ДАШТ: Эрчүүд хэрхэн сугалаа татав

Хуучирсан мэдээ: 2017.08.25-нд нийтлэгдсэн

ЧӨЛӨӨТ БӨХ - ДАШТ 2017

ДАШТ: Эрчүүд хэрхэн сугалаа татав

ДАШТ: Эрчүүд хэрхэн сугалаа татав

“Парис-2017” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр (2017.08.24) өндөрлөж, өнөөдрөөс эрчүүдийн өрсөлдөөн эхэлнэ. 

Өнөөдөр Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 57 кг-д, ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-д, О.Үйтүмэн 86 кг-д, Н.Золбоо 125 кг-д тус тус хүч үзэх бөгөөд манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

57 кг: Э.Бэхбаяр

Үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, “Хангарьд” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны Улукбек Жолдошбековтой хүч үзэхээр боллоо. Түүнийг ялбал ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Бека Ломтадзе, залуучуудын дэлхийн аварга Туркийн Сулейман Атли нарын ялсантай барилдана. Энэ хэсэгт ОХУ-ын Заур Угуев, Японы Юүки Такахаши, Энэтхэгийн Сандееп Томар гээд бараг бүх шилдгүүд багтжээ.

61 кг: Т.Түвшинтулга

Үндэсний шигшээ багийн тамирчин, “Аваргууд” академийн бөх, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга эхний тойрогт Беларусийн Хусейн Шахбановтой барилдана. Түүнийг ялбал олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвили хүлээж байна. Тэдний зоонд өнгөрсөн жилийн Логан Стейбер, энэ жилийн Оросын аварга Гажимурад Рашидов, Европын гурван удаагийн аварга, тува гаралтай турк эр Чингисхан Эрдоган нарын гол өрсөлдөгчид багтжээ.

86 кг: О.Үйтүмэн

Үндэсний шигшээ багийн тамирчин, “Алдар” спорт хорооны бөх, ОУХМ Оргодолын Үйтүмэн эхний тойрогт Украины Любомир Сагалюктай тэгшитгэлд оноолт таарчээ. Түүнийг ялбал Унгарын Иштван Вереб хүлээж байна. Энэ жингийн шилдгүүд болох олимпийн аварга Ираны Хассан Яздани, олимп, дэлхийн дэд аварга Туркийн Селим Яшар, Пуэрто-Рикогийн Жейми Эспанол, энэ жилийн Оросын аварга Владислав Валиев, Азербайжаны Александр Гостиев нарын шилдгүүд түүний дээд хэсэгт бөөндөө багтжээ.

125 кг: Н.Золбоо

Үндэсний шигшээ баг, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо эхний даваанд “Рио-2016” олимпийн наадам, Дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга Туркийн Таха Акгультай барилдахаар боллоо. Н.Золбоо нэг номерийг сугалснаар энэ жингийн тэргүүн бөхийн аманд очив.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж