“3288 тендерт нэг ч үндэсний үйлдвэрлэгч хамрагдаагүй”

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

“3288 тендерт нэг ч үндэсний үйлдвэрлэгч хамрагдаагүй”

“3288 тендерт нэг ч үндэсний үйлдвэрлэгч хамрагдаагүй”

Борлуулалтын зах зээлээ гадны компаниудад алдаж буй үндэсний үйлдвэрлэгчид өнөөдөр /2017.08.24/ уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх ажил болон дотоодын зах зээлээ хэрхэн хамгаалах талаар санал солилцлоо.

Уулзалтад Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл болон оёдол, Тавилга үйлдвэрлэгчдийн болон Хаалга, цонхны холбооны төлөөлөгчид оролцсон юм.

Үндэсний үйлдвэрлэгчид есдүгээр сарын 21-нд Сүхбаатарын талбайд дотоодын зах зээлийг хамгаалах, тендерийн хуулийг өөрчлөх, Монгол хүний ажлын байрыг хамгаалах асуудлаар жагсаал хийхээр болсноо хэллээ.

Энэ талаар Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханы байр суурийг сонирхлоо.

Тэрээр дараах байр суурийг илэрхийлсэн юм.

-Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, улс орныг аж үйлдвэржүүлэх чиглэлээр сүүлийн 27 жилд их ярилаа. 2006 оноос хойш УИХ-аас улс орныг аж үйлдвэржүүлэх зургаан бодлогын баримт бичиг гарсан байдаг. Эдгээр бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт өнөөдөр маш хангалтгүй байгаа. Нийгэмд ажилгүйдэл газар авсан, ядуурал хавтгайрсан, олон залуучуууд ажил хайж гадаад руу дүрвэж байна. Тэгэхээр улс орныхоо эдийн засгийг хэрхэн сэргээх вэ, үндэсний үйлдвэрлэл дээр түшиглэсэн хөгжлийн шинэ бодлогыг яаж гаргаж ирэх вэ гэсэн чиглэлээр үндэсний үйлдвэрлэгч компаниудтай цуврал уулзалтыг манайх хийж байгаа. Хамгийн гол нь дотоодын зах зээлийг хамгаалж байж үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь гарцаагүй юм гэсэн нэгдсэн ойлголтод үйлдвэрлэгчид хүрээд байна. 

Импортын тарифын бодлогоор зах зээлээ хамгаалах хэрэгтэй

Дотоодын зах зээлийг импортын тарифын бодлогоор хамгаалах гарцаагүй шаардлагатай байна. Бид БНХАУ-руу бараа экспортлох гэхэд 17-125 хувийн татвартай, Япон руу 500 хувь, ОХУ-руу 20-75 хувь, Солонгос руу 10-225 хувийн татвартай байна. Эдгээр улс орнууд дотоодын зах зээлээ татварын бодлогоороо хамгаалчихсан. Харин манайх гадаадын чанарын шаардлага хангасан эсэх нь үл мэдэгдэх бараагаар дүүрлээ. Тэгэхээр зах зээлийн эрэлтийн багтаамж дээр суурилсан үндэсний аж үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар хөгжүүлэх цаг нь болсон.

Тендерийн хуулийг өөрчлөх шаардлагатай

2017 оны эхний долоон сарын байдлаар аваад үзэхэд Улсын хэмжээнд 3288 тендер зарлагдсан байгаа. Гэтэл нэг ч үндэсний үйлдвэрлэгч энэ тендерт хамрагдаж чадаагүй. Бидний татварын мөнгө Эрээн хотын эдийн засгийг дэмжих, Солонгосын ажлын байрыг дэмжих чиглэл рүү гараад явихсан. Үүнийг өөрчилж, засах болсон. Бидний өгсөн татвар, төсвийн мөнгийг гадаад руу зувчуулсан хууль бол Тендерийн хууль юм. Энэ хуулийн оронд бид төсвийн худалдан авалтаар үндэсний бүтээн байгуулалтыг дэмжих шинэ хуулийг боловсруулж УИХ-д өргөн барина. Эх оронч гишүүд бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

Г.Түшиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж