
1804 оны нэгдүгээр сарын 1.Гайтичууд тусгаар тогтнолоо зарлан дэлхийд хамгийн анх хар арьстнуудын улс болжээ. Олон жилийн туршид харийнханд дарлагдсан тэд ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж, итгэж байсан нь лавтай. Улс орныхоо найм дахь Ерөнхийлөгчөөр 1949 оноос хойш Эрүүл мэнд, Хөдөлмөрийн яамны сайдаар ажиллаж байсан Франциос Дувальерыг 1957 онд сонгосон нь том алдаа байв. Цэргийн эрх мэдэлтнүүдийн талархлыг хүлээж, тэдний дэмжлэгийг авсан шинэ Ерөнхийлөгч дарангуйлагч болон хувирч өвөг дээдсийнхээ итгэлийг хөсөр хаялаа. Тэрбээр өөрийн засаглалын эсрэг босч, зоригтой дуугарсан бүхнийг үг дуугүй хөнөөж, гянданд хорьдог байв. Мөн сөрөг хүчнийхний улс төрд оролцох эрхийг хасч өөрийн тааваар ард иргэдээ дарлах болсон байна. Гэвч Франциос Дувальер хүнд өвчтэй байсан учраас 1971 онд хүү Жан Клауд Дувальерт суудлаа тавьж өглөө. Тухайн үед 19 настай байсан Ж.К.Дувальер дэлхийн хамгийн залуу Ерөнхийлөгч болж, түүхэнд нэрээ үлдээсэн ч “Нялх дарангуйлагч” хэмээх салшгүй гуншинг зүүжээ. Ирээдүйн дарангуйлагч хэтэрхий залуу байсан учраас Гайтийн улс төр, гадаад, дотоод хэрэгт оролцдоггүй байлаа. Тиймээс түүний эх Симоне Овидэ Дувальер хэсэг хугацаанд төр барьжээ. “Нялх дарангуйлагч”-ийн үед ч “Эцэг дарангуйлагч”-ийн дарангуйлал үргэлжилж, олон мянган хүн амиа алдсан байна. Эцэг, хүү дарангуйлагчид Гайтийг 29 жилийн турш үе дамжин захирсан бөгөөд энэ хугацаанд 40-60 мянган хүн амиа алдаж, ор сураггүй алга болсон байх юм. Ж.К.Дувальерийн төр барьсан 15 жилд Гайти улам хоосорч, үгээгүй ядуусын улс болон хувирсан нь хүн төрөлхтөний түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн аймшигтай бодит үнэн аж. Залуу Дувальер улс орондоо шинэчлэл хийхийг зорьж, нийгмийн чанга хатуу дэглэм бага ч болов суларсан нь түүний засаглалын цорын ганц дэвшил байсан юм. Гайтийн дотоодын үйлдвэрлэл зогсч, эдийн засгийн үзүүлэлт тэглэн ажилгүйдлийн түвшин тухайн үед дэлхийд тэргүүлэх боллоо. Эрх баригчид тансаг орд харшид амьдарч, гэдсээ хагартал идэж байхад ард түмэн нь өлсгөлөнгөөр амиа алдаж байжээ. “Нялх дарангуйлагч” 1980 онд анхны эхнэр Мишэл Беннеттэйгээ гэрлэсэн бөгөөд гурван сая ам.долларын өртөгтэй хурим хийжээ. Түүний гэрлэлт дэлхийд хамгийн их хөрөнгө зарцуулсан хурим болж “Гиннесийн амжилтууд” номд орсон бөгөөд үүнийг өнөөг хүртэл хэн ч эвдэж чадаагүй аж. Улс төр судлаачдын мэдээлснээр, Ж.К.Дувальер хар тамхи, хууль бус зэвсгийн наймааг эрх мэдэлтнүүдийн хүрээнд хөгжүүлж, мөнгө олдог байжээ. Түүнчлэн өлсгөлөнгөөр нас барсан хүмүүсийн эрхтнийг хил давуулан худалдаалж, багагүй хөрөнгө хуримтлуулсан аж. Гайти болон АНУ-ын Засгийн газрын албаны хүмүүсийн мэдээлснээр Ж.К.Дувальерийн гэр бүлийн хөрөнгө 400-800 сая ам.долларт хүрсэн аж. Энэ их хөрөнгийг улсын мөнгө шамшигдуулж, хувьдаа завшиж хуримтлуулсан бололтой. Тиймээс түүнийг олон улсын хэвлэлүүд “Эрх мэдэл, мөнгө, амь насны төлөөх Ерөнхийлөгч” хэмээн тодорхойлсон байгаа юм. “Эмнести интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллага түүнийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчлахыг Франц, Гайтийн Засгийн газар болон НҮБ зэрэг олон улсын байгууллагуудаас шаардаж байсан гэдэг.
Ажилгүйдэл, ядуурал, зовлон шаналал, эрх баригчдын дарангуйлалд нухлагдсан ард түмэн нэг л өдөр сэрж, 1985 оны дундуур бүх нийтийг хамарсан бослого гарган Дувальерийн гэр бүлийн засаглал ганхаж эхлэв. Ж.К.Дувальер энэ үед өөрийгөө Гайтийн цорын ганц хүчирхэг хүн гэдгийг анхааруулж байлаа. “Нялх дарангуйлагч” Гайтийн ард түмний хувьсгалд ялагдаж, 1986 оны хоёрдугаар сард эх орноосоо зугтан гарчээ. Түүнийг унагахад АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы засаг захиргаа багагүй үүрэг гүйцэтгэсэн. Ж.К.Дувальер Францын Засгийн газраас улс төрийн орогнол хүсч, өнгөрсөн 25 жилийн туршид Парист баян тансаг амьдарсан юм. Тэрбээр өөрийгөө нэг ч хүнийг хорьж, хороож байгаагүй бараг л гэгээнтэн мэтээр ярьж явсан гэдэг. Мөн улсын хөрөнгө шамшигдуулсан гэх асуудлыг ор үндэслэлгүй гүтгэлэг хэмээн өөрийгөө хаацайлж байв. Тэрбээр Гайтид эргэн очих хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан бөгөөд өөрийн гэсэн тойрон хүрээлэгчдийг ч бий болгоод амжжээ. Таксины жолооч, үл хөдлөх хөрөнгийн брокер, үйлдвэрийн ажилчин, газрын эзэн зэрэг Дувальерийнхны хүрээлэлд багтаж байсан хүмүүсийн үр сад түүнийг дэмжигчдийн бүлэглэлийг Парист байгуулсан байжээ. Ж.К.Дувальерийн Парис дахь байрны сар бүрийн түрээсийг төлдөг байсан дотны анд, хатагтай Ройгийн хэлснээр Холливудын одод ч “Нялх дарангуйлагч”-тай хамтардаг аж. Нэрт жүжигчин Анжелина Жоли 1990 онд иракчууд Кувейт руу дайрсан эхний өдөр Ж.К.Дувальертай анх уулзжээ. Тэрбээр “Нялх дарангуйлагч”-ийн олон нийттэй харилцах албаны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан аж. “Гайтийн дарангуйлагч 25 жилийн дараа эргэн ирлээ” гэсэн мэдээлэл дэлхий даяар шуугиан дэгдээж, Ж.К.Дувальер дахин олон улсын анхаарлын төвд орлоо. Тэрбээр энэ сарын 16-нд Порт-о-Принс хотод хөл тавьсан ч маргааш нь Гайтийн цагдаагийнханд баривчлагдсан байна. Түүнийг улсын хөрөнгө завшсан, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, авлига, хээл хахуулийг өөгшүүлсэн, хүний эрхийг ноцтой зөрчсөн зэрэг үндэслэлээр буруутгаж, эрүү үүсгэжээ. Порт-о-Принсийн ерөнхий прокурор өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Дарангуйлагчийн хувь заяа бидний гарт, тэр тусмаа ард түмний гарт ирлээ. Бид гэмтнийг цээрлүүлнэ” хэмээсэн байна. Ж.К.Дувальер эх орондоо эргэн ирэхийнхээ урьд өдөр Америкийн сэтгүүлч Мишэл Жилланд ярилцлага өгч ямар учраас нутаг буцах болсноо тайлбарлажээ. Тэрбээр өнгөрсөн жил болсон аймшигт газар хөдлөлтийн дараа ард түмэн нь зовж шаналж байгааг дурьдаж “Би гайтичуудад туслахаар очно” хэмээн өөрийгөө авралын элч мэтээр ярьжээ. Харин ажиглагчид түүний эргэн ирэх болсон шалтгааныг ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалттай холбон тайлбарлаж байна.
Т.ОТГОНБАТБАЯР
Зохиогчийн эрх: