Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын 12 ахмад ажилтан ОХУ-ын Тува улсад зохион байгуулагдсан тус улсын Дотоод явдлын яам, Дотоодын цэргийн ахмадуудын VIII чуулга уулзалтад оролцоод иржээ. Чуулга уулзалтад тус улсын бүх хошуу, Хахасия, Красноярскийн хязгаарын ахмадын байгууллага болон Баян-Өлгий, Увс аймгийн цагдаагийн ахмадын төлөөлөл зэрэг 21 баг оролцсон байна.
Мөн ОХУ-ын ДЯЯ-ны сайдын зөвлөх, сайдын зөвлөлийн гишүүн, ОХУ-ын ДЯЯ-ны ахмадын байгууллагын дарга, хурандаа генерал Иван Федорович Шилов, Тува улсын ахмадын байгууллагын дарга, хурандаа Марат-Оол Идамович Ондар нарын хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Чуулга уулзалтын үеэр гар бөмбөг, хөл бөмбөг, олс таталт, шатар зэрэг спортын уралдаан, урлагийн үзлэг, үндэсний шилдэг хоол шалгаруулах тэмцээн, “Куреш” барилдаан зохион байгуулжээ.
Манай улсын багаас Увс аймгийн арслан, цагдаагийн дэд хурандаа Т.Баярмагнай, Баян-Өлгий аймгийн начин, цагдаагийн ахлах ахлагч И.Сайлау нар бөхийн төрөлд, урлагийн үзлэгт цагдаагийн хошууч Р.Захирхан, шатрын тэмцээнд цагдаагийн дэд хурандаа Ж.Батбай, Б.Батсуурь нар амжилттай оролцож тусгай шагнал хүртсэн байна.
Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас ахмад ажилчдыг чуулганд оролцох бүх талын дэмжлэг үзүүлсэн аж.
Эх сурвалж: ЦЕГ
Холбоотой мэдээ