Take That дөрвөн гишүүнтэй үлдлээ90-ээд оны дундуур Их Британид төдийгүй дэлхийн олон орны залуусыг байлдан дагуулж, дуунууд нь хит парадыг тэргүүлж байсан Take That хамтлагт дуучин Робби Виллиамс эргэн нэгдэх болсныг фэнүүд нь тэмдэглээд зургаан сар болж байгаа билээ. Гэвч хамтлагийн ахлагч Гэри Барлоу энэ нэгдэлт түр зуурынх гэж мэдэгдсэн байна. Хамтлагийн таван гишүүд бүгд эргэн нийлнэ гэдэг яриаг удтал үгүйсгэж байсны эцэст өнгөрсөн сард соло дуучин Робби Виллиамс хамтлагтаа эргэн ирснээр тэд дахин хамтарч "Progress" нэртэй шинэ цомог гаргасан нь Их Британи даяар хамгийн хурдан борлогдсон цомог болсон юм. Цомог гарсан даруйдаа өдөрт 230 мянган хувь зарагджээ. Хамтлагийн ахлагч Гэри Барлоу 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэн BBC Radio 2 –ын өглөөний нэвтрүүлэгт оролцохдоо хамтлагийн нэгдэл түр зуурынх бололтой хэмээн ярьсан байна. Тэрбээр “Хэдийгээр бид илүү ихийг туурвина гэж бодож байгаа ч Робтой учраа олохгүй байна. Тиймээс хамтлаг дөрвөн гишүүнтэйгээ үлдэж таарч байх шиг байна” гэжээ. Мөн Гэри Барлоу төрсөн өдөртөө зориулан хорин жилийн урын сангаас бүрдсэн дуунуудаар Лондонд "GB40" нэртэй баярын концерт тогложээ.