Сэтгэлзүйчид үүргээ биелүүлэх цаг иржээ

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Сэтгэлзүйчид үүргээ биелүүлэх цаг иржээ

Сэтгэлзүйчид үүргээ биелүүлэх цаг иржээ

Саяхан цахим ертөнцөд амиа хорлож буй хоёр охины бичлэг тарсан. Нийгмийг цочролд оруулж намжаагүй байхад дахин нэг залуу амиа хорлохоор завдлаа гэсэн гарчигтай мэдээлэл цацагдаад байна. Үүнээс гадна өнгөрсөн дөрөвдүгээр сард “Нөхөрлөл” мандтугай гэж бичээд 14 давхараас мөн л хоёр охин үсэрсэн. Энэ мэт Монголд амиа хорлолт ихэсч байна. Тэд бүгд өсвөр насныхан. Эцэг эхийнхээ өврөөс ч салаагүй цэцэг цэврүү шиг үрсээ бид алдсаар байх уу. Энэ бол гуравхан сая хүн амтай манай орны хувьд том эмгэнэл, аюулын харанга билээ. Өсвөр насныхныг юу энэ зам руу хөтөлж байна вэ. Саяхан бид гурван сая дахь иргэнээ хүлээн авч, баярлаж байлаа. Тэгвэл нэг сая дахь иргэн 1962 оны хоёрдугаар сард мэндэлжээ. Харин хоёр сая дахь иргэн Г.Болортуяа 1988 оны долдугаар сарын 11-нд Дархан хотод төрсөн юм. Энэ тоо баримтыг харвал хүн амын өсөлт манай улсад дээгүүр биш. Судалгаагаар Монгол Улсын дөрвөн сая дахь иргэн 20 гаруй жилийн дараагаар төрөх магадлалтай. Эндээс монгол хүний алтан амь ямар үнэтэй нь харагдана.

ЖИЛД ДУНДЖААР 190 ХҮН АМИА ХОРЛОЖ БАЙНА

Дэлхийд жил бүр 800 мянга гаруй хүн амиа хорлолтын улмаас нас бардаг. Тэдний ихэнх нь 15-29 насныхан. Үүний шалтгааныг олохоор судалгаа явуулахад 80 гаруй хувь нь сэтгэцийн өвчтэй. Ялангуяа, сэтгэл гутрал, архаг архидалттай харилцан хамааралтай байжээ. Мөн хүчирхийлэлд өртөх, ялгаварлан гадуурхагдах, ганцаардах, санхүүгийн асуудал, хагацал, салалт, зэрэг амьдралаас үүдэлтэй стрессийн улмаас болсон нь ч байдаг. Дэлхийд хамгийн их амиа хорлолттой улс бол Умард Европ дахь Балтийн гурван том улсын нэг Бүгд Найрамдах Литва улс юм. 3.2 сая хүн амтай энэ улсад амиа хорлолтын тоо хамгийн өндөр буюу 34.1 хувьтай байв. Харин сүүлийн 10 жилийн хугацаанд энэ тоо хоёр дахин нэмэгдэж, өмнө нь амиа хорлолтын тоогоор тэргүүлдэг байсан Унгар болон Балтийн бусад орны өмнө бичигдэх болжээ. Мөн Өмнөд Солонгост амиа хорлолт 31 хувьтай байна. Тэгвэл манай улсад 2009-2016 оны хооронд 1500 хүн амиа хорлосон гэсэн тоо баримт бий. Энэ нь жилд 190 гаруй хүн шалтгаангүйгээр бас шалтгаантайгаар амиа хорлож байна гэсэн үг юм. Зөвхөн 2016 оны эхний долоон сарын байдлаар 37 хүн амиа егүүтгэжээ. Мөн 88 хүн санаатайгаар эм ууж, амиа хорлохоор завдсаныг яаралтай тусламжийн төвийнхөн аварчээ. Тэдний ихэнх нь мөн л өсвөр насныхан. Монголд сүүлийн жилүүдэд амиа хорлосон, хорлохыг завдсан тохиолдлын тоо, давтамж, тархалт хүчтэй өсч буй тухай хууль хяналтын байгууллагынхан хэлж байна. Цагдаагийн газрын энэ жил явуулсан судалгаанаас үзэхэд 13-17 насныхны 23 хувь нь амиа хорлох тухай боддог гэсэн дүгнэлт гарчээ. Энэ насныхны хувьд аав, ээжийн гараас гараагүй, сурагчид билээ.

НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙГ ЭМЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Монголчуудын хувьд амиа хорлолтын ихэнх нь сэтгэл гутралаас болдог ажээ. Ялангуяа, өсвөр насанд хүүхдийн бие болон сэтгэлзүйд олон өөрчлөлт гардаг. Тиймээс аливаа асуудлыг хүндээр тусгах, стресстэх зэрэг өмнө нь тулгарч байгаагүй асуудалтай нүүр тулна. Үүнийг хэрхэн зөв аргаар даван туулах, шийдвэрлэхээ мэдэхгүйгээс ийм болчимгүй замыг сонгодог аж. Бид хүүхдээ энэ аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Үүний тулд эцэг эхчүүд эхлээд өөрсдөө өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн зөв харьцах тухай сурах шаардлагатай гэж сэтгэлзүйчид зөвлөж байна. “Монгол өрх” хүрээлэнгийн клиник сэтгэлзүйч, докторант С.Баасанбат “Хүүхдийнхээ сэтгэл өвдсөнийг эцэг эхчүүд ойлгодоггүй, анзаардаггүй. Ойлголоо ч яаж ярилцах арга барилаа мэддэггүй. Хүүхдийг сэтгэлийн хаттай байх, нийгэмд дасан зохицох, амьдралын янз бүрийн нөхцөл байдлыг даван туулах сэтгэлийн бэлтгэлийг балчир наснаас нь хийж эхлэх чиг хандлага, соён гэгээрүүлэх ажил манайд дутмаг байна. Үүнээс нийгмийн сэтгэл зүйн өвчлөл газар авч, түүнд хариу арга хэмжээ авахгүйгээс шалтгаалсан чимээгүй тахал яваад байна. Эхлээд нийгмийн сэтгэлзүйг эмчлэх, зөвлөгөө өгөх мэргэжлийн сэтгэлзүйчдийг бэлтгэх шаардлагатай байна” гэв. Хэдэн жилийн өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хийсэн судалгаагаар 10 мянган хүн тутамд 25 хүртэлх амиа хорлох тохиолдол бүртгэгдвэл энэ нь өндөр байна гэж үздэг. Гэтэл манайд 25-34 хүртэлх тохиолдол байсан аж. Одоо энэ үзүүлэлт өссөн гэж сэтгэлзүйч С.Баасанбат хэлж байна. Тэгэхээр манай улсын нийгмийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ноцтой түвшинд байна гэж дүгнэж болохоор юм.

СУРАГЧДАД СЭТГЭЛЗҮЙН ХИЧЭЭЛ ДУТМАГ БАЙНА

-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт сэтгэл судлалын хичээл багтдаггүй. Өнөөгийн энэ нийгэмд энэ хичээл зайлшгүй байх ёстой гэдгийг дээрх тоо баримтууд нотолж байна. Харин дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад арай өөр. Японд сэтгэл судлал хамгийн өндөр хөгжилд хүрчээ. Сургууль бүр нь сэтгэл судлалын хичээлийн программтай. Үүнээс гадна сэтгэлзүйчид өдөр бүр хүүхдүүдийн байдлыг ажиж, судалгаа явуулж, тэдэнтэй ярилцана. Үүний тусламжтайгаар Японд амиа хорлолт 13 хувиар буурсан гэсэн үзүүлэлт байна. Харин манай оронд энэ жишиг хэзээ тогтох нь тодорхойгүй. Амиа хорлосон хүүхдийн шалтгааныг тодруулахад ихэнх нь гадуурхлаас үүссэн гутралаас үүдэлтэй аж. Сэтгэл гутрал нь депример буюу сэтгэлээр унах гэсэн үгнээс гаралтай. Энэ нь хэдэн сараас авахуулаад хэдэн жилээр ч үргэлжилж болдог нэг төрлийн сэтгэцийн эмгэг гэж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хэлж байна. Энэ нь зөвхөн гунигтай байхаар хязгаарлагдахгүй. Бие физиологийн хувьд өөрчлөлт орж эхэлдэг. Сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн тархины ихэнх хэсэгт идэвхгүй байдал давамгайлж байдаг. Үйл ажиллагааг хянах үүрэгтэй тархины бор гадаргын урд хэсэгт идэвхгүй байдал давамгайлснаар хүн эерэг мэдээллийг бус зөвхөн сөрөг мэдээллийг илүүтэй тархиндаа ачааллуулж эхэлдэг байна. Жендерийн хувьд эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол сэтгэл гутралд өртөх магадлал өндөр гэсэн судалгаа байна. Тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн сэтгэл судлаачдыг яаралтай бэлтгэж, сургуулиуд мэргэжлийн сэтгэлзүйчтэй байх шаардлага тулгарч байгаа юм. Хэдийгээр МУБИС, МУИС-д энэ мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг ч гараад ажлын байр хомс учраас мэргэжлээрээ ажиллах боломж бүрддэггүй тухай сургуулийн захиргаа халаглаж сууна.

