Монгол Улсын Засгийн газар ирэх онд “Чингис” бонд, “Дим сан” бондын өр төлбөрийг төлнө. Гэвч улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт муугаар нөлөөлж байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хэлж байна. Мөн ирэх онд төлөгдөх бондын өр төлбөрийн талаар түүнээс тодрууллаа.
-Ирэх онд төлөгдөх бондын өр төлбөрийн талаар мэдээлэл өгнө үү. Засгийн газрын тогтвор суурьшлын асуудал яригдаж байгаа энэ цаг үед эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-“Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард төлнө. “Дим сан” бондын 160 сая ам.долларыг тавдугаар сард хийх ёстой. Бондын төлбөр төлөх эх үүсвэр одоогоор хуримтлагдаагүй, валютын нөөц бага, төсвийн алдагдал хэвээр байгаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа ч бидэнд энэ их үүсвэрийг гаргаад төлчих хэмжээний хуримтлал үүсээгүй байна. Хэрэв байгаа бүх боломжоо ашиглаад эдгээр төлбөрийг хийх юм бол эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.
Тиймээс бид бондын төлбөрийг гадаад зах зээлээс эх үүсвэр татах замаар санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж байлаа. Бондын бэлтгэл ажлыг хийж байсан. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан тул бондын бэлтгэл ажлыг өчигдрөөс зогсоосон. Гол нь Засгийн газрын тогтвортой байдал, Монгол Улсын эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт, ОУВС-гийн хөтөлбөр тууштай явах уу, зогсох уу гэх мэт асуудал хөрөнгө оруулагч нарт эргэлзээ төрүүлж байна. Тиймээс бэлтгэл ажлаа зогсоосон.
-ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй байна гэж та сая хэллээ. Үүнийг тодруулж тайлбарлахгүй юу?
-Тийм. ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх эсэхэд ч эргэлзээ үүссэн. Яагаад гэхээр УИХ-ын зарим гишүүд ОУВС-гийн хөтөлбөрийг буруутгаж хэвлэлээр ярьсан. Үүнтэй холбоотойгоор ОУВС-гийн хөтөлбөр Засгийн газрын бодлого мөн үү, эдийн засгийн шинэчлэл өөрчлөлтийн хүрээнд хөтөлбөрөө үргэлжлүүлэх үү үгүй юу гэдэг эргэлзээ үүссэн. Тиймээс гадаад зах зээлээс эх үүсвэр татах бэлтгэл ажлыг хэсэг хугацаанд зогсоохоор болсон.
-Хэрэв бондын өр төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ?
-Бондын төлбөрүүдийг төлж чадахгүй бол дефолт зарлах процесс руу орно. Олон улсын гэрээ хэлцлийн дагуу ганцхан бонд дампуурахгүй, Монгол Улсаас гаргасан бүх бондуудад дампуурал зарлана. Цаашлаад олон улсаас авсан зээлүүдэд дефолт зарлах эрсдэлтэй. Тэгэхээр бид эдийн засгийн нэлээн томоохон өөрчлөлт рүү орно. Дампуурал зарлалаа гэхэд Засгийн газрын үйл ажиллагаа хязгаарлагдаад зогсохгүй хувийн хэвшилд орж ирэх хөрөнгө оруулалт, гаднаас орж ирэх бусад эх үүсвэрт нөлөөлнө. Энэ нь эдийн засагт маш муу. Дампуурал зарласан улс орнуудыг харж байхад эдийн засгийн сэргэлт хамгийн багадаа 7-10 жил үргэлжилдэг. Тэгэхээр бид дампуурал зарлахгүй байхын төлөө ажиллаж байна.
Т.НОМИН