Ази бүсгүйчүүд яагаад туранхай байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Ази бүсгүйчүүд яагаад туранхай байдаг вэ?

Ази бүсгүйчүүд яагаад туранхай байдаг вэ?

Тоон мэдээллээс үзвэл Ази хүмүүс дэлхий дээрх хамгийн туранхайд тооцогддог. Энэ нь тэдний генид байдаг гэж олон хүн боддог ч үнэн хэрэгтээ азиудын өв соёл, амьдралын хэв маяг үүнтэй салшгүй холбоотой гэнэ. Нарийн чанга дэглэм барьж, шантармаар хүнд дасгал хөдөлгөөн хийдэггүй ч ази бүсгүйчүүдийн гоолиг, туранхай байхад нөлөөлдөг зарим зүйлсийг танилцуулъя.


ХООЛНЫ ТАЛААРХ ХАНДЛАГА

Хоолны чанар, хэмжээнээс гадна хандлага чухал. Барууны орнуудад хоол хүнсийг зөвхөн жам ёсны хэрэгцээ бус, харин энтертайнмент байдлаар ойлгож, хүлээж авдаг. “Хэн хамгийн их бургер идэх вэ” гэдэг уралдаан ч хүртэл байдаг шүү дээ.

Гэхдээ Ази хүмүүсийг хоол идэх дургүй гэж байгаа юм биш. Тэдний хувьд хоол хүнсийг эрүүл амьдралын хэв маяг болгодгоороо ялгаатай.

ХООЛНЫ ХЭМЖЭЭ

Ази хүмүүсийн хоолны порц буюу хэмжээ бага байдаг. Нэг удаа хооллохдоо олон төрлийн хоолноос бага багаар, амсах төдийхнөөр иддэг.

Өдөрт идэх хоолныхоо хэмжээг өчүүхэн төдий багасгахад л жин хасахад эергээр нөлөөлдөг болохыг тогтоосон судалгаа зөндөө бий. Корнеллийн их сургуулийн сайн дурын судлаачид өдрийн хоолны хэмжээгээ үл ялиг багасгаад, түүнээс хойш хүссэн хэмжээгээр идэхэд хоёр долоо хоногийн хугацаанд 500 грам жин хасаж болохыг тогтоосон байдаг.

ХООЛ ХИЙХ АРГА БАРИЛ

Аливаа улс орны үндэсний хэв шинж агуулсан хоолны газар, ресторанууд дийлэнхдээ үйл ажиллагаа явуулж буй газрынхаа хүмүүст зориулж, хоолны жороо боловсруулдаг. Тиймдээ ч Америк, Европ дахь ази хоолны газруудын хоол шарсан, бүрж шарсан байх нь элбэг. Гэтэл Азийн орнуудад шарсан хоол мэдээж байх хэдий ч дийлэнх нь жигнэж, чанаж болгосон хоол байдаг.

ЭСЛЭГ ӨНДӨРТЭЙ ХООЛ ХҮНС

Япончуудын алдартай мисо шөл, солонгосчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг кимчи, натто шош бол Азийн сонгодог жишээ. Fermented буюу эсгэх аргаар боловсруулсан хоол хүнс нь байгалийн пробиотикийн үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс тогтмол хэрэглэснээр жин хасах үйл явцыг дэмжиж, биеийн дотоод өөхлөлтийг арилгахад сайнаар нөлөөлдөг.

ДАЛАЙН ГАРАЛТАЙ ХҮНС

Ази хоолыг загас, далайн гаралтай хүнсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин тэдгээр хүнсэнд омега-3 ангиллын тосны хүчил ихээр агуулагддаг. Омега-3 нь зүрх, судас, дархлааны систем, нөхөн үржихүйн тогтолцоо гээд эрүүл мэндийн олон ач холбогдолтойгоос гадна жин хасахад нөлөөлдөг. Ердийн хэмжээгээр хооллож, ердийн дасгал хөдөлгөөн хийхийн хажуугаар гурван долоо хоногийн турш омега-3 бэлдмэл хэрэглэхэд 1.5 кг жин хасаж болохыг судалгаагаар тогтоосон байдаг аж.

НОГООН ХҮНС

Дээр дурдсанчлан, Ази хоол хэмжээ багатай байдаг. Гэхдээ махан төрлийн хоолны хэмжээ бага, ширээ дүүргэсэн хоолнуудын дийлэнх нь ногоон ургамал байдаг.

ХҮЙТЭН УСНЫ ОРОНД БҮЛЭЭН ЦАЙ

Европ болон америкчуудаас ялгаатай нь азиуд хоолтойгоо хамт хүйтэн ус, хийжүүлсэн ундаа, ус биш харин бүлээн цай хэрэглэдэг. Дийлэнх тохиолдолд ногоон цай хэрэглэнэ. Хүйтэн уух зүйл тостой хоол, хүнстэй холилдохоор хоол боловсруулах үйл явцыг удаашруулдаг бол бүлээн цай эсрэгээрээ хоол боловсруулалтыг дэмжинэ.

АМТТАН БА ХӨНГӨН ЗУУШНЫ СОНГОЛТ

Азиудын амны зугаа хийх хөнгөн хүнс, дессерт дийлэнх нь будаа, далайн ургамал, улаан шош, үр тариа, самар, жимсээр хийгдсэн байдаг. Эдгээр нь мэдээж чипс, жигнэмэг, бялуу зэргээс хамаагүй эрүүл.

АЛХАХ

Хачирхалтай нь, Ази хүмүүс өдөр бүр маш их алхдаг нь хүн амын нягтшилтай холбоотой. Том хотын оршин суугчид хувийн машины оронд нийтийн тээвэр ашиглах нь элбэг. Бас алхаад хүрэх боломжтой, дэлгүүр, угаалгын газар, бусад нийтийн үйлчилгээ нэг дор төвлөрсөн хотхонд амьдрах нь олонтаа.

ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН БА БЯСАЛГАЛ

Дорнын анагаах ухаан өвчнөөс урьдчилан сэргийлэх, аливаа өвчнийг үр үндэс бий болохоос нь өмнө бие мах бодийг эрүүл байлгахад чиглэдэг. Тиймдээ Тай Чи гэгддэг Хятадын хийн дасгал, иог зэрэг нь Азид ихээхэн дэлгэрсэн байдаг.

Бэлтгэсэн С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж