Үндэсний их баяр наадмын өмнөхөн Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан “Соёолж” компанийн ерөнхий захирал Д.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Танд Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсанд баяр хүргэе.Танай компани анх байгуулагдаж байсан цаг үе байдлаас ярих уу?
-Их баярлалаа. Би 1990 онд хилийн цэргийн дээд сургууль төгсөөд Дорноговийн Сулин хээрийн заставт 10 сар ажиллаад цалин болох 6000 төгрөгтэй баян хүн амралтаараа хотод орж ирсний маргааш нь ЗГ ын 20-р тогтоол гэдэг юм гарч халаасанд байсан 6000 төгрөг маань 3000 төгрөг болж байсанд учраа ч олохгүй байж билээ. Тэр 20-р тогтоолоор хилийн цэргийн олон офицеруудын гэртээ гар дээрээ хадгалж байсан цалин мөнгө нь 2 дахин үнэгүйдэж хохирсондоо. Хилийн цэргийн офицеруудад цалингаа банкинд хадгалуулах ямар ч нөхцөл боломж байгаагүй,
1992 онд анх Монгол хоршоо банкнаас ээж ах дүү нартайгаа хамт 100.000 төгрөгийн зээлийг авсан, тэр үеийн 100.000 мянган төгрөг нь тухайн үеийн ханшаар 500 орчим доллартай тэнцэж байсан байх . Зах зээл дөнгөж эхэлж байсан хүнсний гол бүтээгдэхүүнүүд картын системээс гараагүй байсан тэр үед цэцгийн дэлгүүр нээж ажиллуулсан нь хүн бүхний санаанд ороогүй байсан байх гэхдээ би алдаагүй юм. Тэр үед компанийн тухай ойлголт байхгүй шахуу хууль нь ч батлагдаагүй, хувын бизнесийг улсын бүртгэлд хувиараа аж ахуй эрхлэгч, хоршоолол гэсэн 2 ойлголтоор бүртгүүлж зөвшөөрөл аван үйл ажиллагаа эрхэлдэг байсан. Өглөөний радиогоор Менежер, Брокер, Хувьцаа, Бизнес төлөвлөгөө гэж юу болох тухай тайлбарлаж ярьдаг тийм үе байсан. Миний бизнес бол эхэлсэн цагаасаа өдийг хүртэл ногоон бизнес байсан цэцэг ургамал, хүнсний ногоо, мод үржүүлэг, ойжуулалт, зэрэг чиглэлээр үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд явуулсан, 2000 онд хүлэмжид тарьсан сарнай цэцгээ Оросын Эрхүү хот руу экспортолж байсан үе ч байгаа. Яг одоогийн нөхцөлд манай компани 200 гаран ажилчинтай Мод үржүүлэг, цэцэг хүнсний ногооны үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа,барилга үл хөдлөх хөрөнгийн бизнесийн чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.
-Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ талаар танилцуулна уу? Аль нутаг вэ?
-Миний аав Ю.Дашцэрэн Төв аймгийн Заамарын хүн, харин ээж Л.Жавзанпагма маань зэргэлдээ Лүнгийнх юм. Би өөрөө 1966 оны үерийн жил төрсөн юм. Бага нас маань Улаанбаатарын 9-р дэлгүүрийн урд талд Рашаантын гудамж, 100 айл, Сэлбэ гол, Цагаан даваа, Хайлаастын гудамжинд өнгөрсөн. Аав маань 1970 онд МУИС-ийн цахилгааны мэргэжлээр төгсөж тэтгэвэрт гартлаа Улаанбаатарын мод боловсруулах үйлдвэрт цахилгааны инженерээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Бурхан болоод 10 гаруй жил болж байна. Ээж Жавзанпагма маань 5 хүүхэд төрүүлж өгсөн, 2 дахь нь би юм. Ээж маань одоо 70 гаруй настай боловч манай компанид худалдааны ажил хийсээр байгаа тэнхлүүн сайхан хүн байгаа.Аав маань мод боловсруулах үйлдвэрт 25 жил ажилласны хүчинд манайх 1978 онд улсаас өгсөн циркийн зүүн талын 2 өрөө байранд орж бид магнай хагартал баярлаж байсан юм. Тэр үед амьдралын үнэ цэн хатуу бөгөөд шударга байж. Миний хувьд 1984 онд нийслэлийн 3-р дунд сургууль, 1990 онд хилийн цэргийн дээд сургууль, 2004 онд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Гэр бүлийн хувьд эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг. Хоёр том хүү маань тусдаа гарсан, хоёулаа Соёолж компанидаа менежер хийдэг. Цаг хугацаа гэж урсаж буй уснаас хурдан мэт өнгөрөх юм. Нэг л мэдэхэд хүмүүс намайг гуай гэх болж.
-Мод үржүүлгийнхээ үйл ажиллагааны талаар тодорхой ярьж өгнө үү ? Яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна? Ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Манай компани Төв аймгийн Баянчандмань Сэлэнгийн хушаат суманд нийтдээ 200 га талбайд мод үржүүлгийн ажлыг хийж байна. Бидний гол зорилго бол Монгол орны ойн санг нэмэгдүүлэх, ойжуулалтад нэмэр болох, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай байгаа модлог ургамлыг тарьж үржүүлэх зорилготой юм. Ажил маань эхний 3 жилд нэлээдгүй бэрхшээлтэй байсан боловч өнгөрсөн жилээс өөрийн гэсэн арга барилаа олж ажил маань нэлээдгүй урагштай байгаа. Ер нь Монголын цаг агаарын хэцүү нөхцөлтэй газарт мод үржүүлгийн аж ахуй байгуулж ажиллана гэдэг байгальтай тэмцэлдсэн хүнд хэцүү хөдөлмөр гэдгийг ойлгосон. Одоогоор манай мод үржүүлгийн талбайд Монгол оронд зонхилж ургадаг 15 төрлийн мод бутлаг ургамлын үржүүлэг хийж байна. Иж бүрэн усалгааны систем усан хангамжийг шийдсэн мөн цаашдаа мод үржүүлгийн аж ахуйд хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн дэлхий даяар хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж, техникийг хэрэглэн ажиллах дээр анхаарч байгаа. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байгаа мод үржүүлэг нь нэлээд онцлогтой бөгөөд бид мод үржүүлгийн аж ахуйг ойн арчилгаа цэвэрлэгээтэй хослуулсан юм. Тухайн хэсэгт нарсан ойн хэт шигүүрэлтэй ой байдаг бөгөөд үүнийг өмнө жилүүдэд сум дундын ойн анги улсын төсвөөс зардал гаргуулан шигүүрэлтэй ургасан хэсгийг үндэсний дээгүүр огтолж хаядаг байсан, энэ нь бол хуучирсан арга технологи юм. Хэт шигүүрэлтэй ой нь хэрэв хөрөнгө оруулалт хийн, зөв технологийг хэрэгжүүлэх юм бол ойн маш их хэмжээний баялаг юм. Бид ийм зүйлд хөрөнгө оруулалт хийсэн ба бидний ажил бол хэт шигүүрэлтэй ургасан нарсан ойн ургах боломжтой модыг сонгон авч мод үржүүлгийн бойжуулах талбайн системд оруулан цаашид ургуулах юм. Энэ ажил маань одоогоос 3 жилийн өмнө эхэлсэн бөгөөд маш амжилттай явж байгаа. Манай энэ ажлын үр дүнд, хуучин ойн цэвэрлэгээний аргаар устгагдах гэж байсан ойг аварч түүнийг мод болгон ургуулж Монгол орны ойн санг нэмэгдүүлж байгаад энэ ажлын ач холбогдол байгаа юм. Энэ технологийг бол Канад улсад 1970 оноос хойш ойн салбарт өргөн ашигласан бөгөөд энэхүү технологийг “шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх” гэж нэрлэдэг. Цаашид энэ технологийг Монгол орны шигүүрэлтэй ургасан бүх ойд хэрэгжүүлэх боломжтой энэ чиглэлд бидэнтэй хамтарч ажиллах сум орон нутгийн захиргаа ,ойн байгууллага, нөхөрлөл байвал надтай холбогдоорой.
-Сүүлийн жилүүдэд Монгол орны экологийн байдалд эерэг болон сөрөг өөрчлөлт юу гарч байна вэ ?
-Цаг уурын хувьд нэлээдгүй өөрчлөлт орж хур тунадас маш багасаж байна, ялангуяа өвөл цас орох нь маш багасаж байна. Өвлийн цас гэдэг бол хур тунадасны хамгийн сайн хэлбэр, зуны цаг агаарын тааламжтай хугацаа маш богино байдаг боллоо эдгээр нь монголын ургамлын бүрхэвч цаг агаар улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Төр засгийн газраас ойжуулалтыг дэмжсэн зоримог шийдвэрүүд гарахгүй байна. Хий дэмий байгал орчныг хамгаалах ойгоо ярьсан хүмүүс их болж, зөв шийдлийг гаргаж ирж чадахгүй байна. Мод үржүүлгийн аж ахуйнуудад газрын төлбөрөөс өөр ямар ч дэмжлэг алга. Томоохон компаниуд болон гадны хөрөнгө оруулалтгүй ганц салбар нь мод үржүүлгийн салбар болж байна үүний учир тодорхой, мод үржүүлгийн аж ахуй бол хавар тариад намар хураагаад авдаг төмс тариалангийн аж ахуйгаас огт өөр олон жилийн хүлээлт уйгагүй хөдөлмөр шаардсан үр ашгаа удаан хугацааны дараа өгдөг аж ахуй байдаг . Цаашид Монгол орны экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд доод тал нь нийт газар нутгийн 25-30%-г ойжуулах ёстой.
-Улаанбаатарын өвлийн утааны асуудлыг шийдвэрлэх талаар танд санал байгаа гэсэн чухам ямар санал байна?
-Энэ талаар бид эхнээсээ асуудлаа буруу нэрлэж байгаа гэж боддог. Утааг арилгах, утааны эсрэг тэмцэл гэх мэтээр буруу ярьж байгаа нь цаашид асуудлаа улам хийсвэр тэнэг болгож байна юм. Хий хоосон утаатай тэмцээд яаж дийлэх билээ дээ. Зөв нэрлэж ярих нь цаашдаа зөв сэтгэж зөв хийх хөрсийг бий болгоно. Утаа биш агаарын бохирдол гэж бичиж ярих ёстой байхгүй юу. Утааг арилгана тэмцэнэ гэхээр хий хоосон юмтай тэмцээд дийлэх үү.чухам ямар утаа юм аргалын утаа юу, түймрийн утаа юу гэх мэт. Миний санал бол хамгийн прагматик бодитой санал юм. Чухам юу гэхээр нийслэлийн агаарын бохирдлыг багасгах арга зам нь манай ойн салбарт байна.. Манай орны ойд олон сая м3 унасан, хөгширсөн ой байна. Судалгаагаар ойн цэвэрлэгээ хийгээд түүнээс гарсан модыг нүүрсний оронд түлээнд ашиглавал доод тал нь Улаанбаатарыг 25 жил хангах нөөц манай ойд хаягдал байдлаар байгаа юм. Монгол хүн идэр есийн хүйтэнд монгол гэртээ нүүрс түлэхгүй аргал модоор галлаад өчнөөн жил амьдраад гэртээ хөлдөж үхэж байгаагүй ирсэн биз дээ. Үүнд ойн цэвэрлэгээний бодит төлөвлөгөө, бага зэргийн хөрөнгө оруулалт, хуулийн зарим дэмжлэг байхад энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Хуулийн талаасаа нийслэлд чулуун нүүрс түлэхийг бүрэн хориглох ёстой. Гэхдээ мэдээж түлэх модоо бэлтгэсний дараа нь шүү дээ. Хэдэн жилийн өмнө ЗГ-аас нүүрс хөтөлбөр гэдэг гамшиг дээр гамшиг болсон зүйл хийж сүүлдээ авилгийн асуудал нь сөхөгдөж хөгөө чирж байсан. Үүний оронд миний энэ санаа бол дэргэд нь алт шиг санаа юм. Мөн энэ ажил миний энэ саналын дагуу хийгдвэл ойн цэвэрлэгээний асуудал хамтдаа шийдэгдэж ойн экологийн асуудалд том хөрөнгө оруулалт болох юм. Нэгтгээд хэлэх юм бол Ойн цэвэрлэгээ хийж ойгоо цэвэрлээд түүнээс гарсан модоор нүүрсний оронд түлээнд ашиглаад агаарын бохирдлоо зогсоох юм. Цэвэрлэсэн ой гэдэг түймэрт өртөх нь бага нөхөж сэргэж ургах нь улмаар зөвхөн ойн хүрээнд хамаарахгүй гол мөрний урсац нэмэгдэх ан амьтдын хувьд ач холбогдолтой юм. Жил жилийн өвлийн агаарын бохирдол монгол хүнийг хорт хавдар мэт бахь мэт чангалан хавчсаар байна. Сүүлийн үед хүмүүсийг харахад ухаан муутай ч юм шиг орон гаран, мартамхай өчүүхэн юманд цочир догшин ууртай хаа сайгүй уурлаж хэрэлдсэн хүмүүс их байх болж. Энэ нь нүүрснээс гардаг олон төрлийн хорт бодист хордоод байгааг харуулж байгаа юм. Нүүрсний найрлагад хүхрийн ба азотын давхар исэл хар тугалга мөнгөн ус зэрэг хүнд онц хортой химийн бодисыг агуулж байдаг. Өнгөрсөн жил агаарын бохирдол эхийн урагт хүртэл ихээр нөлөөлж эхэлсэн байгааг хэвлэлээс зөндөө харж байсан. Бид ярьсаар л байна хорт утаандаа хордсоор л байна. Одоо шийдвэрлэх цаг болоод өнгөрчхөөд байна. Зөв шийдвэрийг хэн гаргах юм бэ. Тэр шийдвэрийг нь хэн яаж хэрэгжүүлэх вэ? Цаашдаа бид бид үхэр шиг тэнэг хонь шиг номхон амьдарсаар байхуу.
Үүнийг хийж чадах хүн байхгүй бол энэ ажлыг надад эрх мэдэл үүрэг хариуцлагатай нь өгчих. Тэгвэл би Улаанбаатарыг 24 сарын дотор агаарын бохирдолгүй болгож чадна гэж энэ асуудлыг амлан авч байгаагаа танай сониноор энэ ярилцлагаараа дамжуулан мэдэгдье.Олон жил хордлоо, олон жил шийдэгдэх байх гэж хүлээлээ, олон тэрбумыг дэмий үрлээ. Миний хувьд цаашид тэвчих хугацаа дууслаа. Та бид хордож оюун ухаан бие сэтгэл маань хэврэг болсоор байвал бидний хамгийн их санаа зовдог тусгаар тогтнол маань үгүй болох байдал бий болох юм.
-Компанийн удирдагч татвар төлөгчийн хувьд одоогийн эдийн засгийн байдалд ямар дүгнэлт өгөх вэ.?
