"Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо" сарын аяныг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

"Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо" сарын аяныг эхлүүллээ

"Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо" сарын аяныг эхлүүллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Эрүүл мэнд, боловсролын хяналтад иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяныг энэ сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд доор дурьдсан асуудлуудыг онцлон авч үзнэ. Үүнд:

  • Үр хөндөлтийг бууруулах, хууль бус үр хөндөлттэй тэмцэх, хор хөнөөлийг сурталчлах, иргэдийг соён гэгээрүүлэх;
  • Хичээлийн шинэ жил, хүүхдийн суралцах орчны аюулгүй байдлыг хангах;
  • Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, эмнэлэг, арьс салст үйлчилгээ бүхий гоо сайхны газруудын халдвар хамгааллын дэглэмийг хангуулах;
  • Хүн амын ундны усны эх үүсвэрүүдийн хамгаалалтын бүс дэглэмийн байдал, зөөврийн ус хангамжийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах цаашид гаргахгүй байхад анхаарах.

Дээрх ажлуудын хүрээнд иргэд, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгж байгууллагуудад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөвлөн туслах, мэдлэг мэдээлэл олгох тал руу түлхүү чиглүүлэх юм.

Үр хөндөлт ба тоон мэдээ

Хүн амын 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоогоор хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байх хандлага ойрын арван жилд үргэлжлэхээр байгаа боловч 2025 оноос нийт хүн амд нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, 60-аас дээш насныхан бусад насны бүлгийн хүн амаас илүү хурдацтай өссөөр 2040 он гэхэд 3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Хүн амын бүтцийн энэхүү өөрчлөлт нь урт хугацаанд хүн амын өсөлтийг сааруулж болзошгүй тул төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэн хүн амын өсөлтийг тогтворжуулах, насны тааламжтай бүтцийг удаан хугацаанд хадгалах, мөн хурдацтай явагдаж буй хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх шаардлага байна.

2016 оны байдлаар үр хөндөлтийн 18 316 тохиолдол бүртгэгдсэн. Үр хөндөлт өмнөх оноос 148 тохиолдлоор буюу 0.8 хувиар өссөн ба 1 000 амьд төрөлт тутамд 9.6 тохиолдлоор өссөн байна. 1 000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлт Өмнөговь /301.6/, Дорноговь /416.4/, Орхон /295.0/ зэрэг аймгууд болон Улаанбаатар хотод /339.3/ байгаа нь улсын дунджаас 60.8-182.2 тохиолдлоор өндөр байна. Мөн хувийн эмнэлэгт хийгдсэн үр хөндөлт өмнөх оноос 1 166 тохиолдлоор буюу 28.3 хувиар өссөн байна. Хожуу үеийн үр хөндөлтийн түвшин 1 000 амьд төрөлтөд 7.7 байна.

Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд 20-иос доош насных 5.0 хувь, 20-34 насных 70.7 хувь, 35-аас дээш насны эмэгтэйчүүд 24.3 хувийг тус тус эзэлж байна. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 18.0 хувь нь төрөөгүй ба анхны удаа үр хөндүүлсэн тоо өмнөх оноос 14 тохиолдлоор буюу 0.9 хувиар өссөн байна. Үр хөндөлтийн хүндрэл 41 тохиолдол бүртгэгдсэн ба нийт хүндрэлийн 29.3 хувийг умайн агшилт суларч цус алдсан, 56.1 хувийг умайн дайврын үрэвсэл, 4.9 хувийг умай цоорсон хүндрэл эзэлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монгол Улсын төрөөс баримталж буй хүн амаа өсгөх бодлогыг дэмжих, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хууль бус үр хөндөлттэй хатуу тэмцэж, хууль тогтоомж зөрчсөн иргэн, албан тушаалтан, эрүүл мэндийн байгууллагуудтай хариуцлага тооцож ажиллана.

Элэг бүтэн Монгол

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Засгийн газрын энэ оны 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг баталсан.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний вирүсийн халдварын тархалтыг хяналтад авах явдал юм.

2016 онд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вирүст гепатит В, С-ийн 470 тохиолдол бүртгэгдэж, вирүст гепатит В-ийн 24%, С-ийн 19% шүдний эмнэлэг, гоо сайхны газруудаар үйлчлүүлсэн гэсэн өгүүлэмжтэй байгаа нь анхаарал татаж байна.

Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаас сарын аяны хүрээнд эмнэлэг, гоёлын гоо сайхны газрууд болон иргэдэд зориулан цусаар дамжих халдвараас сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэх, мэс ажилбар болон дурангийн багажит клиникүүд, гоо сайхны газруудад халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулна.

Хичээлийн шинэ жил, хүүхдийн суралцах орчны аюулгүй байдал

2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэгт 252.753 хүүхэд суралцах ба энэ нь өмнөх оноос 9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Ерөнхий боловсролын 778 сургуульд 560 гаруй мянган сурагч, нийт 95 их, дээд сургуульд 150 гаруй мянган оюутан суралцана.

Шинээр 21 ЕБС, 19 цэцэрлэг 2018 ондоо багтаж ашиглалтад орно.

Сарын аяны хүрээнд МХЕГ-аас баталсан 01/93 тоот удирдамжийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын гүйцэтгэлд урьдчилан сэргийлэх хяналт хийж, бүх шатны боловсролын байгууллагын удирдлага, дотоод хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн, дотуур байрны багш, эмч тогооч нарт удирдлага зохион байгуулалт, сургалтын хөтөлбөр, орчны болон хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр улсын хэмжээнд сургалт зохион байгуулж, эцэг эх, олон нийтийн оролцоог ханган ажиллана.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж