“Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирлын албыг түр орлон гүйцэтгэж буй Б.Шинэбаатарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Хөгжлийн банкийг тойрсон авлигын хэрэгт холбон гадуур шалгах мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр. Түүнийг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байх үедээ, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нартай хамтран “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг улсад үр ашиггүй зарцуулж, өөрсдөдөө хувь хүртэж, авлига авсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт буруутгасан билээ. Нэг жилийн өмнөөс мандсан Хөгжлийн банкийг тойрсон авлигын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ахицтай үргэлжилж буйг АТГ-аас тодотголоо. Гэхдээ Хөгжлийн банкны гүйцэтгэх Н.Мөнхбатыг хорих 461 дүгээр ангид саатуулж, Сайд асан Н.Батбаяр, “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүн дэд захирлын түр орлон гүйцэтгэгч Б.Шинэбаатар нарыг гадуурх шалгаж ажиллагаа хэвийн үргэлжилж буй гэнэ. Гэхдээ Хөгжлийн банктай холбогдох хэргийг хоёр тусгаарлажээ. Ингэхдээ Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг нэг зүйл ангид зааснаар сэжигтнээр тооцон шалгаж буй гэнэ.
Засгийн газраас гаргасан ‘Чингис’, ‘Самурай’ бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр ‘Гудамж төсөл’, ‘Гэр хорооллын дахин төлөвлөлт’ болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг байв. Гэвч ийн тус бондуудын зарцуулалт авлигатай холбогдож, Хөгжлийн банкаар дамжуулан сонгогдсон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн гэж АТГ-аас үзсэн юм. Гэхдээ бондын мөнгөний зарцуулалтыг АТГ-аас олон нийтэд зарлахгүй, тодорхой тайлбар хийсэнгүй.
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл худал гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог онцлов.
Д.УУДАМ