-Эдийн засаг бол улс орон оршин тогтнох үндэс тусгаар тогтнолын баталгаа гэж боддог.Манай том дарга нар хөгжлийн гарц уул уурхай гэж харж ярьдаг.Гэтэл тэнд нь интернациал бүтэц бүхий авлигал мафийн эзэмшилд орсон байгаа ил тодоор харагдаж байна.Уг бидний хөгжлийн гарц монгол хүний гарт байгаа юм. Гэхдээ сэтгэх оюунлаг чадвар, буруутай тэмцэх зориг зүрхгүй ,бүтээж хийх хүсэл эрмэлзэлгүй залхуу тэнэг хүмүүс бусдын колоничлолд амьдрах тавилантай. Заримдаа улс төр эдийн засгаа харахлаар монголчууд бид чинь үхэр шиг тэнэг хонь шиг номхон амьдарч байгаа мэт санагддаг. 1000 төгрөгийн бараагаа 100 төгрөгөөр зарахаар ухаантай байх уу? Тэнэг байх уу?.Төр нь улсаа зөв удирдаж чадахгүй болохоор улс төр хүн бүхэнд хамаатай болчхож байгаа юм
Дарга болгон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ. Ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж ярьдаг. Монголын нөхцөлд жижиг үйлдвэрүүд үнэндээ хөгжих боломж муу бараг байхгүйтэй адил юм. Жижиг үйлдвэрт зовлон их. Мэргэжилтэй ажилтан олох түүнийгээ тогтвортой ажиллуулах, технологи, борлуулалтын зардал, валютын ханш, тээвэр өрсөлдөх чадвар энэ тэр гээд олон бэрхшээлүүдэд жижиг үйлдвэрүүд сөхөрч байна. Өрсөлдөх чадварын хувьд тэрбум хүнд зориулж хэт олноор үйлдвэрлэсэн өөрийн өртөг нь маш хямд хөрш орны үйлдвэрүүдтэй өрсөлдөнө гэдэг бол том бэрхшээл юм. Хүн ам цөөхөн замын тээврийн сүлжээ тааруухан энэ байдалдаа таарсан үйлдвэржилтийн бодлогоо өөрчлөх цаг нэгэнт болжээ. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдэг бол улс төрийн нам дарга болгоны хоосон уриа болж дээ.Тийм биш бол монголчууд ажлын байр эрж гадаадад дүрвэсээр байхуу.
Ядаж сум дундын зах зээл улмаар ер нь л том үйлдвэрүүд л монголын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ. Өрсөлдөх чадваргүй жижиг дунд үйлдвэрүүд гэсэн гоё малгай одоо цаг үедээ таарахаа больжээ.Банш, бууз, хэрчсэн гурилны 10 хүнтэй жижиг үйлдвэр 50 сая төгрөгийн зээлээ төлөх гэж 5-н жил болж байна.
-Монгол хүний өрсөлдөх чадварт та сэтгэл дундуур байна уу?
-Тийм би ч гэсэн монгол хүн. Манайхан нээх их урлагжсан, спортжсон түүхжсэн улсууд болж дээ. Агуулга зорилго муу урлагийн олон янз шоу уралдаан ТВ ээр гарах нь хирээс хэтэрлээ. Эдгээр нь залуу үеийг улам ихээр хэврэг сэтгэхүйтэй бүтээлч хандлага огт байхгүй зүрх зориг муутай иргэдийг бий болгож байна. Уран зохиол, урлаг соёлд түүхийн талыг баримтлах нь хэт их байна. Сүүлийн үед олигтойхон үг аятай дуу ч гарахаа больсон байна.Номын дэлгүүр орноо түүхийн сэдэвтэй баахан ном тэгээд цааш гадаадын орчуулгын номууд байх . Хэдий болтол өнгөрсөн түүхээрээ бахархаж амьдрах вэ? Бидэнд одоо цаг, маргааш, нөгөөдөр гэж байгаа биз дээ. Одоо байгаа бэрхшээл асуудлаа хамгийн их бичиж шийдвэрлэж амьдрах орон зайгаа ажил үйлсээр олж авах нь монголчуудын хөгжил дэвшлийн гарц мөн. Айл өрх хүн болгон унаатай, бүгд л интернет ашигласан гар утастай боловч эдийн засаг маань хэврэг, асар их байгалийн баялагтай байж олон тэрбум валютын гадаад өртэй ирээдүйдээ итгэл муутай амьдарч байна. Улс орны хөгжил гэж гудамжаар явж байгаа машины тоо гар утас интернетийн хэрэглээгээр баригдаж байгаа барилгын тоогоор нь нь харах нь гэнэн ойлголт болжээ Ухаалаг, зоригтой ажилсаг байх нь бидний тусгаар тогтнолын баталгаа юм.Улс төр гэснээс дарга нарыг сайжруулах гэдэг нэг хэрэг. Харин монгол хүн өөрийгөө оюун ухаан үзэл санааны хувьд хатуужуулан сайжруулах чанаржуулах цаг болсон байна. Хилийн цаана байгаа жанч халсан ламын шарилд олон мянгаараа хэдэн удаа ч мөргөлөө хөгжил дэвшилд тус нэмэр болохгүйгээ бид ухаармаар юм.