Монгол Улс дахь эмэгтэй санваартны цорын ганц хийд бол Дулма Лин. Энэхүү хийд нь Жанжин Сүхбаатарын гэрийн буурьтай айлсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Жанжны гудамжинд байрладаг. Анх 2001 онд Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах сангийн тэргүүн Зопа Ринбүүчи багшийн санаачлагаар уг хийдийг сэргээн босгожээ. Ингээд Дулма Лин хийдийн талаарх сурвалжлагыг хүргэж байна.
Дулма Лин хийдийг анх Манж хаанаас бэлэглэж байжээ
Энэ сүмийг 230 орчим жилийн өмнө Манж Чин улсын хаанаас монголчуудад бэлэглэж байсан түүхтэй аж. Тухайн үедээ уг сүм нарийн ур хийцтэй, чулуун сийлбэр бүхий 15 дуган, гурван давхар хэрэмтэй гоёмсог хийд байжээ.
Дулма Лин хийд олон жилийн турш бурхан шүтээний орон байсан боловч 1930-аад оны хэлмэгдэлтэд өртөн эвдэрч нурсан байна. Ийн хожмоо үлдсэн сүмд Гандантэгчинлэн хийдийн шавь Содном, Бадамханд нар номын үйл ажиллагааг 1990-ээд оны эхээр эхлүүлж байсан. Ингээд 2001 оны хавар уг хийдэд бурхан номын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах саналыг Зопа Ринбүүчи ламтанд тавьснаар сэргээн засварлаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
Цагаан дарь эх, Ногоон дарь эхийн жанлавтай хоёр боржин чулуун баганатай
Одоо түүхэн дурсгалт сүм хийдээс гол дуган, өвлийн дуган, гал тогоо болон хуврагууд амьдрах гурван өрөө үлдсэн. Мөн хийдийн хашаан дотор 11 метрийн өндөртэй боржин чулуун хоёр багана бий. Чулуун багана дээр хүн, амьтан, хээ угалз, бичиг үсгийг уран нарийн сийлж хийсэн байх бөгөөд Монголд ийм чулуун багана өөр байхгүй учраас одоо улсын хамгаалалтад байдаг гэнэ. Ийн 230-аад жилийн түүхтэй хоёр боржин чулуун багана Цагаан дарь эх, Ногоон дарь эхийн адис жанлав оршсон хэмэээн сүсэгтэн олон залбирдаг байна.
Дулма Лин хийдийн ани /эмэгтэй лам/ нар Ногоон, Цагаан дарь эхийн магтаалыг тасралтгүй хурдаг. Одоогоор хийдийн байшингууд хуучирч, засвар ороогүй удсаны улмаас хүн амьдрах нөхцөл тааруухан болсон байна. Тиймээс ани нар Барилгачдын талбайн урд байрлах Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг Хадгалах сангийн төвийн байрандаа хурал номоо явуулж байгаа ажээ. Сар бүрийн шинийн найманд “Дарь эх бурханд өргөх мандал тахил”, шинийн 10, 25-нд “Ламын Чодба”, шинийн 15-нд “Их манал” хурдаг байна.
Төвдөнгүнчин: Манай хийдэд гэрээс гарсан “гэцэл” сахилтай найман ани бий
Одоогоор тус хийдэд “гэцэл” сахилтай, гэрээс гарсан найман эмэгтэй шавилан сууж, сахил санваараа сахихын зэрэгцээ Төвд бичиг үсэгт суралцаж, Төвд багш нараар бурхны ном заалгаж, буддын гүн ухаан, зан үйлд суралцаж буй. Тэдний нэг Дулма Лин хийдэд 16 жил шавилан сууж байгаа Төвдөнгүнчин анитай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд цаг зав гарган ярилцаж байгаад баярлалаа. Дулма Лин хийдэд гэрээс гарсан найман эмэгтэй шавилан суудаг гэлээ. Гэрээс гарсан эмэгтэй гэдгийг тайлбарлаж өгөөч?
-Манай хийдэд дандаа “гэцэл” сахилтай гэрээс гарсан эмэгтэйчүүдийг авч сургадаг. Бидэнд Төвд бичиг үсэг зааж, Төвдөөс багш нар авч ирж, эндээ байрлан амьдардаг. Гэрээс гарсан эмэгтэйчүүд гэхээр гэртээ байхгүй сүмдээ л номоо уншаад, амьдарна гэсэн үг л дээ. Манай төв анх байгуулагдахад олон ани /чавганц/ нар байсан. Одоо зарим нь нас дээр гарч гэртээ сууж байна. Зарим нь Энэтхэг улсын Дарамсала хот руу суралцахаар явсан. Одоо энд найман ани сахилаа хүртээд сууж байна.
Ани нар “гэцэл” сахил хүртсэн. Гэцэл сахил гэдэг нь гэрээс гарсан, 36 зүйлийн сахил санваарыг сахидаг гэсэн үг. Хүмүүс өдөр нь хийдэд шавилж суугаад номоо уншчихаад, буцаад гэртээ очдог шүү дээ. Гэтэл бидний хувьд гэртээ харихгүй, хийддээ байрлаад л, номоо үздэг.
-Ани нарт чанд сахих ёстой сахил гэж бий юу?
-Хамгийн наад зах нь худал хэлж, хулгай хийхгүй байх. Архи дарс хэрэглэхгүй, буруу нөхцөлд орохгүй байх. Амьтны амь таслахгүй байх зэрэг сахил авна. Жишээлбэл хүнд худал хэлэхгүй, хүнийг ширүүн загнаад байхгүй гээд сахилаа мэдэж байж л сахина.
-Та бүхэн гэрээс гарснаас хойш гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байдаг уу?
-Гэр бүлийнхэнтэйгээ уулзаж болно шүү дээ. Гэхдээ гэртээ хонож, өнжөөд явж болохгүй. Сахил авч ном үзэхээр сэтгэл шулуудсан хүн л сахил хүртдэг. Дулма Лин хийдийг байгуулагдсан цагаас хойш гэрээс гарсан ани нар гэрээс гараад 15, 16 жил болсон байна. Зарим ани нар долоо, найман жил, ганц хоёр жил болж байгаа.
-Бусад хийдийн эрэгтэй лам нарыг гэр бүлтэй байхыг зөвшөөрдөг. Харин ани нар гэр бүлтэй байхыг зөвшөөрдөг юм болов уу?
-“Нархажид” сүм болон “Төгс баясгалант” төвд гэр бүлтэй ани нар байдаг. Харин манай хийдийн хувьд гэр бүлтэй байхыг зөвшөөрдөггүй. Зөвхөн гэрээс гарч, сахил хүртэх хүсэлтэй эмэгтэйчүүдийг авдаг. Тэрнээс биш хүнийг огт албан сахил өгөхгүй шүү дээ. Олны дотор жинхэнэ бурхны номын мөр хөөж, сахил сахих хүсэлтэй хүмүүс бий.
-Дулма Лин хийд 2001 оноос хойш “Халуун шөлний газар”-ыг дэргэдээ ажиллуулдаг гэсэн. Гэр оронгүй, тэнэмэл иргэдийг хооллож ундалдаг хэвээрээ юу?
-Манай хийд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш эмзэг бүлгийн орон гэргүй хүмүүсийг тогтмол хооллож, ундаалж байгаа. Тэр цагаас хойш өдөртөө 80-100 хүнийг хооллодог. Амралтын өдөр халуун тогооны газар маань ажилладаггүй юм. Бас тэр хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, хувцас хунар өгч тусална. Гадуур христийн олон сүм байгуулагдаж, орон гэргүй хүмүүсийг хооллодог юм шиг байна лээ. Сүүлийн жилүүдэд христийн сүмийн үйл ажиллагаа зогсож, багассан уу манайхыг зорин ирж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
Гэрэл зургийг Ц.Ариунболд
Холбоотой мэдээ