Диана гүнж нас барснаас хойш 20 жил өнгөрчээ. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн наймдугаар сарын 31-нд NBC телевизээр “Diana, 7 days” баримтат киног гаргахаар төлөвлөж байна. “Энэ удаад Диана гүнжийн ойр дотны хүмүүс түүний амьдрал, үхлийн талаарх бүх нууцыг дэлгэнэ” гэж киноны уран бүтээлчид ярьжээ.
Харин цахим сүлжээнд хунтайж Уильям болон Харри нар ээжийнхээ өөд болсныг мэдэх үед төрж байсан мэдрэмжээ хуваалцсан байна.
“Хүмүүсийн хувьд хүүхдэд ээж нь нас барсныг дуулгах хамгийн хэцүү ажил гэж боддог. Үүнийг хүмүүс хэрхэн хэлдэг талаар огтхон ч төсөөлөл алга. Тухайн үед аав хажууд байж, бүх чадлаараа биднийг тайвшруулахыг хичээж байсан. Мэдээж, түүнд хэцүү байсан байх” гэж хунтайж Харри ярьжээ.
Диана гүнжийг нас барахад хунтайж Харри 12 настай, Уильям 15 настай байсан.
“Ээжийг амьсгал хураасан гэсэн мэдээнд би итгээгүй. Юу болсныг ойлгоогүй, ойлгох ч чадал байгаагүй” гэж Харри ярьжээ.
Хунтайж Уильям ч гэсэн тухайн үед юу болсныг ойлгоогүй гэжээ. “Миний толгой маш хүчтэй өвдөж байсан. Яагаад би гэж? Яагаад бидэнд ийм зүйл тохиолдоно вэ гэж байнга өөрөөсөө асуудаг байсан. Тэгэхэд ухаалаг утас гэж байсангүй. Тийм болохоор бид юу болж байсныг мэддэггүй” гэж тэд ярилаа.
Тухайн үед бяцхан хунтайжуудыг цочирдуулахгүйн тулд хатан хаан Элизавета II ордонд байсан бүх сониныг нуудаг байжээ.
Диана гүнжийн тухай киноны дэлхийн нээлт ирэх есдүгээр сарын 1-нд болно. Кинонд түүний амьдралын түүхийг дэлгэрэнгүй өгүүлэх ажээ.
Бэлтгэсэн: Ц.Уран
Холбоотой мэдээ