2015 оны Лас Вегасын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Парисын дэвжээнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр ийнхүүчөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо. Э.Бэхбаяр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 16 дахь, эрэгтэйчүүдээс 10 дахь тамирчин болж байна. Түүний хувьд өөрийн анхны багш, Монгол Улсын гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ багшийнхаа адилаар ДАШТ-ий хос медальтан болж байгаа нь бахархууштай.
Э.Бэхбаяр Францын нийслэлд эхний тойрогт энэ жилийн Азийн АШТ-д манай ОУХМ З.Занабазарт ялагдсан Киргизстаны Улукбек Жолдошбековыг оноогоор (12:0) цэвэр, 1/8 шигшээд залуучуудын ДАШТ болон 23 хүртэлх насны Европын аварга Туркийн Сулейман Атлиг 7:0-ээр тус тус ялсан ч шөвгийн наймд энэ жилийн Азийн аварга Японы Юки Такахашид 4:4-өөр буюу онооны чанараар ялагдсан.
Улмаар Японы бөх шигшээд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан гарсан бөгөөд 2016 оны Азийн аварга Энэтхэгийн Сандееп Томарыг оноогоор цэвэр (10:0), хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Владимир Дубовыг 9:2-оор ялж, дэлхийн хэмжээний бөх гэдгээ харууллаа.
Б.ЭНХ