Монгол улсын хил нь Хүннү гүрний үеэс бүрэлдэн бий болсон бөгөөд XVII зууны эхний хагас хүртэл хадгалагдсаар иржээ. XVI зууны дундуур Гэрсэнз жалайр хунтайжийн эзэмшлийг түүний 7 хөвгүүнд хуваан захируулснаар Халхын 7 хошуу, анхны 3 аймгийн эх үүсвэр тавигдсан байна. 1691 онд Манж Чин улсад Халх Монгол дагаар орсны дараа Манжийн төрөөс Халхын хошуудыг жижиглэн олшруулснаар хошуудын тоо 86-д хүрч, мөн Ховдын хязгаарыг байгуулан шинээр хошуудыг байгуулах болсноор Ар Монголын аймаг, хошуудын хилийн заагийг нарийн тодорхой болгож, хилийн овооны цэс үйлдэн, баталгаажуулах шаардлага гарсан. Энэ үүднээс аймаг, хошуу, өртөө, харуулын газрын зураг, нутгийн цэсийг үйлдэж ирсэн нь эдүгээ Монголын түүх судлалын судалгааны чухал сурвалж болж байна.
Газрын зурагт нутгийн хил хязгаар, уул ус, гол горхи, булаг шанд, сүм хийд, зам харгуйг тэмдэглээд зогсохгүй уул нь хэр өндөр модтой, нуур нь хэр гүн ба шорвог, гол мөрний урсгалын чиг зэргийг нарийн заадаг уламжлалтай байжээ. Монголчууд газрын зургаа ихэвчлэн цагаан даавуу, муутуу цаасан дээр өнгө ялган үйлдэх бөгөөд тийнхүү өнгө ялгахдаа дураар өнгө будаг тавьдаггүй журамтай байв. Жишээлбэл: хилийн шугам, харуул, өртөө зэргийг их төлөв улаан заримдаа хараар, замыг шараар, гол мөрөн, нуурыг хөх цэнхрээр, элсэн манхан цөлөвтөр газрыг ягаавтар өнгөөр, бэлчээр болон ой модыг ногоон өнгөөр зурж, тэмдэглэж заншжээ.
Үндэсний төв архивын сан хөмрөгт монголчуудын газрын зурагт холбогдох баримтуудыг нэгтгэсэн “Газрын зургийн цуглуулга” /Х №460/ гэдэг биеэ даасан хөмрөг хадгалагдаж байна. Энэ хөмрөгт нийт 281 хадгаламжийн нэгж бүртгэгдсэн байдаг.
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо, Монгол газар нутгийн нэрийн судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, Архивын ерөнхий газар хамтран 2017 оны 8 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Монголын газрын зураг, газрын нэр судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд зориулан Архивын ерөнхий газраас “Газар-Улсын үндэс” сэдэвт газрын зураг, газрын нэршлийн баримтын үзэсгэлэнг олон нийтэд толилуулж байна.
Тус үзэсгэлэнгийн үзмэрүүд нь:
1. Манжийн эрхшээлийн үеийн Монголын газрын зураг, газар усны нэршил (XVIII зуунаас- XX зууны эхэн)
2. Шашин төрийг хослон барьсан Хаант Монгол улсын үеийн газрын зураг, газар усны нэршил (1911-1921 он)
3. Монгол Улсын үеийн газрын зураг, газар усны нэршил (1921-2017 он) гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд АЕГ-ын дарга, доктор Д.Хоролдамба, ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Хишигт, МУ-ын гавьяат багш Э.Равдан, Япон улсын Токиогийн Гадаад судлалын Их сургуулийн профессор Х.Футоки нар үг хэлнэ.
Үзэсгэлэнд Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын Түүхийн баримтын архив, Улс төрийн нам, олон нийтийн байгууллагуудын баримтын архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив, Зураг төслийн баримтын архивын сан хөмрөг дэх газрын зураг, баримт бичиг, гэрэл зураг зэрэг 100 орчим үзмэр тавигдах болно.
Үзэсгэлэнгийн нээлт Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын үзэсгэлэнгийн танхимд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 15:30-д болно. Үзэсгэлэн 2017.08.25-2017.09.20-ны өдөр хүртэл нийтэд үйлчилнэ.
Эх сурвалж: АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