Өчигдөржингөө л сугалаанд ялж, ялагдсан аав ээжүүдийн баяртай, гомдолтой пост цахим сүлжээнд хөврөв. Хүүхэд нь сугалаанд ялсан нь хөл газар хүрэхгүй баярлаж, ялагдсан нь хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн томоос том асуултын тэмдэгтэй хоцров. Ялангуяа Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуулийн хүртээмж муу, энэ асуудал намрын намарт эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог. Ялангуяа хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах нь их сургуульд элсэхээс ч хэцүү. Ёстой л ардын хүүхдүүд сугалаагаар аж амьдралаа шийдүүлж, албан тушаалтны хүүхдүүд албан газрын цэцэрлэгт тансагладаг, хуваарилалт нь шог Монголын нийгэмээ гэж.
Энэ жил цэцэрлэгт анх удаа явах хоёр настнуудын дунд онлайн сугалаа явуулж, түүврийн аргаар хүүхдүүдээ сонгосон. Урьд өмнө нь өнжин хонон дугаарлаж, цэцэрлэгт хүүхдээ өгдөг байсныг бодвол энэ жил онлайнаар бүртгүүлж азтай нь сугалаанд хожих арай дэвшилтэт арга ашигласан ч, азгүй хүүхдүүд цоожтой хаалганы цаана үлдэх сонголттой тулгарсаар Монгол хичнээн жилийг үдэх вэ.
2017-2018 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25-ны өдрийн 24.00 цаг хүртэл явагдаж дууссан. Харин албаны мэдээнд “Баасан гаригт 10 цагт цахим элсэлтийн ажиллагаа нийслэл даяар нэгэн зэрэг явагдлаа. Нийслэлийн хэмжээнд 39 мянга 400 орчим 2 настай хүүхэд байгаагаас 22 мянга 600 орчим хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Үүнээс 11 мянга 700 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулж байгаа юм” гэжээ.
Ингээд цэцэрлэгт орохоор сугалаанд бүртгүүлсэн хүүхдүүдийн тал хувь нь цэцэрлэггүй үлдэж байна. Гомдмоор ч юм шиг, дээдчүүл нь суудлаа олохгүй хэрэлдэж, доодчуул нь сугалаанд дээрээ ‘алалцаж’ миний Монголыг дүр зураг нэг иймэрхүү.
Хэдийгээр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг УИХ-аас баталсан ч үр дүн муутай байгаа. Яагаад гэвэл хүүхэд харах үйлчилгээ эцэг эхчүүдийн шаардлагад нийцэхгүй болоод тэр.
Монгол Улсын хэмжээнд нийтдээ мянга гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 430 цэцэрлэг, түүний 250 орчим нь улсынх. Үлдсэн нь хувийн бөгөөд төлбөрийн хувьд 150-450 мянган төгрөгийн хооронд. Гэтэл сарын 450 мянга, жилийн таван сая 400 мянган төгрөгийг төлөөд хувийн цэцэрлэгт хүүхдээ өгөх аав ээж хэд байгаа вэ. Ингээд залуусын нэг нь гэртээ суугаад хүүхдээ харахад хүрдэг.
Үнэндээ төсвийн үр дүнгүй зарлага олон хүүхдийг цэцэрлэггүй үлдэх шалтгаан болж байна. Тухайлбал, хөдөөгийн сумдад нэг ангид 10 хүрэхгүй хүүхэд гээд нийтдээ 50 хүүхэд цэцэрлэгт явдаг. Гэтэл Улаанбаатарт цэцэрлэгийн нэг анги 40-50 хүүхэдтэй. Дээр нь цэцэрлэгт явах насны хүүхдийн 50 хувь нь сугалаанд аз таараагүйгээс болоод гэртээ үлднэ.
Тэгэхээр хөдөөгийн 50 хүүхдэд зориулж хоёр давхар цэцэрлэг барьж төсвийн мөнгийг хийдүүлж байснаас Улаанбаатар хотын цэцэрлэгүүдээ томсгох, өргөтгөл барихад зарцуулбал илүү үр дүнтэй баймаар. Мэдээж, хөдөөгийн хүүхдүүд ч гэсэн сайхан цэцэрлэгт хамрагдах ёстой. Гэхдээ бид ядуу орон. Нэг цэцэрлэгээ хаяад, шинэ цэцэрлэг бариад байх хэмжээний төсөв ямар билээ.
Жижигхэн нэг сум гэхэд л шинэ, хуучин хоёр цэцэрлэгтэй. Хуучин цэцэрлэгт нь сумын даргын хамаатан саднууд амьдардаг байх жишээний. Уг нь хөдөө байгаа хуучин цэцэрлэгүүдээ сайхан янзлаад, хотод байгаа цэцэрлэгүүдээ өргөтгөж томсговол хүртээмж сайжирна.
Жилийн жилийн улсын төсвийг харахад хөдөөд цөөнгүй соёлын төв барих асуудлыг тусгаж, баахан мөнгө төсөвлөдөг.Уг нь соёлын төвгүй сум гэж бараг байхгүй. Тэгээд ч өдөр болгон шахуу тоглолт арга хэмжээ зохиогдохгүйгээс хойш “сүнстэй байшин”-гуудын тоог нэмж, төсвөө үрж суухаар хэдэн хүүхэддээ цэцэрлэг бариад өгвөл олон хүүхэд баярлах байх даа.
Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөхөн хоног үлдэж байна. Сонгуульд ялагдсан хүүхдүүд минь яана даа. Сонгууль болгоноор л Монголын улстөрчид ээж, аавынх нь чихэн дээр цэцэг ургуулсаар. Цэцэгхэн үрс минь харин цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөх нь.
Б.ХОНГОР