Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэд багш нарын цалинг 1,6 сая төгрөгт хүргэх шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн билээ. Энэ шаардлагын хариуг наймдугаар сарын 24-ны дотор ирүүлэхгүй бол шат шатны арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Ингээд Засгийн газраас хариу бичиг ирүүлсэн тул өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулж байна. Багш нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагаа наймдугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн.
Хариуд нь УИХ-ын чуулганаар баталсан 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдлыг 2,6 тэрбум төгрөгт багтаахаар тусгасан. Багш нарын цалинг 2018 онд нэмэгдүүлнэ гэвэл 1,1 тэрбум төгрөг шаардлагатай. Ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ний 43,1 хувьд хүрсэн байна.
Гэвч улс орны нийт албан хаагчийн цалинг төсөвт дарамт учруулахгүйгээр нэмэгдүүлэхийн тулд түншлэгч талуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Иймээс Монгол Улсын төр засгаас багшийн цалин, хөлс, ажлын нөхцөл бололцоог хангахын төлөө ажиллана гэсэн хариуг Засгийн газраас ирүүлжээ.
Энэхүү албан бичгийг тодорхой гэж хэлэхэд хэцүү байгааг багш нар шүүмжлэв. Тэд 2018 онд цалин нэмнэ гэж хүлээхгүй гэдгээ мэдэгдэв. Ингээд есдүгээр сарын 1-нээс өмнө Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулах аж. Цуглаанд Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүдийг хүрэлцэн ирж багш нарын дуу хоолойг сонсохыг уриалав.
Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа түр хороонд 21 аймаг, есөн дүүргээс багш нэгдсэн гэдгийг тодотгоод Сүхбаатарын талбайд болох цуглаанд нийтээрээ оролцохыг уриалав.
Монголын залуу багш нарын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Зулхүү байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Төр засаг багш нарын цалин хөлс нийгмийн хангамжийн асуудалд анхаарах ёстой. Багшийн цалинг жилийн жилд мянган төгрөгөөр нэмдэг. Ингээд таван жилийн дараа шатлал ахих юм бол 5000 төгрөгөөр цалин нэмдэг. Нөхцөл байдал ийм байгаа тул Монголын залуу багш нарын холбооноос улс орон даяар багш нараа сонсох аян зохион байгуулсан. Мөн 1000 багшийн уулзалт, багш нарын форум хийсэн. Арга хэмжээний үеэр гарсан саналуудыг 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Бямбацогт гишүүнд өгч байсан.
Багш нарын бүтээмж, шавь нарын амжилтыг үндэслэж багш нарын цалин нэмэх тухай энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тиймээс амлалтаа биелүүлэхийг Засгийн газраас хүсч байна” гэв.
Т.НОМИН
Холбоотой мэдээ