МИАТ компаниар үйлчлүүлэхдээ онгоцны хоолонд хордсон гэж иргэн Б.Батхишиг фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ. Өөрөө хордоод зогсохгүй эхнэрийг нь зорчих үед өмхийрсөн махтай хоол өгсөн гэж мэдээлээд буй Батхишиг нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү бөгөөд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн юм. Түүний хувийн орон зайд нийтэлсэн мэдээллийн дагуу зарим эх сурвалж мэдээлэл бэлтгэн нийтэлжээ.
Энэхүү мэдээллийн мөрөөр эх сурвалжуудтай холбогдов. МИАТ компанийн хувьд “Иргэн Б.Батхишиг нь манайд албан ёсоор хандаж гомдол санал хэлээгүй. Олон нийтийн сүлжээнд бичсэний дагуу бид хариулах боломжгүй” гэв. Б.Батхишиг нь “Нүхт тур” компанид ч албан ёсоор гомдол гаргаагүй гэнэ.
МИАТ компанитай катерингийн гэрээгээр ажилладаг “Нүхт тур” компанийн дэд захирал Н.Хандсүрэн хэлэхдээ:
-МИАТ компанийн нислэгийн үеэр онгоцны хоолноос хордсон гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл. Манай компани катерингийн үйлчилгээний хоолноос хордсон гэдэг албан ёсны, хөндлөнгийн хяналт бүхий шинжилгээний хариу гарсан бол бид хүлээж авна. Тиймгүйгээр олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээ болгон үнэн магад байдаггүй. Хэзээ, ямар хоолноос хордсон нь тодорхойгүй мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь харамсалтай. Б.Батхишигээс өөр гомдол мэдүүлсэн, хоолноос хордсон хүн алга байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын шалгалт манай компанид ирээд байна.
Манай компани өдөр бүрийн хоолны дээжээ авдаг, шалгуулдаг. Олон улсын катерингийн холбоо, Дэлхийн тогооч нарын холбооны гишүүн компанийн хувьд найдвартай хоолоор үйлчилдэг гэдгээ хэлье. Вакумжуулсан нөхцөлд 24 цагийн хяналтын камертайгаар хоолоо бэлтгэдэг. Би өөрөө Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, 1978 онд Монголын онгоц ниссэн цагаас хойш онгоцны хоол хийж буй хүн гэлээ.
Д.ЦЭЭЛ
Холбоотой мэдээ