Арктикийн бүс дэх Оросын эзэмшил нутаг нь байгалийн баялаг, тэр дундаа газрын тос, байгалийн хийн нөөцөөр баян. Энэхүү талбайд “Роснефть”, “Бритиш Петролиум” компани хамтран олборлолт хийх аж. “Роснефть”-ийн хувьд “Бритиш Петролиум”-ын хувьцааны таван хувийг, харин Их Британийн компани “Роснефть”-ийн хувьцааны 9.5 хувийг эзэмшихээр болжээ. Тэд эхний ээлжинд Арктикийн бүсийн “EPNZ” 1-3 дугаар талбайд хайгуул хийх юм. Энэ нь Өмнөд Кара тэнгист байрладаг 125 мянган ам.километр талбайтай газар аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев сүүлийн үед эдийн засгаа шинэчлэх, модерницацичлах тухай их ярих болсон. Энэ нь бүр кампанит ажил болон өргөжсөн гэхэд болно. Үүний хүрээнд төрийн мэдлийн томоохон нэгжүүдээ хувьчлах, хувьцааных нь тодорхой хэсгийг олон улсын Хөрөнгийн биржүүд дээр арилжаалах, цаашлаад гадны хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх сонирхолтой байгаа. Тиймээс Их Британийн компанитай хамтран ажиллахаар шийдвэрлэжээ гэж дүгнэж болох юм. Гэхдээ үүний цаана эдийн засгийн гэхээс илүү улс төрийн бодлоготой холбоотой сонирхол байна гэх шинжээч ч цөөнгүй байна.
Мексикийн буланд өнгөрсөн дөрөвдүгээр сард “Бритиш Петролиум”-ын цооногт дэлбэрэлт болсны улмаас их хэмжээний газрын тос далайд асгарсан билээ. Байгаль, экологид асар их хор хохирол учруулсан уг явдлын дараа “Бритиш Петролиум” компани нөхөн сэргээлтийн ажилд асар их хөрөнгө зарцуулсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар тус компанийн алдагдал 17 тэрбум ам.долларт хүрчээ. Түүнчлэн АНУ-ын Засгийн газарт 32.2 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр болсон. Шинэ хөрөнгө оруулагчдыг өөртөө татах замаар уг мөнгийг босгох сонирхол “Бритиш Петролиум”-ынханд байгаа бололтой. Тус компани нийт 30 тэрбум ам.долларын хөрөнгөө худалдах аж. Энэ мэдээлэл цацагдсантай зэрэгцэн өнгөрсөн есдүгээр сараас Оросын компаниуд тус компанийн хувьцааг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлж эхэлжээ. Тухайн үед “Роснефть”-ээс гадна “ТНК-ВР” компани санал тавьж байсан юм.
“Бритиш Петролиум”, “Роснефть”-ийн хамтын ажиллагааны талаар шинжээчид таамаглал дэвшүүлж байна. “Голдман Сакс”-ын шинжээч Мишел Делла Вигна “Бритиш Петролиум”-ын хувьд энэ бол сайхан боломж. Гадаадын компани Оросын “Роснефть”-д шууд хөрөнгө оруулалт хийх нь бараг боломжгүй байдаг. Тэдний хамтдаа олборлолт хийхээр зэхэж байгаа талбай Их Британийн “North Sea”-тэй дүйцэхүйц том газар” хэмээн дүгнэжээ. “UВS” банкны шинжээч Жон Ригби “Мексикийн булангийн хэрэг явдлаас болж “Бритиш Петролиум” шинэ гэрээ хэлэлцээр байгуулахад нэлээд бэрхшээлтэй тулгарч байгаа. Магадгүй, Арктикийн бүс энэ компанийн хөл дээрээ тогтох боломж болж мэдэх юм” гэсэн байна.
Газрын тосны гигант компаниуд ийн хамтрах болсон нь улс төр, эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой гэж дээр дурьдсан. Их Британи руу дүрвэсэн Оросын тагнуулч Александр Литвиненко 2006 онд Лондонд алагдсаны дараа хоёр орны харилцаа муудаж эхэлсэн юм. Тухайн үед оросын тагнуулчид холбогдох хэргийн сэжигтнийг Их Британийн тал Кремльд хүлээлгэн өгөхөөс татгалзаж байв. Үүнээс болж хоёр улс дипломатуудаа эргүүлэн татаж, Санк-Петербург дэх Их Британийн зөвлөл хаагдсан юм. Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун засгийн эрхэнд байх үед ОХУ-тай дипломат харилцаа нь төдийлөн сайнгүй байсан гэх дүгнэлтийг ажиглагчид өгдөг. Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ болон тус улсын хооронд дахин хүйтэн дайны харанга дэлдлээ гэх сүржин агуулгатай нийтлэл цөөнгүй гарч байсан юм. Ямартай ч Владимир Путин газрын тосны салбарыг хариуцаж байгаагийнхаа хувьд Их Британийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах вий гэх болгоомжлол шинжээчдийн дунд бий болж байв. Харин өнөөдөр хоёр орны газрын тосны салбарт тэргүүлэгч компаниуд хамтарч ажиллахаар болсон нь дипломат харилцаагаа сэргээх гэсэн эрх баригчдынх нь оролдлого гэх таамаг гараад байгаа юм. Энэ талаар “Jefferies”-ийн ажиглагч Яан Рейд “Хоёр компани хамтарч ажиллахаар болсонд улс төрийн ямар нэгэн шалтгаан байж болох талтай. Гэрээний дагуу Оросын Засгийн газар “Бритиш Петролиум”-ын хамгийн том хувьцаа эзэмшигч болж байна. Их Британийн Засгийн газрын зүгээс хэрэг явдалд маш их дэмжлэг үзүүлж байгаа нь илт ажиглагдсан” гэжээ. Гэхдээ Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон үүнийг үгүйсгэсэн юм. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт хоёр компанийн хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ. Д.Кэмерон “Энэ бол цэвэр арилжааны зорилготой. Улс төрийн ямар ч сонирхол байхгүй” гэсэн байна. Ямартай ч Их Британийн Эрчим хүчний сайд Крис Хахн “Роснефть”, “Бритиш Петролиум” хамтран ажиллах гэрээгээ үзэглэх ёслолд оролцжээ.
Зохиогчийн эрх: