Ч.Улаан: Ардын намд хагарал үүсэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Ч.Улаан: Ардын намд хагарал үүсэхгүй

Ч.Улаан: Ардын намд хагарал үүсэхгүй

Д.Хаянхярваа: У.Хүрэлсүхийн үгийг дэвэргэх хэрэггүй

МАХН ууган нэрээ сэргээж Монгол ардын нам болсноос хойш нэлээд хэл аманд    өртсөн ч  дуулиан   намжихгүй байна. Тус намд өрнөж буй үйл явдлыг олон нийт   хагарал хэмээн дүгнэсэн. Тиймээс энэ талаар УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүдийн байр суурийг сонирхлоо.

1.УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир нар Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод захидал хүргүүлсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

2.Тэднийг захидлынхаа хариуг нэхсэнийх нь төлөө У.Хүрэлсүх даргын гаргасан үйлдэлд ямар дүгнэлт өгөв?

3.Дээрх үйлдлүүдээр Ардын намын хагарал ил боллоо гэх ойлголт иргэдэд төрчихөөд байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Эрчүүдийн хооронд байдаг л маргаан

-УИХ-ын гишүүд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шүү дээ. Нэр бүхий гишүүдийн өргөн барьсан захидал бол үүний л нэг жишээ гэж бодож байна. Дотроо олон асуудал тусгасан байсан. Түүнээс биш ганцхан Ц.Шинэбаяр гишүүнийг өмгөөлсөн зүйл байхгүй. Харин У.Хүрэлсүх даргын хэлсэн үгийг нэг их дэвэргэх хэрэггүй болов уу гэе. У.Хүрэлсүх даргын гаргасан маргаан бол байдаг л нэг асуудал. Эрчүүдийн хооронд тийм зүйл байх.  Ардын нам хагарч бутрах гээд байгаа асуудал огтхон ч байхгүй. Гишүүд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ингэж хэлэх хэрэггүй.

УИХ-ын гишүүн А.Тлейхан: Захидалд олон асуудал хөндсөн байсан

-Би тэдний өргөн барьсан захидлыг уншсан. Тэрхүү захидалд ганцхан Ц.Шинэбаяр гишүүнийг өмгөөлсөн зүйл байхгүй. Харин намаа илүү ардчилалтай болгоё. Нийгмийн хүсэн хүлээж байгаа асуудлыг нэг тийш болгох, илүү нээлттэй, шударга ажиллаж, намынхаа гишүүдийн үгийг хүлээцтэй сонсч ажил хэрэг болгоё гэсэн утга бүхий захидал л байсан.  Ардын намын бүлгийн зарим гишүүний маргааныг намын хагарал гэж хэлэх нь буруу. Яагаад гэвэл, ардчилсан нийгэмтэй, ардчилсан парламентад ийм маргаан байдаг л зүйл. Харин асуудлыг олонхиороо шийдэж, цөөнхийн саналыг сонсох ёстой. Эцэст нь хэлэхэд, бид хэчнээн маргалдсан ч ард түмний амьдралыг сайн сайхан болгохын төлөө санаагаа нэгтгэх ганцхан л зорилготой шүү дээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Хүн гэдэг утгаараа нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй

-Нэр бүхий гишүүд намын даргад захидал хүргүүлсэн нь өөрсдийнхөө байр суурийг л илэрхийлсэн хэрэг шүү дээ. Үүнийх нь хариуг хүндэтгэлтэй өгөх ёстой. Ер нь хүмүүс нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах ёстой гэж би хувьдаа боддог. Хүн гэдэг утгаараа бие биенийхээ  үгийг соёлтой сонсч, санал бодлыг нь хүлээцтэй л хүлээж авах хэрэгтэй байна. Хүмүүс “хагарал гарлаа” гэж хардсаны зоргоор намд хагарал үүсэхгүй. Иймэрхүү асуудлыг ингэж сенсацилахаа болимоор байна.


УИХ-ын гишүүн Х.Наранхүү: Удирдах албан тушаалтан ноён нуруутай байх ёстой

-Болоод байгаа бүх үйл явдлыг нүдээрээ хараагүй болохоор байр суурь илэрхийлэхэд хэцүү байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дүгнэлтэд үндэслэн яривал хэт өрөөсгөл зүйл болно. Ер нь 1990 оноос хойш хүмүүсийн зан төлөвт их өөрчлөлт орсон. Ардчилал гэдэг чинь явсаар байгаад хүн болгон өөрийнхөө зан араншинг дураараа илэрхийлдэг болгож хувиргасан зүйл юм. Ерөнхий байдал ингэж өөрчлөгдсөн учир удирдах ажилтнуудын хувь хүний тэвчээр, хандлага бусдаасаа арай өндөр түвшинд байх ёстой. Тиймээс намын удирдлага, засаг захиргааны удирдлагууд ноён нуруутай байхгүй бол цаашид ажил хийхэд улам л хүнд болно. Харин намыг хагалах гэж байна гэсэн яриатай санал нэгдэхгүй байгаа. Хүмүүс Ардын намыг нэгэнт хүлээн зөвшөөрсөн шүү дээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Маргааны талаар дүгнэлт өгөх нь тохиромжгүй

-У.Хүрэлсүх даргын гаргасан авирын талаар хариулт өгөх боломжгүй. Учир нь би Хууль зүйн байнгын хороог даргалдаг хүний хувьд энэ талаар байр суурь илэрхийлээд сууж байх нь зохимжгүй. Харин Ардын намын гишүүдийн дунд хагарал гарсан асуудал байхгүй. Ердөө л үзэл бодлоо илэрхийлсэн төдий байхад зарим хэвлэлийнхэн дэвэргэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Очирбат: МАН-д залуус элсэх нь ихэсч байхад…

-Бүлгийн хурал дээр сүүлчийн асуудлыг хэлэлцэхэд би байгаагүй.  Гэхдээ бид тэр ингэж байна, энэ тэрний хүн, энэний хүн гэж ярьдгаа болих цаг болсон. Ц.Шинэбаяр гишүүн зүгээр хэдэн үг цуглуулж МАХН гэдэг товчлол авчихаад Монгол ардын хувьсгалт намыг байгуулчихсан юм шиг зарим гишүүнийг ингэж зулгаахаа болих хэрэгтэй. МАХН гэсэн товчлолтой нам байгуулна гээд л байгаа. Энэ бол Очирбат гэдэг нэртэй хүнийг ОБ гэчихээд Очирбат мөн гэж худлаа тайлбарлаж байгаатай агаар нэг асуудал. Харин Ардын нам гэдэг чинь МАХН-ын зүй ёсны үргэлжлэл шүү дээ. Би намын гишүүд, иргэдтэй саяхан уулзаад ирсэн. Тэр үед иргэд ямар ч асуудал гаргаагүйгээр барахгүй Ардын намын батлахыг хүндэтгэлтэйгээр авч байсан. Үүнээс гадна залуус Ардын намын гишүүнээр элсэх нь нэмэгдэж байгааг харлаа. Гадаадын улс төрийн хүчнүүд ч хэрхэн хүлээн зөвшөөрч, дэмжиж байгааг нь ч хүмүүс мэдэж л байгаа шүү дээ. Ийм байхад Ардын намыг бутарч байна гээд байгаа нь үнэнд нийцэхгүй хэрэг. Ц.Шинэбаярыг өмөөрч байгаа гишүүдийг У.Хүрэлсүх дарга ална тална гэсэн үү, үгүй юү гэдгийг сайн мэдэхгүй ч энэ намыг эв найрамдалтай байлгахын тулд нойр хоолоо хасч яваа тэр хүн хатуу гараар барьж байгааг зөв гэж бодож байгаа. Сул үг унагасан ч үүнийг нь дэвэргэх хэрэггүй. Харин үзэл бодол нийлэхгүй байгаа хүмүүс гарлаа гээд Ардын нам бутарна гэж байхгүй. Тэгээд ч тэдгээр гишүүн Ц.Шинэбаяр гишүүнийг дагана гээгүй, дагаж ч  чадахгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ардын намд хагарал авчрах гээгүй

-Бүлгийн хурал дээр маргаан болох үед би байгаагүй. Гэхдээ энэ бүхэнд тэвчээртэйгээр хандаж, хариулт өгөх ёстой байсан болов уу. Захидлын хувьд, намын гишүүдийг хооронд нь хагаралдуулах гэсэн зүйл биш. Санал хүргүүлсэн л төдий зүйл.


УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу: Сүүлийн үед ингэж сенсацилах нь моод болсон

-Ганцхан Ардын гэлтгүй АН-ын гишүүд намын удирдлагадаа санал бодлоо илэрхийлэхэд түүнийг нь нам хагалах гэж байна, бутаргах гэж байна гэдэг моод сүүлийн үед дэлгэрчихсэн. Ардын намын дөрвөн нөхөр үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө сонин хэвлэлээр элдэв нэр хоч өгч дуудахаа больё гэдэг санал л тавьсан төдий. Гэтэл үүнийг дэвэргэж гишүүдийн хагарал ил боллоо гэсэн мэдээллүүийг зарим хэвлэл цацаж эхэлсэн нь харин ч буруу асуудал. Өнгөрсөн даваа гарагт болсон бүлгийн хурал дээр Д.Тэрбишдагва гишүүн захидлынхаа хариуг намын даргаас хүсэхэд “Удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж долоо хоногийн дараа өгнө” гэсэн. Үүний дараа гарсан маргааныг л Ардын намын доторх тэмцэл хурцадлаа гээд байгаа. Гэтэл Ардын намын ажил одоо л эхлэх гээд хэлэлцэж байна. Надад Ц.Шинэбаяр гишүүн нэгдээч гэсэн санал тавиагүй. Бусад гишүүнд ч санал тавиагүй гэж бодож байна. Гэхдээ үзэл бодол таарахгүй байгаа гишүүдэд хаачих эсэх нь нээлттэй.

УИХ-ын гишүүн Б.Чой­жил­сүрэн: Намын гишүүд найрамдалтай байгаа

-Гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж  байна гэдэг нь Ардын нам доторхи ардчиллыг харуулж байгаа хэрэг. Харин нийгмийн сэтгэл зүйд гишүүдийн дунд хагарал үүслээ гэдэг ойлголт үүссэн үү, үгүй юү гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Иргэд өөр өөрсдийнхөө дүгнэлтийг хийж л байгаа шүү дээ. Ардын намын үйл ажиллагаа хэвийн, гишүүд нь найрамдалтай байна.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж