Энэ жил шинээр цэцэрлэгт элсэж буй хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн цахим элсэлт өнөөдөр /2017.08.25/ өглөө 10 цагт боллоо. Цэцэрлэгийн цахим сугалааг нийслэлийн 166 цэцэрлэг дээр санамсаргүй түүврийн аргаар өнөөдөр /2017.08.25/ зохион байгуулжээ. Харин тухайн дүүргийн цэцэрлэгийн хяналтын тооноос хэтрээгүй 61 цэцэрлэгт цахим сугалааг зохион байгуулаагүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Нийслэлийн хэмжээнд анх удаа цэцэрлэгийн цахим бүртгэлийг зохион байгуулж байгаа бөгөөд тухайн цэцэрлэгийн эрхлэгч цахим сугалааг хэрхэн зохион байгуулж байгаа талаар сурвалжилсан юм.
Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгт хоёр настай хүүхдээ цахимаар бүртгүүлсэн цөөнгүй эцэг, эх гадна талбайд цугларчээ. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс “Хоёр настай хүүхдээ цахимаар бүртгүүлсэн эцэг, эхчүүд хоёр давхарт орж ирнэ үү” хэмээн эцэг, эхчүүдийн төлөөллийг дуудлаа.
Тус цэцэрлэгийн хувьд дүүргийнхээ 11, 28 дугаар хорооны хүүхдүүдийг цэцэрлэгтээ хүмүүжүүлдэг байна. Тиймээс цахим бүртгэл хүүхдээ бүртгүүлсэн хоёр хорооны эцэг, эхийн төлөөлөл цугларч, цахим сугалааг хэрхэн зохион байгуулах ажлыг хянав.
“Манай цэцэрлэг энэ жил хоёр настай 80 хүүхдийг авна. Мөн зорилтот бүлгийн 10 хүүхдийг элсүүлнэ. Энэ сарын 24-ний өдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 130 хүүхэд бүртгүүлээд байна. Өнөөдөр өглөө 10:00 цагт хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл болон эцэг, эхийн төлөөллийн хяналттайгаар цэцэрлэгийн цахим бүртгэлийг сугалааг зохион байгууллаа. Өглөө 10:00 цагт цахим сугалааг зохион байгуулах товчлуурыг дарсан. Цахим сугалааг зохион байгуулж байгаатай холбоотойгоор 10-20 минутын ачаалал үүссэн” гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Туул танилцууллаа.
Тус цэцэрлэгт нийт 17 бүлгийн 675 хүүхдүүдийг хүмүүжүүлдэг байна. Энэ сарын 10-ны өдрөөс мэргэжилтнүүд цахим бүртгэлийг хийж, нэмж цахимаар дөрвөн хүүхэд бүртгүүлсэн гэдгийг багш нар хэллээ.
Харин эцэг, эхчүүдийн хувьд цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар хийж байгаад сайшаалтай байлаа. Тэд өдөр, шөнөгүй хонож дугаарладаг байсан бол энэ жил эмх цэгтэйгээр хүүхдээ цэцэрлэгт хамруулж байна гэдгийг ярилаа.
А.Сүрэн
Гэрэл зургийг Н.Батмөнх