ШТС-ууд ”Минажуулах” ажлаа зогсоохгүй нь

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

ШТС-ууд ”Минажуулах” ажлаа зогсоохгүй нь

Иргэдийн газрыг худалдаж аваад оронд нь “минажуулах” үйлдэл хийх явдал олширчээ. Сүүлийн нэг жилийн дотор шатахуун түгээх 10 станц нийслэлд баригдсаныг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Эдгээрийн зургаа нь хууль бус объект. Цаана нь 40 орчим нефтийн бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа явуулж буй. Мөн дээрх шатахуун түгээх станцуудаас өнөөдрийн байдлаар 23 нь гэр хороолол дунд, иргэдийн яндангаас гарах цогийн улмаас их хэмжээний гал гарах эрсдэл дагуулж байна. Зарим компани нэг дүүрэгт л гэхэд гурван шатахуун түгээх станц барьсан байх жишээтэй. Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт ямар ч зөвшөөрөлгүйгээр нэгэн шатахуун түгээх станцыг ажиллуулсаар байгааг газар дээр нь очиж үзлээ. Түүнээс гадна “Магнай трейд” компанийн есөн шатахуун түгээх станц нийслэлд мөрддөг норм, журмыг зөрчсөөр байгаа бололтой. Хэдийгээр Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас удаа дараа акт, дүгнэлт бичсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Ийм байдлаар шатахуун борлуулагчид Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг боймолж шатахуун түгээхээсээ илүү “Шатаах уу, түлэх үү” хэмээн иргэдээс заналтайгаар асууж байна. Холбогдох байгууллагаас гаргасан судалгаагаар шатахуун түгээх станц нэг километрээс дотогш талбайд гал авалцуулах аюултай байдаг аж.

Нийслэлийн Мэргэж­лийн хяналтын газрын Ба­рил­га, техни­кийн хянал­тын улсын байцаагч Н.Гантулгаас зарим зүй­лийг тодрууллаа.

-Шатахуун түгээх станц барих зөвшөөрлийг танайх олгодог гэсэн. Тэгвэл эдгээр станцууд дийлэнх нь хуулиас гадуур хөдөлсөн болж таарч байна уу?

-Тийм ээ. Улсын комисст хүлээл­гэж өгөлгүйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн газрын тосны бүтээгдэхүүний гурван агуулах, олон шатахуун түгээх станц байна. Хуулийн дагуу бол эхлээд Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авдаг. Дараа нь Улаанбаатар хотын ерөнхий архитектороор зураг төслөө батлуулдаг юм. Гэтэл энэ жил л гэхэд шатахуун түгээх зургаан станц зөвшөөрөлгүйгээр үйл ажиллгаа явуулж байна. Тэдний хувьд иргэдээс газрыг нь худалдаж аваад л объектоо барьчихаж байгаа юм.

-Яг одоо эрсдэлтэй ямар газар байна. Иргэдээс шатахуун түгээх станцтай холбоотой гомдол ирдэг үү?

-Шатахуун түгээх зургаан станц эрсдэлтэй байна. “Сод Монгол” групп гэхэд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс 32-ын тойрог орох зам, Салхитын ам, Толгойт зэрэг газарт гэр хорооллын дунд шатахуун түгээх станцаа барьчихсан байх жишээтэй. Бас модны захын дэргэд барьсан шатахуун түгээх станц ч нэлээд гомдол дагуулсан.

-Гэр хорооллын дунд, модны захын дэргэд гэхээр нэлээд эрсдэл дагуулж байгаа нь тодорхой юм даа?

-Тэгэлгүй яахав дээ. Стандарт, норм, дүрмээ тэр чигээр нь зөрчиж байгаа юм чинь. Уг нь ШТС, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлага зэрэг стандартыг бид 1998 оноос хойш мөрдөж байгаа. Гэтэл амьдрал дээр энэ нь хэрэгждэггүй. Харин ч шатахуун түгээх станцын эзэд нь “Гэр хорооллыг барилгажижуулна. Модны захыг нүүлгэнэ” гэх зэргээр өөрсдийнхөө үйлдлийг өмгөөлдөг юм гэсэн. Гэхдээ өнөөдөр бол өнөөдөр шүү дээ. Их хэмжээний эрсдэл дагуулахаар объект барьчихаад удахгүй аюулгүй болно гээд сууж болохгүй биз дээ.

-Торгуулиа төлчихсөн бол боллоо гэсэн шиг ажиллаад байдаг. Торгуулийнх нь хэмжээг өсгөх арга хэмжээ авч болдоггүй юм уу?

-Торгуулийн хувьд барилгын тухай хуульд 1-4 сая хүртэлх төгрөгөөр, Газрын тосны тухай хуульд нэг сая хүртэлх төгрөгөөр торгодог. Гэтэл үүнийгээ төлчихөөд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тийм болохоор бид Цахилгаан шугам сүлжээний газарт хандаж тогоор хангахгүй байх тухай хүсэлт гаргасан. Одоогоор хариу ирээгүй байна.

-Үйл ажиллагааг нь шууд зогсоох эрх мэдэл яамнаас өөр газарт байхгүй юу?

-Яам торгуулийнх нь хэмжээг нэмэгдүүлэх эрхтэй. Харин дүүрэг, нийслэлийн Засаг даргад ийм эрх бий. Хуульд ч заасан байдаг. Одоогоор бид Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй гээд зөрчил гарсан дүүргүүдийн Засаг даргад дүгнэлт гаргаж өгсөн. Нийслэлийн Засаг дарга, Газрын албанд ч хүргүүлсэн. Одоогоор ямар ч хариу ирүүлээгүй байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж