Тав дахь дэлхийн аваргаа өлгийдөн авсан Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид содон гоёлтой Парисын гудамжаар алхаж явна.
Тэднийг содон харагдуулах шаргал цамц нь өнгөрсөн зун Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон зуны 31 дэх олимптой холбоотой. Риогийн олимптой холбоотой таагүй дурсамж бидэнд бий. Чөлөөт бөхийн 65 кг-ын жинд хүрэл медалийн төлөөх барилдаанд Гавьяат тамирчин Г.Мандахнаран эцсийн мөчид торгуулиар оноо алдаж, ялагдсан. Барилдаан дуусахаас хоёрхон секундын өмнө медалийн тавцанд зогсох ялагчийг байрыг сольсон шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэхдээ дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр дэвжээн дээр хувцсаа тайлж, шидсэн. Тэдний энэ үйлдэл дэлхий нийтийн анхаарлыг татаж, сая саяар тоологдох олон уншигчтай хэвлэлийн хуудаснаа гарсан билээ.
Олимпийн дараа АНУ-д худалдаанд гарсан Дэлхий дахины эчнээ танил болсон Монголын дасгалжуулагч нарын зурагтай футболк, цамц, зурагт хуудас ч нэг хэсэг моодонд орсон юм.
Тэгвэл, чөлөөт бөхийн ДАШТ-д оролцохоор Францын нийслэлийг зорьсон дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нар тэрхүү футболкоор гангарчээ. Хагас нүцгэн дэвжээн дээр зогсож буй дүр төрхийг тэр чигт нь буулгасан зурагтай, ‘Аварга шиг барилдаж, монголчууд шиг тэмц’ гэсэн бичигтэй, улбар шар өнгийн футболктой тэднийг тамирчдын хотхон дахь хүмүүс бүгд таньж, хамтдаа зураг авахуулж, хөгжилдөж байгаа гэнэ. Ц.Цогтбаярын гарын шавь, отгон дэлхийн аварга П.Орхон ч мөн үзэл бодлоо илэрхийлж, багш нарынхаа ижил гоёл сонгожээ.
С.ЦЭЛМЭГ