-Хөрөнгө оруулахад эдийн засгийн эрсдэлгүй юм байна гэсэн ойлголт дээрээс яриагаа эхлүүлээд байсан түншүүд “одоохондоо шийдвэр гаргахгүй” гэсэн хариулт өгч эхэлсэн тул дараагийн бондын яриа хэсэгтээ зогсохоос өөр аргагүйд хүрчээ-
Засгийн газрын тэргүүнийг сольж, танхимын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах яриа Төрийн ордон хавьцаа өрнөж эхлээд цөөн бус хонож байна. Тэднийг өөрчиллөө гээд талхны үнэ буудаггүйгээс хойш энэ асуудал иргэдэд тийм ч их хамаатай бус. Тэглээ гээд татвар төлөгчдийн тоо хэвэндээ, тарьж ургуулсан тариа будааны хэмжээ хэвэндээ, тавьсан өр зээлийн тааз хэвэндээ байхаас цааш дараагийн ээлжийнхэн ирлээ ч та бидний амьдралд таатай зүйл мэдэгдэхгүй.
Эдийн засгийн нөхцөл байдал, экспортын орчин гээд биднээс хамаарал багатай гадаад, дотоод хүчин зүйлүүд өөрчлөгдөөгүй цагт дараагийн Засгийн газар ч бас өнөөгийн танхимын хэмжээнд л үүрэг гүйцэтгэхээс өөр юугаараа илүү байх вэ?! Илүү оноог энд хайснаас алдах оноог нь тоолбол харин ч илүү гарах байх.
Парламентад улс төрийн нэг хүчин үнэмлэхүй олонх болсон нь дөрвөн жилд Монголын улс төр, хууль эрх зүйн тогтвортой орчин хадгалагдах нэг нөхцөл гэж ажиглагчид үнэлсэн учраас гадаад зах зээл дээрээс босгосон бондын хүү харьцангуй тогтвортой, зээлжих зэрэглэл боломжийн хэмжээнд явж ирсэн. МАН эрх авсанд ч тэд баярласан юм биш, зүгээр л тогтвортой байдал хадгалагдана гэдэг үнэлгээ л үүнд нөлөөлсөн.
АН-ын үед босгосон “Чингис” бондын хүүгийн эргэн төлөлтийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар шинэ бонд гаргах замаар хойшлуулж, хүүгийн түвшинг ч боломжийн хэмжээнд барьсан. Яг энэ алхмыг хийж байх үед Монголд орж ирэх валютын нэг гол суваг “Эрдэнэт” үйлдвэртэйгээ УИХ нь хувь, хувьцааны маргаан хийгээд сууж байлаа. Түүнээс хойш “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа, хувьцааны өгөөж, ирээдүйн ашиг орлого хаана юу болж явааг өнөө хэр УИХ-ын түвшинд хэлэлцэж ярилцсан зүйлгүй л байгаа.
Төлөх хугацаа нь тулсан өрийг Засгийн газар нэг удаад хаасан. Үүний дараа ОУВС-гийн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Гадаадын хөрөнгө оруулагчид итгэл үзүүлэх маягтай болж ирээд байлаа. Тухайлбал, 2016 оны тавдугаар сард гаргасан “Мазаалай” бондын хүү тэр үед 10.85%-иар тогтож байсан бол 2017 оны гуравдугаар сард 7.75 % болон буурч ирсэн юм. Бондыг худалдан авсан гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдийн мөнгөний эрсдлийг тийнхүү бууруулан үнэлсэн хэрэг. Энэ бүхнийг тоочихын учир гэвэл “Чингис” бондын дараагийн ээлжийн 500 сая ам.долларын эргэн төлөлтийг ирэх оны нэгдүгээр сард хийх үүрэгтэй бөгөөд эх үүсвэрийг нь шийдэх яриа хэлэлцээ Засгийн газар солигдох сургаар гацаанд оржээ. Засгийн газар өмнөх эргэн төлөлтийг шийдвэрлэсэн зарчмаар дахин шинэ бонд гаргахаар гадаадын хөрөнгө оруулагчдад санал тавиад байгаа бөгөөд өмнөхийг бодвол илүү нааштай нөхцөлүүдийг тохиролцоод явж байжээ. Тодруулбал, хугацаа харьцангуй урттай, хүү багатай буюу 5% орчим байхаар зах зээлийн нөхцөл бүрдээд байсан гэж эх сурвалж хэллээ.
Харин Засгийн газрын тэргүүнийг өөрчлөх асуудал яригдаж эхэлснээс хойш хөрөнгө оруулагчид “эдийн засгийн орчин өөрчлөгдөх үү, ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх үү” гэх асуултуудыг тавиад эхэлжээ. Хөрөнгө оруулахад эдийн засгийн эрсдэлгүй юм байна гэсэн ойлголт дээрээс яриагаа эхлүүлээд байсан түншүүд “одоохондоо шийдвэр гаргахгүй” гэсэн хариулт өгч эхэлсэн тул дараагийн бондын яриа хэсэгтээ зогсохоос өөр аргагүйд хүрчээ. Мэдээж Засгийн газрыг өөрчлөх эсэх нь Монголын дотоод асуудал, үүнд хөрөнгө оруулагчид ямарваа шахалт үзүүлэхгүй. Харин үүнээс хамаарч яриа хэлэлцээ хэсэгтээ зогсох нь муу үр дагавартай. Ирэх оны нэгдүгээр сард “Чингис” бондын эргэн төлөлтийг хийхээс өмнө амжиж шинэ эх үүсвэр татах хэрэгтэй гэвэл энэ хэрээр хугацаа нь тулах тусам шинэ бондын үнэ буюу хүү өснө.
Тэгээд ч бидний амьдралд шийдэх асуудал ганц бондын эргэн төлөлтөөр тогтохгүй. Дотоод, гадаад хүчин зүйлээс хамааралтай олон асуудал нийлж байж бидний талх тариа элбэг хангалуун байх эсэхийг шийднэ. Засаг төрөө сольё хольё гэх яриа маань зөвхөн бидний хэрэг биш. Бид гадаад ертөнцийн өмнө ч бас үүрэг хүлээсэн улс шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин