Дорнод аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Дорнод аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Дорнод аймгийн хувьд Матад, Халхгол, Булган, Хөлөнбуйр, Хэрлэн суманд өвөлжилтийн байдал нэлээд хүндрээд байна. Мөн Цагаан-Овоо, Чойбалсан, Гурванзагал сум ч хүндрэх төлөвтэй байгаа аж. Хамгийн хүнд байгаа нь Халхгол, Матад сумд. Дээрх сумдад цасны зузаан 20-25 см, хунгарласан газартаа 30-35 см байна. Саяхан Засаг даргын дэргэдэх харьяа агентлагууд хариуцсан сумдаараа явж өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаад иржээ. Тэд одоохондоо байдал гамшгийн байдалд ороогүй байна гэсэн дүгнэлт өгч байна. Энэ жилийн хувьд Дорнод аймгийн хэмжээнд нэг сая нэг зуун мянга гаруй мал өвөлжиж байна. Мөн Сүхбаатар аймгийн отрын малчид Хөлөнбуйр, Матад сумаар өвөлжиж байгаа. 1990 оноос хойш аймаг өөрийн төсвөөрөө өвс хадлан бэлдээгүй. Харин энэ жил орон нутгийн төсвөөс 35 саяыг гаргаж бүх суманд 3 сая төгрөгөөр өвсний фонд бүрдүүлсэн. Аймгийн нөөцөд 1000 шахам тонн өвс байгаа аж. Энэ жилийн хувьд аймгийн хэмжээний бүх сум 50-100 тонн өвсний нөөцтэй байгаа.

Одоохондоо тэр нөөцөндөө ороогүй байна. Баянтүмэн сум багууд руугаа өвсөө татаж эхэлжээ. Бусад сумд сумын төв дээрээ болон шаардлагатай газруудад хуваарилахад бэлэн байлгаж байна. Малчид энэ жил хүндхэн өвөл болж магадгүй гэсэн дохио санамж авсан учраас өөрсдийн чадлаар өвс хадлан хувиараа бэлдсэн гэнэ. Өөр нэг бэрхшээлтэй асуудал нь шүлхийн харгайгаар 3 дугаар сарын 1 хүртэл хот руу мал мах, арьс шир борлуулахыг хорьсон учраас малчид амжиргааны эх үүсвэрээ олоход нэлээдгүй бэрхшээл тулгараад байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж