Нийслэлийн газрын албанаас хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн, Газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Очир нар оролцов.
Нийслэлийн нийт өрхийн 60 гаруй хувь, харин иргэдтэй харьцуулахад 13 хувь нь газар өмчилжээ. Тиймээс Нийслэлийн газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү аян нь есдүгээр сарын 4-нөөс эхэлж, гурван сарын хугацаанд хэрэгжих аж. Ингэхдээ нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын суурьшлын 1, 2 дугаар бүсэд хамаарах 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх аж. Өөрөөр хэлбэл, газар дээрээ олон жил амьдарсан ч өмчилж аваагүй иргэд хамрагдах боломжтой юм.
Аянд хамрагдсан 3442 нэг талбарыг ангилж үзвэл, Сонгинохайрхан дүүрэгт есөн хорооны 366, Хан-Уул дүүрэгт хоёр хорооны 13, Баянзүрх дүүрэгт 15 хорооны 2251, Баянгол дүүрэгт долоон хорооны 269, Чингэлтэй дүүрэгт зургаан хорооны 209, Сүхбаатар дүүрэгт дөрвөн хорооны 334 нэг талбар багтаж байна.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Газрын маргаантай байгаа айлууд энэ аянд хамрагдах боломжтой юу?
-Иргэд эзэмших ёстой газрынхаа хэмжээнээс хэтрүүлж татсан, бусдын эзэмшил газар руу халдаж хашаагаа сунгасан, гуу жалганд буусан, үер усны аюултай байршилд байршсан, ойн усан сангийн хамгаалалтын бүсэд байрласан айлууд газраа өмчлөх боломжгүй.
-Цахимаар газар авсан ганц нэг айл газраа өмчилж чадаагүй явж байгаа. Тэгвэл энэ удаагийн аянд хамрагдах боломжтой юу?
-Энэ удаад зөвхөн газар эзэмшиж байгаа айл өрхүүд хамрагдана.
-Баянзүрх дүүрэгт үүссэн улс төрийн маргаанаас үүдэж иргэд газраа өмчилж чадахгүй байна. Энэ дүүргийн иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Баянзүрх дүүрэгт үүссэн улс төрийн маргаанаас үүдэж иргэд газраа өмчилж, эзэмшиж чадахгүй байна гэдэг ташаа мэдээлэл. Газартай холбоотой ажил хэвийн үргэлжилж байгаа.
Холбоотой мэдээ