Германы Хамбург хотноо баасан гаригт эхэлсэн боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 69 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Түвшинбат эхний ялалтаа авлаа.
Польшийн боксчин Дамиан Кивиортой учраа таарсан Б.Түвшинбат өрсөлдөгчөө гурван үед 5:0 оноогоор буулган авлаа. Тэрбээр хоёрдугаар тойрогт 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Европын наадмын аварга, Азербайжаны тамирчин Парвиз Багировтой тулалдана.
Энэ жилийн ДАШТ-д Монголын боксчид дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаа.
Монголын тамирчдаас Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Чинзориг /64 кг/ нар өнөөдөр орой эхний тулаанаа хийнэ. Харин Гавьяат тамирчин Д.Отгондалай 28-29-нд шилжих шөнө тоглох хуваарьтай байна.
С.ЦЭЛМЭГ