Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээ өнгөрсөн оны сүүлчээр нэлээд шуугиан тарьсан нь Засгийн газрын тэргүүн, сайд нарыг уг гэрээг эргэн харахад хүргэсэн. Анхнаасаа муу гэрээ хийсэн, Засгийн газар муу ажилласан гэх шүүмжлэлийг УИХ-ын зарим гишүүн тухайн үед хэлж байсан юм. Оюутолгойгоос манай улсын хүртэх 34 хувь долоо болтлоо буурлаа, Хөрөнгө оруулалтын гэрээний заалтууд Хувь нийлүүлэгчдийн гэрээнийхээс зөрж байгаа зэрэг Оюутолгойг тойрсон мэдээллүүдэд өнгөрсөн оны сүүлчээр гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд “Оюутолгойгоос 34 хувь хүртэх хэвээрээ. Харин давуу эрхийн хувьцаатай холбоотой буруу ташаа мэдээлэл, ойлголт гарсныг оны өмнө нэг мөр болгох даалгаврыг холбогдох сайд нарт үүрэг болголоо” гэж байсан. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүддээ өгсөн хугацаа хэдийнэ өнгөрсөн боловч холбогдох сайд нар ажлаа дуусаагүй байгаа юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд, гурван гол зүйлд өөрчлөлт оруулахаар болсон. Эхний зүйл нь хөрөнгө оруулалтын зардлын хүүг бууруулах. Уг нь Оюутолгойд хийж байгаа бүх хөрөнгө оруулалтын суурь хүү болох 9.9 хувь дээр Америкийн хэрэглээний индекс 1.17 хувийг нэмээд нийт 11.07 хувь байсан. Харин гэрээнд өөрчлөлт оруулж суурь хүүг 6.5 болгоно. Хүүг ийнхүү бууруулснаар манай талд ашигтай болж байгаа юм. Учир нь Монголын тал өөрт оногдох 34 хувийн хөрөнгө оруулалтад мөнгө гаргалгүй 2013 оноос орж ирэх орлогоос тооцохоор болсон аж. Ийнхүү уг орлогоос хасч тооцоход хүү суутгана. Тиймээс хүү буурах нь бидэнд нааштай нөлөөлж байгаа хэрэг. Харин гэрээнд өөрчлөлт оруулж байгаа дараагийн алхам нь санхүүжилтийг давуу эрхийн хувьцаа гаргахаас өөр аргаар шийдвэрлэх юм. Ийнхүү энгийн зээлээр санхүүжилт хийх аргыг сонгосон аж. Давуу эрхийн хувьцаа нь саналын эрхгүй ч тухайн компанийн өр төлбөр, хөрөнгийн өмнө хариуцлага хүлээхгүй, ашиггүй ажилласан ч тодорхой тогтоосон хүүгээ авах зэрэг давуу талтай байсан. Энэ нь эргээд нэлээд маргаан үүсгэж эхэлсэн юм. Харин Засгийн газрын үүрэг даалгавраар давуу эрхийн хувьцаа гаргахгүй байх хэлэлцээрийг хийж байна. Харин сүүлийн өөрчлөлт нь “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-д хувьцаагаа худалдах боломж олгосон явдал. Оюутолгойн ордын хувьцааг гуравдагч талд худалдах тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн заалттай. Энэ нь дээрх өөрчлөлтүүдийн хамгийн чухал нь гэж хэлж болно.
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодруулав.
-Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд оноос өмнө өөрчлөлт оруулна гэж -Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Гэрээнд өөрчлөлт оруулах ажил хэзээ дуусах вэ?
-Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах ажил удахгүй дуусна. Бараг өнөө, маргааш /өнөөдөр/-даа дуусчих байх. Хэлэлцээрийнхээ шатанд байгаа учир нарийн зүйлийг хэлэлцээр дууссаны дараа хэлнэ.
-Гэрээнд өмнө нь ярьж байсан өөрчлөлтийг л хийж байгаа юу?
-Өнгөрсөн сард хэлсэн өөрчлөлтийнхөө тухай хэлэлцэж байна. Одоо гэрээний үг, үсгийн талаар ярилцаж байгаа.
-Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээний зарим заалттай зөрж байгаа гэсэн. Ийм зүйл бий юү?
Ц.ЭНХЦЭЦЭГ
Зохиогчийн эрх: