АНУ-ын өмнөд хэсгийн Техас мужийг 215 км/цагийн хурдтай Харви хар салхи дайран өнгөрч байна. Хар салхины улмаас хөрсний нуралт үүсч, их хэмжээний усархаг бороо орж байгаа аж. Техаст сүүлийн 12 жил үзэгдээгүй гамшгийн нөхцөл үүсэж, их хэмжээний хохирол дагуулж болзошгүй гэж мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Техас мужийг гамшгийн үеийн яаралтай тусламж хүлээн авах боломжоор хангах зарлиг гаргажээ.
Мужийн захирагч Грег Абботт мужийн хэмжээнд хэд хэдэн нутаг дэвсгэрт үерийн гамшиг нүүрлэж болзошгүйг анхааруулсан байна.
Цаг уурчдын дөрөвдүгээр зэрэглэлийн хар салхи гэж тогтоосон Харви хар салхины улмаас Техас мужийн Корпус Кристи хотод ургаа мод үндсээрээ булгаран унаж, олон мянган оршин суугчид орон байраа орхин зугтсан байна. Дөрөвдүгээр зэрэглэлийн гэдэгт 209-251 км/цагийн хурдтай хар салхийг хамруулдаг бөгөөд ийм хэмжээний хүчтэй хар салхи нь ургаа модыг үндсээр нь булгалж, сайн чанарын барилгыг нураах хэмжээний хүчтэй байдаг аж.
Корпус Кристигийн ойролцоох Рокпорт, Патрик Риос хотын захирагч хотыг орхилгүй үлдсэн 10 мянга орчим оршин суугчийг яаралтай нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдахыг сануулжээ.
Орон нутгийн цагаар баасан гаригийн шөнө дундын үед хар салхи эргийг чиглэн ирсэн байна. Хар салхинаас үүдэлтэй шуурга, хүчтэй бороо ирэх долоо хоногийн дунд хүртэл үргэлжлэх орох төлөвтэй байгаа аж. Тиймээс Техас мужийн Хьюстон хот болон ойр орчимд үерийн гамшиг нүүрлэх эрсдэлтэй гэнэ.
Харви хар салхины чиглэл тодорхойгүй, гэхдээ ойрын хэдэн цагийн туршид Техасын эргийн дунд хэсгээр эх газрыг дайран өнгөрөх төлөвтэй байгааг цаг уурчид анхааруулж байна.
Ерөнхийлөгч Трамп ирэх долоо хоногийн дундуур Техаст очиж, нөхцөл байдалтай танилцана гэж Цагаан ордноос мэдэгджээ.
С.ЦЭЛМЭГ