Багш, эмч нар орон нутгийн нэмэгдлээ алдахаас эмээж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

Багш, эмч нар орон нутгийн нэмэгдлээ алдахаас эмээж байна

Багш, эмч нар орон нутгийн нэмэгдлээ алдахаас эмээж байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлж, олон нийтийн оролцоог хангахын тулд орон нутагт бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн санал авахаар УИХ-ын Тамгын газраас томилогдсон долоо дахь баг наймдугаар сарын 14–27-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт ажиллаж байгаа билээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан төсөл хэлэлцүүлэгч баг өчигдөр /2017.08.24/ үдээс өмнө Орхон аймгийн Жаргалант сумын Нутгийн удирдлагын ордонд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт аймаг, сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ажилтнууд, гурван багийн Засаг дарга нар зэрэг 30 орчим хүн оролцлоо. Төсөл хэлэлцүүлэгч баг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд багцалсан зургаан сэдвийг тэдэнд дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Харин үдээс хойш сумын Соёл-мэдээллийн төвд болсон нийт иргэдийн хэлэлцүүлэгт 150 орчим хүн оролцож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал бодлоо илэрхийллээ. Энэ хэлэлцүүлэгт мөн Орхон аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир оролцсон бөгөөд тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хэсгийг ахалж байгаа юм.

Тус сумын хэмжээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахиа хэлэлцэж байгаа бөгөөд энэ удаагийн хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Ц.Батбаатар үг хэлэхдээ “Монголын өнөөгийн нийгэм Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеийнхээс нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд ихээхэн өөрчлөгдсөнөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн. Шинэ Үндсэн хуулийн дэглэм үйлчилсэн 25 жилийн хугацаанд төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт-тэнцлийг хангах, улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлж, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулахтай чиглэлээр нийгмийн хөгжлийн шаардлагаар урган гарсан зургаан сэдвийн хүрээнд өөрчлөлт оруулж буй”-г тайлбарлалаа.

Үүний дараа Улсын Их Хурлын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах удаа дараагийн санаачилга хэрхэн гарч байсан, эдгээр өөрчлөлт ямар үе шат дамжин хянан боловсруулагдаж ирснийг танилцуулав. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуульд нэг удаа, 1940, 1960 оны хуулиудад тус бүр 16 удаа, харин 1992 оны Үндсэн хуульд мөн нэг удаа, нийт дөрвөн Үндсэн хуульд 34 удаа өөрчлөлт оруулж байжээ. Монгол Улсын Үндсэн хуульд тодорхой асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Улсын Их Хурлын гишүүдээс 2000, 2011, 2012, 2015 онд Улсын Их Хуралд тус тус өргөн мэдүүлж байсан бөгөөд өнөөгийн байдлаар УИХ-ын Тамгын газар долоон төсөл хүргүүлээд байгааг тэрбээр дурдсан юм.

Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-т “…эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төр бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж байж шийдвэрлэнэ” хэмээн тусгасан байдаг. Мөн Улсын Их Хурлаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг 2017 оны хоёрдугаар сарын 9-нд баталсан бөгөөд уг хуульд зааснаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох”-д Зөвлөлдөх санал асуулгыг заавал явуулахаар хуульчилсан байна. Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл явцад олон нийтийн оролцоог хангаснаар иргэдийн түүнд итгэх итгэл, Үндсэн хуулийн хууль ёсны байдал улам нэмэгдэх учиртай аж.

Иймд Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг долоо хэмжиж, нэг огтлох зарчмын дагуу Монголын нийгэм дэх Үндсэн хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, Үндсэн хуулийн үндсэн бүтцийг эвдэхгүй, харин улам бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард нийтээр хэлэлцүүлж байгаагүй, ялангуяа 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдийнхээ оролцоог хангаагүйгээс олон нийтийн нэрлэснээр “дордуулсан долоон өөрчлөлт” болсон байна. Ийнхүү үе үеийн парламент дамжин яригдаж, олон удаагийн тандалт судалгаа хийсний эцэст хоёр үе шаттайгаар зохион байгуулсан Анхдугаар зөвлөлдөх санал асуулгад Орхон аймгаас 30 гаруй хүн оролцсоныг Э.Түвшинжаргал дарга яриандаа тэмдэглэсэн юм.

Жаргалантын хувьд зам харилцаа, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, урд хойд хоёр хөрштэй төмөр замаар холбогдсоны дээр төвийн эрчим хүчний системд холбогдсон сум. Сумдын түвшинд нэгдсэн байдлаар хоёр удаа хэлэлцүүлэг хийх ёстой бөгөөд Жаргалантынхны хувьд өнөөдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотой асуудлууд байв. “Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот /орон нутгийн чанартай/-д, сум нь баг болон тосгонд … хуваагдахаар, хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох”-оор төсөлд тусгасан байгаа. Эл заалттай холбоотойгоор олон хүн саналаа илэрхийлэхдээ Эрдэнэт улсын чанартай хот болбол Жаргалант сум хороо болж өөрчлөгдөнө. Ийм тохиолдолд сумын иргэдэд төрийн үйлчилгээ хүргэж байгаа өнөөгийн байгууллагууд хэрхэн өөрчлөгдөж, төрийн үйлчилгээний хүртээмж сайжрах эсэх, сумынхаа хилийн дээсийг тэлж, газар нутгаа өргөсгөх боломжтой эсэхийг лавлаж байв.

Тухайлбал, Жаргалант сумын иргэн Г.Мягмарсүрэн хууль батлахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал дээр учир дутагдалтай байгаа, орон нутагт ажлаа ил тод тайлагнадаг байгууллага байхгүй болсныг шүүмжлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улаантолгой багийн иргэн Н.Тавхай хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг эргүүлэн татах заалт оруулах, мөн багийн иргэн Н.Адьяа улс төрийн намуудын тухай заалтыг Үүндсэн хуульд тусгах нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Иргэдийн хамгийн гол санаа зовж байсан зүйл бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсноор аймгийн статусаас хотод шилжвэл эмч, багш, цагдаа зэрэг төрийн ажилтнуудад 3-5 жилд олгодог нэмэгдлүүд байхгүй болно гэдэг асуудал байв. Ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Бямбасүрэн энэ талаар эмзэглэж байгаагаа илэрхийлэхэд Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир багш нартай холбоотой асуудал дээр тэдэнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлээд “Ирэх есдүгээр сард багш нар таван жилийн нэмэгдлээ авах ёстой. Эрдэнэт урьдын адил хотын статустай болж, Жаргалант болон багууд хороо болно, тэгэхээр энэ нэмэгдэл байхгүй болох ч саяхан багш нарын нийгмийн баталгааг хангах, орлогыг нь бууруулахгүй байхад анхаарч, хуулинд тодорхой заалт оруулсан тул одоо авч байгаа нэмэгдлийг нь өөр заалтаар оруулж өгнө” гэлээ. Харин Улсын Их Хурлын ахмад ажилтан Р.Хатанбаатар энэ асуудлыг тодруулж “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орвол түүнийг дагаад маш олон хуульд өөрчлөлт орох тул төсөл батлагдсан тохиолдолд дээрх асуудлууд 2020 оноос яригдаж,Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиараа зохицуулагдана. Ийнхүү хэрэгжих хугацааг хойшлуулж заасан нь эдгээр дагалдах хуульд өөрчлөлт оруулах хугацаа олгож буй хэрэг гэдгийг тайлбарлав.

Эрдэнэт хот болсноор 1992 оноос хойшхи олон жилийн хүлээлт шийдэгдэж, ирээдүйн хөгжлийн чиг хандлага нь илүү тодорхой болно. Жаргалант сум хороо болж, одоо байгаа давхардсан бүтцүүд арилж, төрийн үйлчилгээ иргэддээ илүү сайн хүрдэг болно. Амьдрал дээр болж бүтэхгүй байгаа нь харагдаж байгаа учир одоо Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь нэгэнт болсон. Тиймээс иргэд хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцож, саналаа хариуцлагатай өгөөрэй гэж Д.Дамба-Очир гишүүн захиж байлаа.

УИХ-ын Тамгын газраас томилсон 7 баг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажил үндсэндээ өндөрлөж байна. Нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд зургадугаар сарын 5-наас эхлэн саналаа ирүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. Төсөл хэлэлцүүлэгч багийнхан иргэдийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой мэдээлэл бүхий гарын авлагаар хангаж, сургагч багш нарыг бэлтгэснээр сургагч багш нар нь сум, багтаа хэлэлцүүлэг зохиож иргэдийнхээ саналыг авах юм. Иргэд мөн гар утасны аппликейшн ашиглах юм уу Parliament.mnсайтаар орж саналаа цахимаар өгөх боломжтой. Үүнээс гадна Монгол шуудан компанийн сум, орон нутагт байгаа бүх салбараар саналын хуудас тараасан бөгөөд иргэд тэндээс саналаа үнэ төлбөргүй илгээж болох юм.

Монгол Улсын суурь, эцэг хууль болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцүүлэгч тус баг маргааш Орхон аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж, холбогдох зургаан сэдвийн хүрээнд иргэдийн саналыг авах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.


Тодруулга

Монгол орон даяар атрын II аян зохион байгуулах зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны долдугаар сарын 30-ны өдрийн 249-р тогтоолоор Эрдэнэт хотын хүн амыг төмс хүнсний ногоо, сүүгээр хангах Улаантолгойн сангийн аж ахуйг байгуулжээ.

1976 оны 11-р сарын 22-нд ХААЯ-ны холбогдох албан тушаалтнууд, Булган аймгийн Ингэт толгой болон Улаантолгойн сангийн аж ахуйн удирдлагууд оролцсон хоёр талын комисс байлцан Ингэт толгойн сангийн аж ахуйн харьяа Улаантолгой дахь тасгийн үр тарианы бригадын барилга байгууламж, техник хэрэгслийг хүлээлцэн тэнд ажиллаж байсан тариаланч, механикжуулагчдыг шилжүүлэн авсан байна.

1976-1978 онд Улаантолгойн сангийн аж ахуй нь ашиглалтын өмнөх гүйцэтгэх захиргаа хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 1978 оны нэгдүгээр сарын 30-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Эрдэнэт хотын Жаргалант хороо болгон зохион байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж