Шатахуун түгээх станц /ШТС/ дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг Хан-Уул дүүрэг /ХУД/-ийн Цагдаагийн II хэлтсээс илрүүлж, саатуулжээ.
Сэжигтнүүд ХУД-ийн 10, 14 дүгээр хороонд байрлах “Мон-Суль” ШТС-ыг наймдугаар сарын 07-ны 02.00 цагийн орчимд, “Сод Монгол” ШТС-ыг наймдугаар сарын 18-ны 05.40 цагт дээрэмдсэн байна. Тэд ШТС-уудад нүүрээ маскаар далдалж нэвтрэн, түгээгчдэд хутга тулган сүрдүүлж, сандал дээр хүлж орхиод, орлогынх нь хоёр сая 500 мянган төгрөгийг, камерын бичлэг хадгалах процессорын хамт авч зугтаажээ.
Гэмт хэргийг Төв аймгийн Зуун мод сум тавдугаар багт оршин суух иргэн Б 20 настай эрэгтэй, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд оршин суух 22 настай Ө, Төв аймгийн Сэргэлэн сумын гуравдугаар багт оршин суух 22 настай Х нар нь бүлэглэн дээрэмдсэнийг Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар илрүүлэн ийн шалгаж эхэлсэн юм.
Цагдаагийн байгууллагаас 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг ШТС, байгууллагууд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, камерын хяналтыг сайжруулж бичлэг хийх төхөөрөмжийг нүдэнд ил өртөхгүй газар хадгалах болоод бэлэн мөнгө болон орлогоо зориулалтын сейфт хадгалж хэвшихийг анхаарууллаа.
Д.УУДАМ
Холбоотой мэдээ