Рисако Каваи (Япон)
2. Элисон Реган (АНУ)
3. Йоханна Матссон (Швед), Анастасия Григорьева (Латви)
5. Баатаржавын Шоовдор (Монгол)
2014 оны Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор жиндээ хэсгийг тэргүүлэн барилдсан бөгөөд эхлээд гоц мөргөсөн. Харин 1/8 шигшээд “Рио-2016” олимпийн наадмын аварга Японы Рисако Кавайд 2:6-гаар ялагдсан ч өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагах барилдаан хийсэн юм. Дагах барилдаанд эхлээд энэ жилийн Европын аварга ОХУ-ын Любовь Овчароватай барилдах байсан ч орос бүсгүй эхний тойрогт Японы бөхтэй барилдах үеэр бэртэл авснаар дэвжээн дээр гарч ирээгүй. Улмаар өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн аварга Канадын Линда Мораисыг цэвэр дарж, хүрэл медалийн төлөөх барилдаанд “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Шведийн Йоханна Матссонд 3:8-аар ялагдлаа.
63 кг (23 бөх)
1. Пүрэвдоржийн Орхон (Монгол)
2. Юлия Ткач (Украин)
3. Жаклин Рентериа Кастильог (Колумб), Валерия Лазинская (ОХУ)
Азийн АШТ-ий мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ П.Орхон эхлээд 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр яллаа. Тэрбээр “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээд Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, Пан Америкийн наадмын алт, хүрэл медальт, Пан Америкийн дөрвөн удаагийн аварга Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр (13:0), алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулсан юм.
69 кг (17 бөх)
1. Сара Дошо (Япон)
2. Алине Фокен (Герман)
3. Кумба Ларок (Франц), Юэ Хан (БНХАУ)
8.Очирбатын Насанбурмаа (Монгол)
ДАШТ-д ес дэх удаагаа оролцсон, ДАШТ-ий гурван хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа тэгшитгэлд энэ жилийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Киргизстаны Меерим Жуманазароваг 4:1-ээр, 1/8 шигшээд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Энэтхэгийн Навжот Каурыг 10:5-аар ялсан. Харин шөвгийн наймд ДАШТ-ий алт, хүрэл медальт Германы Алине Фокенд оноогоор цэвэр, дагах барилдаанд “Рио-2016” олимпийн хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковаг 5:7-гоор тус тус ялагдсан.
75 кг (23 бөх)
1. Ясемин Адар (Турк)
2. Василиса Марзалюк (Беларусь)
3. Хироэ Сүзүки (Япон), Жюстина Ди Стасио (Канад)
8. Ган-Очирын Уртнасан (Монгол)
Энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Уртнасан эхний даваанд өсвөр үеийн ЕАШТ-ий хүрэл медальтай эзэн орны залуу тамирчин Денисе Паулине Лесарпентерийг 7:0-ээр ялж шөвгийн наймд шалгарсан. Улмаар 1/4 шигшээд 2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт Эстонийн Эпп Маэд 2:4-өөр ялагдав.
Б.ЭНХ