Ш.Гунгаадорж: Энэ Засгийн газарт ажиллах боломж хомс байна

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Ш.Гунгаадорж: Энэ Засгийн газарт ажиллах боломж хомс байна

Ш.Гунгаадорж: Энэ Засгийн газарт ажиллах боломж хомс байна

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, Хөдөө аж ахуйн ухааны доктор, гавьяат агрономич Шаравын Гунгаадоржтой ярилцлаа.

-Ерөнхий сайдыг огц¬руулах бичигт 20 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсны эргэн тойронд янз бүрийн байр суурь өрнөж байна. Засгийн ачааг таталцаж явсан, Ерөнхий сайд байсан хүний хувьд та өнөөгийн байдалд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Бид засаг, төрийн өдөр тутмын ажилд оролцдоггүй ч хэвлэл, мэдээлэл, үйл ажиллагааны байдлаас цаг мөч тутамд ажиглаж суудаг. Бас санаа зовох юм ч байна. МАН үнэмлэхүй олонх болж, парламентад 65 суудал авч Засгийн газраа байгуулж ажиллаад жил тойрлоо.

Энэ Засгийн газар ямар эдийн засгийг, ямар улс орныг хүлээж авсан билээ гэдэг тодорхой байгаа. Өнгөрсөн дөрвөн жил амаргүй байдалд орчихсон тийм л улс орныг хүлээж авсан. Ингэхдээ өмнөхөөс нь дордуулаагүй. Бас ч гэж нааштай байдал бий болсон. Ард түмний амьдрал сэвхийтэл сэргээгүй ч гэсэн эдийн засаг жаахан дээшлэх нь үү дээ гэсэн төлөв байдал үүссэн. Энд Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн ч бий, нөгөө талаас ОУВС-тай хамтарч ажилласан нь чухал алхам болсон. Энэ бол УИХ, Засгийн газрын хамтарч шийдсэн ажил. Үүнээс өөр арга зам байгаагүй. Гэрээгээ биелүүлээгүй, зөрчсөн гэх мэт яриа хөөрөө өнөөдөр засгийг унагах нэг шалтгаанд орж яваа юм шиг байна лээ. Гэсэн хэдий ч урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн эхний хэсэг орж ирснээр л эдийн засаг жаахан амьсгаа авах, түүхий эдийн зах зээл дээр үнэ өсч байгаа үед нааштай тал ажиглагдаж байгаа. Үүнийг ард түмэн ч гэсэн харж байна. Ийм нөхцөлд уг нь Засгийн газраа тогтвортой байлгамаар байгаа юм. Засгаа огцруулна гэдэг тийм ч хүсээд байх зүйл биш. Хэн Засгийн газрын тэргүүн, сайд байх нь хамаагүй. Нэгэнт нам дотроо яриад Засгийн газраа байгуулан үүрэг чиглэлээ өгөөд ажилласан бол нэг жил гэдэг эцсийн дүн тавьчих хугацаа биш шүү дээ. Эхний зургаан сард ОУВС-тай хэлэлцээ хийх, гэрээний нөхцөлүүдээ эргэж харах гэхчлэн бужигнаад өнгөрсөн. Үндсэндээ 6-7 сар л ажил явлаа. Өнөөдөр Засгийн газраараа оролдож шуугиад байх нь миний бодлоор, 60-аад жил энэ намд үнэнч яваа гишүүний хувьд сайхан харагдахгүй байна. Цаашаа од гийгээд, сайхан болчихно гэж бодоход ч бас төвөгтэй байна.

-Ер нь Засгийн газраараа оролдох нь хэр үр дүнтэй байдаг юм бол?

