Германы Хамбург хотноо өнөөдөр орой (2017.08.25) эхлэх боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Олон улсын боксын холбоо буюу AIBA-гаас жин жингийн шилдэг тамирчдыг онцлон нийтэллээ.
Тэдний дунд Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Отгондалай багтсан байна.
Рио-2016 олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Д.Отгондалай 2017 оны дэлхийн аваргын рингэнд 60 кг-ын жинд өрсөлдөнө. Тэрбээр AIBA-гийн чансаанд 700 оноогоор зургадугаарт эрэмбэлэгдээд байгаа юм.
ДАШТ-ий 60 кг-д тулалдах тамирчдын дотор сүүлийн гурван удаагийн ДАШТ-д түрүү хүртсэн, Кубын тамирчин Лазаро Альварез бий. Мөн олимпийн мөнгөн медальт, Францын Софьян Умия нарын шилдгүүд Хамбургт цуглаад байна. Түүнчлэн боксын спортод цахиур хагалан гарч ирж буй АНУ-ын Деланте Жонсон, Украины Юрий Шестак зэрэг амжилтаар цангасан залуу тамирчдыг ч AIBA онцлон дурджээ. Харин Азийн бүсээс Монгол Улсын тамирчин Д.Отгондалай, Энэтхэгийн Шива Тапа, Казахстаны Адилет Курметов нарын нэрийг цохон тодотгосон байна.
С.ЦЭЛМЭГ