ЦАХИМ ЕРТӨНЦӨД ХЯЗГААР ТАВЪЯ

Хэдийгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээллийн зуунд амьдарч байгаа ч, цахим ертөнцөд соёлтой оролцох ёстой. Ялангуяа, хүүхдээ хэнтэй харьцаж, ямар бичлэг үздэгийг нь нэг удаа шалгахад илүүдэхгүй. Энэ нь эцэг эхчүүдийн хүүхдийнхээ төлөө хийх зөв алхмын нэг юм. Учир нь цахим ертөнцөөс үүсэлтэй амиа хорлолт ихэсч буй талаар “Гэр бүл ухаан” ТББ-ын сэтгэлзүйч А.Раднаадорж ярьсан юм. Тэрээр “Би цахим сэтгэлзүйг 10 гаруй жил судаллаа. Хүүхдүүд цахим ертөнцөд орж мэдээлэл авах нь зөв ч үүнийг буруугаар ашиглах, энэ нь цаашлаад гэмт хэргийн золиос болох, гадуурхалд өртөх, амиа хорлох том түлхэц болж байна. Тиймээс цахим ертөнцөд насны хязгаар тавих нь зөв юм. Судалгааны явцад цахим гадуурхлаас болж хоёр хүүхэд амиа хорлосон хэрэг гарсан. Үүнийг судлаад үзэхэд хохирогч охин цахим хуудсаар хоёр жил нэг хөвгүүнтэй харилцсан. Дараа нь өнөөх хөвгүүнтэйгээ үерхээд салсныхаа дараа амиа хорлосон байсан. Шалтгаан нь хөвгүүнтэйгээ харилцсан бүх мессенжер түүхийг нь цахим ертөнцөд нэг нь дэлгэчихэж. Үүнээс болж ангийнхан нь харьцахаа больсон, шоолсон. Гэтэл эцэг эх нь 16-хан настай охиноо нэг залуутай хоёр жил цахим хаягаар харилцсаныг мэдээгүй гэж мэдүүлэг өгсөн байсан. Мөн элдэв групп их болж. Хүүхдүүд тэндээ элдэв гаж бичлэг, кино үзсэнээс сэтгэцэд нь өөрчлөлт орж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хаягийг хааяа шалгах нь зүй ёсны хэрэг” гэлээ.

Мөн сэтгэлзүйч цааш нь “Хүүхдээ зөвхөн багшид нь найдаад орхидог үе ард өнгөрчээ. Одооны хүүхдийн сэтгэхүй, амьдралыг харах өнцөг орчин, нийгмээ дагаад тэс өөр. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд аав ээж гэсэн сууринаас биш хүүхдийнхээ найз шиг харьцах гээд оролд. Тэднийг тэвчээртэй суугаад сонсдог байх хэрэгтэй. Түүнээс загнаж зандраад ямар ч нэмэргүй. Хүүхэд тань таниас улам л холдоно. Тэгэхээр хүүхдээсээ түрүүлээд ээж аавууд маань хүүхэдтэйгээ хэрхэн харьцах өөрсдийнхөө сэтгэлзүйг эхлээд бэлдэх ёстой. Зөвхөн хүүхэд гэлтгүй том хүн ч сэтгэлээр унаж, амиа хорлох замыг сонгодог. Энэ үедээ хамгийн түрүүнд сэтгэлзүйчид хандаж сурмаар байна. Өнөөдөр манай улсаас Японы сэтгэл судлалын сургуульд гурван оюутан сурч байна. Оюутнуудаа гадагшаа сургаж, мэргэжлийн сэтгэлзүйчид бэлдвэл амиа хорлолтын асуудал жаахан ч гэсэн багасна гэдэгт найдаж байна. Мөн гадаадын ихэнх орны байгууллага бүрт сэтгэлзүйч ажилладаг” гэсэн юм. Яг энэ арга л манай оронд нэвтрээгүй учир өнөөдөр бид энхрий үрсээ үхэл рүү хөтөлсөөр байна. Харин нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, статистик тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал В.Баярмаа “Хүний амьдралын нэг мөчлөгийг өсвөр үе гэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхэд наснаас насанд хүрсэн хүн рүү шилжих шилжилтийн үеийг хэлнэ. Энэ үед тухайн хүүхдэд сэтгэлзүй, бие махбодь болон нийгмийн талаас олон өөрчлөлт гардаг. Хүүхдэд насанд хүрсэн хүн болж төлөвшихийн тулд нийгэмтэйгээ, бусадтайгаа хэрхэн харилцах ёстой, яаж зөв хандлага, төлөвшлийг олох талаар хэн ч ярьж, зааж өгдөггүй. Шилжилт гэдэг үгийн цаана тогтворгүй, байнгын хөдөлгөөнтэй гэсэн санаа агуулагдаж байдаг. Тэгэхээр энэ тогтворгүй үедээ л тэд янз бүрийн хариу үйлдэл үзүүлдэг. Өсвөр насныхан эцэг эхчүүдээсээ илүү үе тэнгийнхнээ сонсдог. Энэ нь тэд өөрсдийгөө том хүн болж байгаа гэж ойлгодогтой холбоотой. Аль болох өөрсдөө асуудлаа тодорхойлж түүнийгээ шийдвэрлэх ёстой гэж боддог. Хэрэв тулгарсан асуудлаасаа гарах гарц олдохгүй бол амиа хорлох оролдлого үзүүлдэг” гэв. Хүүхдийн сэтгэхүй жамаараа хөгжихөд гэр бүлийн орчин хамгийн чухал нөлөөтэй. Учир нь амиа хорлогсдын 30 гаруй хувь нь гэр бүлийн тааламжгүй харилцаанаас болж энэ үйлдлийг хийдэг аж.

Энэ тухай сэтгэлзүйч В.Баярмаа “Хүүхдийнх нь сэтгэлзүйд ямар нэг байдлаар сэтгэлзүйн таагүй байдал хурц хэлбэрээр илэрч эхлэх үед нь эцэг эх нь сая нэг анзаарч, анхаарал тавьж эхэлдэг. Гэхдээ “Чам шиг ийм хүүхэд байхгүй”, “Хэнийгээ дуурайсан юм бол” гэх зэргээр зэмлэх, загнах хандлага гаргах нь бий. Гэтэл хүүхдийн сөрөг зан төлөв гаргах суурь нь бүр багаасаа тавигдсан байдаг. Энэ нь таатай уур амьсгалыг бүрдүүлж чадсан өв тэгш гэр бүлийн орчин тухайн хүүхдийг зөв шийдвэр гаргахад нь нөлөөлдөг. Харин багаасаа таагүй орчинд өссөн хүүхдийн сэтгэлзүйн асуудал шилжилтийн насанд илэрсэн тохиолдолд цэвэр эцэг эхтэй холбоотой” гэж зөвлөж байна. Гэр бүлийн орчинд сайн сонсогч, даган дуурайдаг, хүндэлдэг хүн байхгүй бол хүүхэд найзаасаа эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээс авсан дүрээр өөрийгөө баримжаалах, даган дуурайх тал байдаг. Магадгүй хамгийн их ярилцдаг, өөрийг нь сонсдог, өөрт нь нөлөөлдөг хэн нэгнийг найзаараа сонгож, буруу зүйлд уруу татагдах, уруу татах үйлдэл гаргахыг үгүйсгэхгүй. Тиймээс эцэг эхчүүд минь хүүхдэдээ цаг заваа зориулж, тэдний¬хээ үнэнч зөвлөх нь байж бяцхан зүрхийг нь аз жаргалтайгаар цохилуулъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж