Засгийн газрыг огцруулах санал хүргүүлсэн гишүүдийн цаана буй Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан гэх хэрэг сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татсаар буй. Тэгвэл АТГ-аас Шадар сайдын ажлаа өгөх өргөдлөө бичсэн У.Хүрэлсүхийг яллагдагчаар татах санал гаргаж, прокурорт хүргүүлжээ. Хэрэгт У.Хүрэлсүхээс гадна есөн хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Тэднээс Ч.Батболд нарын дөрвийг нь яллагдагчаар татаж, цагдан хорьжээ. Үлдсэн тавыг нь гадуур байцааж буй аж.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог ‘Өнөөдрийн байдлаар тогтоосон асуудал нь гэвэл МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх нь өөрийн төрсөн дүү Отгонбаяр, хамаатны дүү Амарсанаа нараар дамжуулаад өөрийгөө мөрдөн шалгасан гэх мэдээллийг наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ асуудалд яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Энэ асуудалд захиалагч хэн бэ, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцсон гэх оролцоо тогтоогдоогүй. Тодруулбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төрсөн дүү, төрөл садны хүмүүстэйгээ нийлээд өөрийгөө тагнасан, чагнасан гэх мэдээллийг бусдаар эвлүүлэн монтажлуулж, хэвлэлээр тараасан. Энэ үндэслэлээр нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна хэмээн прокурорын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн’ гэв.
Д.УУДАМ
Холбоотой мэдээ