Израилийн Засгийн газрын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Израиль Улсад айлчилж байна. Тэрбээр 8 дугаар сарын 24-ний өдөр Израилийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Б.Нетаньяахутай уулзаж, Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр монголын тал Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлж, Монгол Улс, Израиль Улсын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, давтамжийг хадгалах, улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, хүмүүнлэг болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар ярилцав.
Мөн Сайд Ц.Мөнх-Оргил Израилийн Хөдөө аж ахуй, орон нутгийн сайд У.Ариэлтэй уулзаж, тус улсын хөдөө аж ахуйн салбарт олж авсан ололт амжилтыг судлах, туршлага хуваалцах, энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллах талаар ярилцав. Израилийн тал манай төлөөлөгчдийг сүүний үйлдвэр, хүнсний ногоо, тариалангийн услалтын дуслын системийн аж ахуйтай танилцуулж, энэ оны намар болох усны аж ахуй, 2018 оны 5 дугаар сард зохиогдох хөдөө аж ахуйн олон улсын үзэсгэлэнд оролцохыг тус тус урив.
Айлчлалын үеэр хоёр улсын ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар ярилцан, санал солилцож, дүнгээр нь Монгол, Израилийн хооронд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурав.
Уг протоколд талууд хоёр улсын хоорондын улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрснийг тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын хооронд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг онцолж, хамтран ажиллахаар тогтов. Мөн хоёр орны хооронд хөдөө аж ахуй, эрүүл мэнд, байгаль орчин, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцов. Түүнчлэн залуу удирдагчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг солилцох, мэдээлэл, холбоо, кибер аюулгүй байдлын салбарт хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар болов.
Мөн нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризм, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, өмнө нь эхлүүлсэн тохиролцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар ярилцаж, сургалт зохион байгуулах, багш, мэргэжилтэн урьж ажиллуулах саналыг тавьж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар болов.
Израиль Улс нь дэвшилтэт технологи, кибер аюулгүй байдал, биотехнологи, хөдөө аж ахуй, хүлэмжийн аж ахуй, цөлжилтийг сааруулах, ногоон байгууламжийн төлөвлөлт, усны нөөцийн менежмент, говь, цөлийн бүс нутагт барилга байгууламж барих, хот байгуулах, сэргээгдэх эрчим хүч, мэдлэгт суурилсан эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбар, чиглэлд арвин их туршлага хуримтлуулсан орон юм. Дээр дурдсан бүхий л чиглэлээр израилийн тал жил бүр манай 35 мэргэжилтний сургалтын зардлыг хариуцаж сургахаар тохиролцов.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