Ирэх аравдугаар сард олон жилийн дунджаас хоёр дахин их хэмжээний цас орох төлөвтэй буйг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас онцлов.
Энэ зун олон жилийн дунджаас хоёр хэмээр илүү халж, хуурайшилт 30 хувиар нэмэгдсэн байна. Үүний улмаас тариалангийн бүсэд ган нүүрлэж, ой хээрийн түймэр өнгөрсөн онтой харьцуулахад 50 гаруй хувиар илүү дэгджээ. Мөн хэт халалтаас үүдсэн төсвийн зардал 1.3 тэрбум төгрөгт хүрсэн аж.
Гал түймэр унтраах, тариалангийн бүсийг услах зорилгоор энэ онд төсвийн хөрөнгөөс 450 сая төгрөг гаргаж, үүл буудах 2000 ширхэг сумыг Байгаль орчин аялал жуулчлалын яам гаднаас авчээ. Үүл буудах сумыг БНХАУ-аас ширхэг тус бүрийг нь 300 мянган төгрөгөөр импортолдог. Одоогоор үүл буудах 2000 сумны 1500 орчмыг нь хэрэглэсэн байгаа ажээ.
Д.УУДАМ