-Үүнийг чинь өмнөх дөрвөн жилд АН-ынхан хангалттай харуулсан шүү дээ. Н.Алтанхуягийн Засгийн газрыг болохгүй байна гээд огцруулсан. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд өөдтэй юм хийж чадалгүй явсаар дөрвөн жилийг авсан. Эцэст нь ард түмэн, улс орон л хохирсон. Том утгаар авч үзвэл, ер нь засаг тогтвортой байх нь чухал, тэр тусмаа нэг нам дангаараа байгуулсан үед. Олон нам нийлсэн хамтарсан Засгийн газрын үед наана, цаана асуудал байвал байх. Гэтэл парламентад олонх болж, засгаа дангаараа бүрдүүлж жил тойрон ажиллачихаад огцруулъя гэдэг нь сайны дохио биш. Үлдэж буй хугацаа хэр билээ. 2020 он гэж ярьж буй ч хэрэг дээрээ 2018 он шүү дээ. 2019 онд ажил дутуу, хөтүүхэн явсан болоод сонгууль эхэлчихнэ. Эд бүгдийг эргэцүүлж, том утгаар харж хэлэхэд, өнөөдөр засгаар оролдох цаг биш. Харин яаж ажлаа сайжруулах вэ, энэ засгийг яаж шахаж ажиллуулах вэ, ямар шаардлага байна. Магадгүй зарим сайд ажлаа муу хийж байгаа бол түүнийг огцруулж, Засгийн газартаа нэлээд хатуу чиг үүрэг өгч явах ёстой байх.

-Засгийн газрын алдаа, онооны тухайд та юу хэлэх бол?

-Энэ засагт алдаа, оноо бий. Намын дарга нь УИХ-ын дарга болсон нь ч буруу. Өмнөх дөрвөн жилд АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргыг давхар хийгээд, намаа, төртэй хамт атгачхаад Засгийн газартаа ямар ч эрх өгөхгүй, ажил хийлгэхүй байсан. Тэр үлгэрийг М.Энхболд яг дагасан. Үүнийг би эхнээс нь шүүмжилж, “Өдрийн сонин”-д томоохон шүүмж бичсэн. Хэвлэлээр ч ярьсан. Нам, төрийг нэг хүн атгах буруу шүү дээ. Иймд М.Энхболд та Ерөнхий сайдаа хий,засгаа авч ажилла гэж мөн ч олон хэлсэн дээ. Би М.Энхболд гэдэг хүнд муудаа биш, нам маань сайн байгаасай, ард түмний итгэл хүлээлгэсэн энэ засаг сайн ажиллаасай гэсэндээ л тэр. Энэ бүхнийг би “Мордохын хазгай” гэж харж байгаа. Тэр нь ужгирч явсаар өнөөгийн засаг төр бужигнах нэг шалтгаан боллоо. “Мордохын хазгай” гэгч болсон. Түүнээс биш засаг муудаа юм уу, муу ажилласандаа уначихаж байгаа юм биш. Засгийн газартаа бүрэн дүүрэн ажиллах боломжийг нь олгох ёстой байсан шүү дээ, энэ УИХ. Тийм боломж энэ Засгийн газарт 100 хувь олдоогүй. УИХ нь ч, гишүүд нь ч, намын даргын зүгээс ч гэсэн янз янзаар жолоодож, залаад, тэр нь нүдэн дээр харагдаж ч байсан. Хамгийн том шалтгаан бол Ерөнхийлөгчийн сонгууль намын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн.

-МАН-ын гишүүд дотроо зөрчилтэй, тэр нь намаа хагалахад хүрч байна уу даа?

-Би тэгж бодохгүй байна. Энэ нам олон жилийн уламжлалтай, барагтай бэрхшээлийг туулаад гардаг. Одоо ч гарна. Харин хоорондоо маргах, наана цаана болох зүйл гарч байх шиг байна. Намын дотоод хурлаа явуулж, Их хурлаа хийж эргээд хэвэндээ орох байх. Гэхдээ намаа шинэчлэх хэрэгтэй болжээ.

-Шинэчлэл ямар байх ёстой бол?

-Намаа нэг хүний хэт хараат байдлаас гаргах хэрэгтэй. Ийм зүйлүүд манай намд ажиглагдаж байна. Намын дарга хаашаа, бусад нь тийшээ, Бага хурлын 300 гаруй гишүүн намын даргыг дагаж хуйлраад байдаг. Үүний урхаг Ерөнхийлөгчийн сонгуулиар гарсан. Бага хурлын гишүүдийн 50 хувь нь энэ хүнийг нэр дэвшүүлнэ гээд гаргаад ирсэн юм байхгүй шүү дээ. Гурван хүн нэр дэвшиж, бусад нь нэрээ татсанаар намын дарга гараад ирсэн. Өөрөө зүтгэж байгаа юм хойно яах ч аргагүй бусад нь нэрээ татах шиг болно лээ. Энэ чинь цаанаа бас нэг юм байгааг л харуулж байгаа хэрэг. Түрүүн хэлсэнчлэн энэ бүхэн явсаар засаг огцрох нэг шалтгаан боллоо. Намын дарга УИХ-аа аваад, Ерөнхийлөгчид өөр хүн дэвшүүлсэн бол өнөөдөр ийм бужигнаан болохгүй, аль ч шатанд ажил тайван үргэлжлэх байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшээд гардаг, гардаггүй янз бүр л байдаг шүү дээ. Тэгээд өөртэй нь холбоотой үнэн, худал янз бүрийн юм гарлаа. Ард түмэн нэг хэсэг нь үнэн гэж ойлгоод байна шүү дээ. Түүнийг би “үнэн” гэж баталж хэлж байгаа юм биш, худлаа байсан ч гэсэн тэр хүний нэртэй хоёр юм холбоотой байсаар байгаад хөдөө, хотгүй уналаа. Тэр хүн өөртөө дүгнэлт хийж, миний рейтинг ямар байгаа билээ. Зүгээр нэг хурал удирдаж, Бага хурлын гишүүдээ гар өргүүл¬чихээд “би сайн байна” гэж бодож болохгүй шүү дээ. Цөөн хүнээр хүрээлүүлж, залуус, ахмад, эмэгтэйчүүд, ард түмнийг сонсдоггүйн гай энэ. Эцэст нь засаг огцрох, нам дотор янз бүрийн санаа оноо гарахад хүргэлээ.

-Гэвч, одоо намынх нь 20 гишүүн өргөх бичиг барьчихлаа. Дээр нь АН-ын бүлгийн есөн гишүүн, МАХН-ын О.Баасанхүү, бие даагч гишүүн С.Жавхлан нар нэмэгдэж асуудлыг шийдчих дүр зураг харагдаж байх шиг?

-Магадгүй. Ер нь ийм л байдал үүсчихлээ л дээ. Их хурлын дарга өөрөө алга байна. Байхгүй ч байлаа гэсэн, ирээд хуулийн дагуу хэлэлцүүлж таарна. Эргэх нөхцөлгүйгээр асуудал нэгэнт иймдээ тулсан бол гарын үсгээ зурсан тэр гишүүд ч, кноп дарж байгаа гишүүд ч тэр өөрийгөө ард түмний төлөөлөл гэдгээ ухамсарлаж, улс эх орны эрх ашгийн үүднээс шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэнд засаг огцруулсны дараа би яах ч үгүй гэсэн санаа бодолтой нэг ч хүн байж болохгүй.

-Засгийн газар огцорлоо гэж үзэхэд, дараагийн нөхцөл байдлыг ч та бас бодсон л байх?

-Муу ёрын юм яримаар¬гүй байна. Би бол засгаа огцруулахгүй байгаасай гэж бодож бай¬гаа. Гэхдээ байд¬лыг хараад байхад огц¬руу¬лах асуудал зайлш¬гүй гарчих гээд байгаа нь харамсалтай. Хэрэв иймдээ тулбал, хоорондоо толхилцож, алба тушаалаа булаацал¬даад байлгүй хурдан ший¬дэх хэрэгтэй. Дараа¬гийн бүрэлдэхүүнээ шуур¬хай томилох ёстой. Ажлаа сайтар мэддэг, туршлагатай, дан дээл¬тэй сайд нарыг тавих хэрэг¬тэй. Ер нь бол зас¬гаараа оролдох нь маш бу¬руу ажил, хэрэггүй юм хийж байна гэдгийг хэлэх байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж