Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа.
-Эдийн засгийн байдал сэргэж ногоон гэрэл ассан гэж яригдаж байсан. Өнөөдөр эдийн засаг ямар байдалтай байна вэ?
-Сүүлийн хэдэн жилийн дундажтай харьцуулж үзэхэд эдийн засгийн нийт дүр зураг сайжирч, эрүүлжиж байгаа. Өмнө нь баахан төгрөг хэвлэж ипотекийг санхүүжүүлсэн, үнэтэй долларын зээл авсан зэргээс болоод төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, эдийн засгийн тогтворгүй байдал үүссэн байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд, ялангуяа ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн чухал арга хэмжээ авсан нь зөвхөн дотоодод авсан арга хэмжээ гэхээс илүү гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчид хөгжлийн банкны болон сүүлд гаргасан Хуралдай бондыг худалдан авснаар эдийн засаг тогтворжих нөхцөл бүрдсэн.
-Өнөөгийн Засгийн газар хөрөнгө оруулагчдад хэрхэн хандаж байна вэ. Сөрөг хандлагатай байгаа дүр зураг харагдаж байна уу?
-Хөрөнгийн зах зээлийн шинжээч, санхүүч хүний хувьд харахад эрүүлжин тогтворжих дүр зураг харагдаж эхэлж байна. 30 хувийн хүү 4 хүртлээ буурсан. Ийм учраас гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл маш их сэргэсэн байсан. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Сангийн сайд, гишүүд хэн байна гэдгийг мэдэхгүй. Мэдэх ч албагүй. Тэдэнд улс төрийн тогтвортой байдал хэрэгтэй. Сүүлийн үед яригдаад байгаа Засгийн газрыг огцруулах үндэслэл дээр “Эрдэнэт”-ийн асуудал, хүүхдийн мөнгөний асуудал зэрэг улс төрийн хариуцлага байж болно. Аль ч улсад яригддаг. Харин энэ асуудлаас болоод гүйцэтгэх засаглалаа огцруулах нь гадаадын хөрөнгө оруулагчдад сөргөөр нөлөөлөөд эхэлчихсэн байна. Сүүлийн долоо хоногийн тоон үзүүлэлтээс үзэхэд Монгол Улсын Хөгжлийн банкны долларын бонд, Хуралдай бондын өгөөж өссөн байна. Энэ нь Монгол Улсын төсөв төлбөрийн баланс дээр эргэж, Монгол Улсыг эрсдэлтэй, тогтворгүй, найдваргүй зээлдэгч гэж үзэж эхэллээ гэсэн үг. Эндээс хэн ч хожихгүй. Засгийн газраа өөрчилсөн ч гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурч тэд Монгол Улсыг тогтворгүй гэж үзсэнээр төлбөр, зардал нь ард иргэдийн нуруун дээр ирнэ.
-Бондын төлбөрийг саяхан төлсөн. Дахин төлөх ёстой байгаа. Үүнтэй холбогдуулан ямар эрсдэл үүсэх магадлалтай вэ?
-Энэ жил төлөх байсан 500 саяыг шинэ бонд гарган төлсөн. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл үүссэн байсан болохоор маш бага хүүгийн зардалтайгаар хуучин өрөө шинэ өрөөр сольж чадсан. Харин одоо хэдхэн сарын дараа буюу 2018 оны нэгдүгээр сард Засгийн газар дахин Чингис бондын 500 сая ам.долларын төлбөр төлөх ёстой. Хөндлөнгийн шинжээч хүний зүгээс үзэхэд Засгийн газарт энэ мөнгө бэлнээр байхгүй. Магадгүй дахин бонд гаргаж санхүүжүүлнэ. Энэ улс төрийн тогтворгүй байдалд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурах нь шинээр авах зээл өндөр хүүтэй болохоос харагдана. Энэ өндөр хүүг улстөрчид төлөхгүй. Төсөвт тусч, сургууль, цэцэрлэг барих, тэтгэвэр, цалин нэмэх байсан мөнгөнөөс хасагдана. Энийг бид зөв ойлгох хэрэгтэй.
Д.Болор