”Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

”Тэгш дүүрэн” хөтөлбөрийн хурал боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийн хурал 2011 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар зочид буудалд боллоо. Зохицуулах зөвлөлийн хурлаар Нийгэм хамт олонд түшиглэсэн сэргээн засалтын хандлага, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Европын холбоо, АИФО байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн сүүлийн гурван жилийн төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагааны үнэлгээ, хөтөлбөрийн хүрээнд цаашид хийх ажлын талаарх асуудлыг тус тус хэлэлцлээ.

Зохицуулах зөвлөлийн хурлыг ЭМЯ-ны Эмнэлэгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Сэргээн засал, хөгжлийн бэрхшээл хариуцсан мэргэжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хөтөлбөр “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн үндэсний зохицуулагч Б.Нарантуяа удирдан явууллаа. Хуралд Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Сэргээн засалтын үндэсний төвийн захирал Д.Мөнхбат, тус төвийн хөтөлбөр хариуцсан менежер Т.Батдулам, БСШУЯ-ны Бага дунд боловсрол, Хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн н.Мягмар, Дүлий иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Пүрэвдоо, Хөтөлбөрийн зээлийн эргэлтийн сан хариуцсан гишүүн, АИФО байгууллагын Суурин төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Л.Энхбуянт нар оролцлоо. Тэднээс гадна Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн зургаан дүүргийн “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөл урилгаар оролцов.

Зохицуулах зөвлөлийн хуралд ЭМЯ-ны харьяа Герантологийн төвийн дарга Р.Оюунханд “Европын холбоо, АИФО байгууллагын санхүүжилтээр хэрэгжсэн сүүлийн гурван жилийн төслийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагааны үнэлгээ”-ний тухай тавьсан илтгэлдээ “ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хөтөлбөрийн талаар олон нийтийн ойлголт сул байна. Харин “Тэгш дүүрэн” хөтөлбөр гэхээр хаа сайгүй мэдэх болжээ. Иймд цаашид энэ хөтөлбөрийг зорилгод нийцсэн олон нийтэд ойлгомжтой байх нэрээр нэрлэх нь зүйтэй гэлээ.

АИФО байгууллагын суурин төлөөлөгч Д.Тулгамаа хэлэхдээ “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд анх удаагаа дотоодын үнэлгээ хийгэж, зөвлөмж гаргасан нь сайшаалтай. Зөвлөмжид дурдагдсан зарим нэгэн асуудалд тодорхой тайлбар дүгнэлттэй хандаж, цаашид үйл ажиллагаандаа тусган авах нь зүйтэй гээд одоо энэ хөтөлбөрийг Үндэсний хэмжээний хөтөлбөр болгон өргөжүүлэхийн тулд юуны өмнө өөрийн гэсэн стратеги төлөвлөгөөтэй, түүндээ зохицсон бүтэц зохион байгуулалттай болох ёстой гэв.

Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хөтөлбөрийн тухай Эрүүл мэндийн сайдаас гаргахаар төлөвлөж байгаа тушаалын төсөлд санал авав. Уг тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хөтөлбөрийн бодлогыг зохицуулах Үндэсний зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай, уг хөтөлбөрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын албаны бүрэлдэхүүнийг батлах юм.

Хуралдааны төгсгөлд нийт оролцогчдын дунд  цаашид хийх ажлын талаар санал авч, хэлэлцүүлэг өрнүүлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж