Шантаажны улс төр байж боломгүй зүйл

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Шантаажны улс төр байж боломгүй зүйл

УИХ дахь МАН-ын бүлэг сүүлийн үед хэрүүл тэмцэлтэй бужигнаж байна. Ц.Батбаяр гишүүн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичиг өргөн барьсан дуулиан намжаагүй байтал МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд бүлгийнхээ гишүүдээс хоёр дахь бичгийг хүлээн авав. МАН-ын Түр штабын хувьд баримталж буй бодлогыг шүүмжилж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нарын тэрлэсэн захидлын хариуд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх УИХ дахь бүлгийнхээ хурлыг “самарсан” явдлын талаар хэвлэлүүд шуугиж байна. Дуулианы эзэн болоод байга У.Хүрэлсүхээс тайлбар хүслээ.

-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр болсон хэрүүл маргааны тухайд Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нар байр сууриа илэрхийлсэн. Харин Та одоогоор чимээгүй байна?

-МАН хариуцлагатай улс төрийн хүчнийхээ хувьд намынхаа дотоодод болон улс нийгэмдээ шударга ёсыг тогтоох ёстой. Өнгөрсөн 20 жилд бидний хийсэн гол алдаа бол хариуцлага, сахилга бат, дэг журмыг завхаруулсанд л байсан. МАН-ын шинэчлэлийн бодлогыг  ч үүнтэй уялдуулж ойлгох хэрэгтэй. Би намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд нөхдөөсөө хариуцлагатай, шударга байхыг шаарддаг. Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва нарын хувьд тэднийг эхлээд ажлаа хий, хуралдаа хариуцлагатай оролц, тэгээд намын шинэчлэлийн талаар бодитой зүйл ярь гэж шаардсан. Тэд гишүүдтэйгээ уулзахгүй, намынхаа ажилд оролцохгүй, тойрогтоо ч очдоггүй байж ямар юмныхаа шинэчлэлийг ярих юм. Жишээ нь Ц.Даваасүрэн сүүлийн хоёр сар УИХ дахь намын бүлгийнхээ хуралд суусангүй, Байнгын хороодынход ч ялгаагүй. Энэ хүнийг ажил хийлгэх гэж манай нам, тойргийн сонгогчид нь итгэл хүлээлгэж УИХ-д илгээсэн шүү дээ. Ийм хариуцлагагүй хүмүүс намын шинэчлэл, дотоод ардчилал ярьж, шантаажны улс төр хийнэ гэдэг байж боломгүй зүйл.

-МАН-ын нэр бүхий дөрвөн гишүүний захидлыг Та юу гэж үзэж байгаа вэ?

-Шантааж шүү дээ. УИХ-ын байнгын хорооны дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болгоогүйн төлөө, ойр дотны хүмүүст нь ажил олгоогүйн төлөө дарамталж байдаг хүмүүсийн л бодож олсон зүйл байна билээ.

-Ц.Даваасүрэн гишүүнийг хэлж байна уу?

-Тийм, шантаажчин-улстөрчийг хэлж байна. Удирдах зөвлөлд оръё гэсэн хүсэлт тавиад явж байсан юм билээ. УИХ-ын Байнгын хорооны даргад нэр дэвшиж уначихаад биднийг унагачихсан юм шиг бухимдаад байх хэрэггүй. Үнэн төрх нь бусармаг үйлдлийн буг мөртлөө шударга ёсоор шоудаж, хэвлэл мэдээллээр өөрийгөө энхийн цагаан тагтаа болгож харуулаад явдаг ийм хүмүүстэй тэмцэнэ ээ. Намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд МАН-д шантаажчин-улстөрчдийн үйлдлийг таслан зогсоохын төлөө боломжтой бүх нөхцөлийг дайчлан ажиллана.

-Та “Ална шүү” гэж хэлсэн нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна л даа. МАН-ын даргад ирсэн захидалтай та генсекийн хувьд танилцсан байж таарна. Тэгээд бичсэн гишүүддээ өөрийн зүгээс ийм бухимдуу хариу барихаар шийдсэн байв уу, эсвэл түргэдээд “Ална” гэчихсэн юм уу?

-Нялцганаад, нялуураад байх шаардлагагүй. Улс төрд томоохон өөрчлөлт, шинэчлэл хийх гэж зорьж яваа эр улсын дунд хэрүүл байтугай нь гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд хуулийн хүрээнд ажиллах болно. Манай намд олон жил хуримтлагдсан авлига, хээл хахууль, дарамт шахалт гэх мэт шударга бус байдлыг нураах гэж бид зориглосон, эр зориг байх ёстой.

-Та МАН-ын өөр үзэл бодолтой зарим гишүүнийхээ эсрэг тэмцэлд залуучуудын байгууллагаа босгоно гэж хэлсэн нь үнэн үү?

-Д.Тэрбишдагва өөрт нь албан  тушаал өгсөнгүй гэж уурлаад “МАН-ын залуучуудыг алж өгнө өө” гэж хэлсэн. Иймэрхүү улс төрийн шантааж л яваад байгаа хэрэг шүү дээ. Харин би шударга бус явдлын эсрэг МАН-ынхаа сэлэм, бамбай болж хатуу тэмцэнэ. Энэ тэмцэлд би намынхаа олон түмнийг, залуучуудаа ч уриалж байгаа. МАН хариуцлагатай, шударга ажиллаж байж нийгэм маань цэвэршинэ. Бид хээл хахуулийн маш том ханыг нураах эхнийхээ алхмыг хийгээд явж байхад намын нэр төрийг гутаах оролдлогуд гарч байна. Гэвч МАН-ын шинэчлэлийг дэмжин шинээр элсэн орж байгаа залуусын итгэлээс харахад манай намын шинэ бодлого нийгмийн захиалга гэдгийг улам бүр ухамсарлаж байна. Нэг аймагт гэхэд МАН-д шинээр элсэгчид 4000-аараа тоологдож байна шүү дээ.

-Таны тэмцлийг буруу гэж үзэгсдийг намаасаа явбал яв гэж хэлэх гээд байна уу?

-Бий хэнийг ч яв гээгүй. Ц.Шинэбаярыг хэн ч хөөгөөгүй байхад өөрөө гараад явсан. Намдаа байгаач, хамтраад ажиллая гэж хүссэн. Тэр жам ёсны эрхээ эдэлнэ гээд л явсан. Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ гэж юу байх вэ дээ. Улс төрийн нам гэдэг итгэлтэй, сэтгэлтэй хүмүүсийн байгууллага. Намын нэр солино гэдэг ямар хүнд байдгийг бид амсаж л байна. Гэхдээ намынхаа шинэчлэлийг дүйвээн болгон ашиглаж байгаа зарим нэг шантаажчин-улстөрчдөд өвөг дээдсийнхээ цус, хөлсөө урсгаж байгуулсан энэ намыг, журмын нөхдийг минь доромжлохыг би хувь хүнийхээ хувьдч зөвшөөрөхгүй. Хэрвээ энэ нь миний буруу бол би хариуцлагаа шударгаар хүлээнэ.

-Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир хоёрт бас хамааруулж байна уу?

-Энэ хоёр хүнийг хэлээгүй. Би Бат-Эрдэнэ аваргыг хүндэлдэг, бид гэмгүй найзууд шүү дээ.

-Та  Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нартай уулзах уу?

-Уулзалгүй яах вэ. Намын дарга ч уулзана.

-Тэдний байр суурь захидалд нэлээд ойлгомжтой туссан байна билээ. Харин Та захидлыг арай өөрөөр харж байдаг?

-Тухайлбал, намын онц их хурал хуралдуулъя гэдэг саналыг нь би ойлгохгүй байна. Бид дөнгөж саяхан намынхаа их хурлаар асуудлаа шийдсэн.

Б.Энхцэцэг.
Зохиогчийн эрх: “Өнөөдөр” сонин.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж