Үйлдвэрлэгчид импортын хоригоо цуцлахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэгчид импортын хоригоо цуцлахыг хүсэв

Өнгөрсөн зун Хятадад гахай, шувууны өвчин гарсантай холбогдуулан МХЕГ-аас гахайн өөх импортлохыг түр хугацаагаар хориглосон. Түүнээс хойш урд хөршид гахай, шувууны өвчин гараагүй ч гахайн өөхний импортод тавьсан хориг цуцлагдаагүй байна. Үүнээс болж дотоодын хиам, мах үйлдвэрлэгчид хиамны гол түүхий эд болох гахайн өөхгүй болсоор зургаан сарын нүүр үзжээ. Үйлдвэрлэгчид энэ талаар МХЕГ-т олонтоо хандсан боловч “Манай газрын дарга өөрчлөгдсөн. Одоогийн үүрэг гүйцэтгэгч хориг цуцлах эрхгүй” гэсэн хариугаар ам тагласаар өнөөдрийг хүрчээ. МХЕГ-ын дарга хэзээ томилогдохыг хүлээсээр хиамны үйлдвэрүүд зогсоход хүрсэн байна. Үйлдвэрлэгчид аргагүйн эрхэнд гахайн өөхийг хонины сүүлээр орлуулж үзжээ. Гэвч хонины сүүлний өөх царцуу учир хиаман бүтээгдэхүүнийг аргуун болгодог аж. Гахайн өөх тасарсан сургаар хонины сүүлний үнэ сүүлийн саруудад эрс өсч, 3000 төгрөг байснаа 5500-6000 төгрөг болон нэмэгдээд байгаа юм. Аргаа барсан зарим үйлдвэрлэгч өөр улсаас гахайн өөх импортолжээ. “Махимпекс” ХК л гэхэд Польш улсаас гахайн өөх оруулж ирж байгаа боловч зардал нь урд хөршөөс оруулж ирэхээс нэг дахин үнэтэй тусч байгаа аж. Өнөөдрөөс МХЕГ-ын даргаар томилогдсон  Р.Содхүүг гахайн өөхний импортын хоригийг цуцална гэдэгт найдаж байгаагаа үйлдвэрлэгч нар хэлж байлаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж