Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнөөдөр (2017.08.24) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг УИХ-ын Тамгын газраас томилсон баг зохион байгууллаа. Бүсчилсэн хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн Арбулаг, Баянзүрх, Түнэл, Алаг-Эрдэнэ, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Жаргалант, Галт, Ренчинлхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Ханх, Чандмань-Өндөр сумд болон Хатгал тосгоны иргэдийн төлөөлөл оролцов.
Аймгийн Засаг дарга Л.Ганболд манай улс түүхэндээ дөрвөн Үндсэн хууль баталсан бөгөөд цаг үеийн шаардлагаар Үндсэн хууль бүрт нэмэлт, өөрчлөлт оруулж байсан талаар дурдлаа. Тэрбээр “1924 оны Үндсэн хуульд нэг удаа, 1940 оны Үндсэн хуульд 16 удаа, 1960 оны Үндсэн хуульд 16 удаа, 1992 оны Үндсэн хуульд нэг удаа тус тус өөрчлөлт оруулж ирсэн байна. Өдгөө хэрэгжиж буй Үндсэн хууль 25 жилийн хугацаанд төр-иргэний харилцааг зохицуулж ирсэн ч нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс үүдэн зарим заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага үүссэн гэж олон нийт үзэн, үүний дагуу төсөл боловсруулан бүх нийтээр хэлэлцүүлж байна” гэв. Иймд иргэн бүр төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаархи саналаа өгөх нь улс орон, аймаг, сумынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.
УИХ-ын Тамгын газрын аудитор Я.Баттогтох хэлэлцүүлгийн нээлтэд оролцов. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулсан тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д зөвлөмж гаргасан гэдгийг тэрбээр хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа. Уг зөвлөмжийг үндэслэн УИХ-ын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр болсон. Үүнийг дагуу УИХ-ын Тамгын газраас 7 баг томилон долдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид сум, баг, хороо бүрт шат, шатны хэлэлцүүлэг явагдана гэдгийг хэллээ.
Мөрөн суманд болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлэгт 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат асан Л.Дамдинсүрэн, Ц.Жамсран нар оролцсон бөгөөд хэлэлцүүлэгт оролцож буй нийт иргэд, аймгийн удирдлагууд болон УИХ-ын Тамгын газрын баг хамт олон талархал илэрхийлэн, хүндэтгэл үзүүлсэн.
Ийнхүү Хөвсгөл аймгийн төвийн бүсийн сумдын төлөөлөл оролцож буй олон нийтийн хэлэлцүүлэгт оролцогчдод УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн заалт бүрийг танилцуулж, өөрчлөх болсон үндэслэл шалтгаан, түүнтэй холбоотой онол, судалгаа, олон улсын жишиг, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа.
УИХ-Засгийн газрын эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгохоор төсөлд тусгасан нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж танилцуулав. “Засгийн газар” сэдвийн хүрээнд дараах нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар төсөлд тусгасан байна.
Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгох, улс төрөөс хараат бус мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилгоор төсөлд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүрийг онол, судалгаа, үндэслэл, олон улсын практик, ач холбогдлыг УИХ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ч.Ариунхур тайлбарлан дэлгэрэнгүй танилцуулсан. “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” сэдвийн хүрээнд дараах нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар төсөлд тусгажээ.
Ийнхүү төслийн танилцуулгыг хийсний дараа Хөвсгөл аймгийн төвийн бүсийн хэлэлцүүлэгт оролцож буй иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон төсөлд тусгагдаагүй ч Үндсэн хуультай холбоотой бусад саналаа илэрхийлж, УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүдээс асуулт асууж, зарим зүйлийг тодруулсан юм.
Мөрөн сумын 3 дугаар багийн иргэн О.Баасанжав Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд алсын хараатай хандах нь зүйтэй хэмээн төслийн зарим зүйл, заалтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн Үндсэн хууль нь хэл найруулгын өндөр түвшин монгол нэр томьёотой байх ёстой гэдгийг анхааруулж, шүүгчид төдийгүй УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаал хаших хүний насны доод хязгаарыг 45 болгох нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Харин тус сумын иргэн Батмөнх бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэний хувиар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж буйдаа баяртай байгаагаа тэмдэглэн хэлээд Үндсэн хуулийн зарим зүйл, заалтад өөрчлөлт, нэмэлт оруулахыг дэмжиж байгаагийн зэрэгцээ органик хуулийг иргэн бүр хэрэгжүүлдэг, хүн бүрт ижил тэгш үйлчилдэг байхад анхаарах нь зүйтэй гэв. Мөрөн сумын 12 дугаар багийн иргэн Чимид-Осор монгол хүн бүр улс орны үнэт баялаг гэдгийг бодлогын түвшинд үнэлэн, ёс суртахуун, уламжлал, сэтгэхүйн хувьд төр засгаас анхааран, Үндсэн хуульдаа үүний суурь үзэл баримтлалтыг тусгах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.
Иргэд Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөөгүй, харин зарим зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өрнөж байгааг дараа дараагийн шатны олон нийтийн хэлэлцүүлгийнхээ үеэр олон нийтэд онцгойлон хэлэх ёстой гэдгийг олонтаа хэлж байсан. АИХ-ын депутат асан Ц.Жамсран аливаа хууль бүхэн Монголын язгуур эрх ашгийг хамгаалсан, монгол агуулгатай байх нь нэн чухал гэдгийг дурдаад УИХ-ын хурлын шийдвэр гаргах ирц 3/4 байх, УИХ-ын гишүүн хуралдаандаа тогтмол сууж төлөөллийн эрх, үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн хөшүүргийг Үндсэн хууль болон бусад хуульдаа тусгах шаардлагатайг хэлж байлаа. Мөн 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа шүүх бие даасан байх зарчмыг баримталж байсан үүнийг өөрчилсөн, харин өдгөө анхны үзэл баримтлалд нь нийцүүлэхээр хэлэлцэж буйг дэмжиж байна гэдгээ хэлэв. Тэрбээр үндэсний хөгжлийн асуудал эрхэлсэн, төрийн бодлогыг нэгтгэн зангидаж, хэрэгжилтэд хяналт тавьдаг, хариуцлага тооцох эрх бүхий онцгой бүрэн эрхтэй төрийн захиргааны төв байгууллаг байх, үүнийг Үндсэн хуульдаа үндсэн чиг үүргийн яам нэрээр тусгах саналыг хэлэв.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид “тосгон” хэмээх нэр томьёог оруулах нь оновчтой эсэхийг нягтлах, нийт иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах, Мөрөн сумыг хотын статустай болгох, өрийн тааз, улсын төсвийн алдагдлын хэмжээг Үндсэн хуульд тодорхой тусгах, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зохицуулалтыг тусгах, төрийн сүлдтэй холбоотой зүйл, заалтыг өөрчлөх, төрийн албыг тогтовортой, мэргэшсэн, улс төрөөс ангид болгох зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь эргээд хүнд суртал дагуулах эрсдэлтэй эсэхийг нягтлах, УИХ-ын гишүүдийн хариуцлагатай холбоотой зохицуулалтыг хөндөх зэрэг олон саналыг иргэд хэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт хөвсгөлчүүд идэвхтэй оролцлоо.
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд болсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн бүсчилсэн хэлэлцүүлэгт 15 сум, Хатгал тосгоны 272 иргэн оролцож, 246 иргэн саналын хуудсаар дамжуулан төслийн талаархи болон Үндсэн хуультай холбоотой бусад саналаа ирүүлэв.
Мөрөн суманд болсон хэлэлцүүлгийн дараа төвийн бүсийн боловсролын салбарын удирдах ажилтнууд, албан хаагчдын хүсэлтээр тусгайлан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг хийсэн юм.
Ийнхүү УИХ-ын Тамгын газраас томилсон Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулах баг Булган, Архангай, Хөвсгөл аймгуудад ажиллан есөн удаагийн бүсчилсэн хэлэлцүүлгийг хийлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