“Хар машин”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй

Хуучирсан мэдээ: 2017.08.24-нд нийтлэгдсэн

“Хар машин”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй

“Хар машин”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй

Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийг Канадаас худалдан авах оролдлого хийсэн гэх хэргийг цагдаагийнхан шалгаж дуусаагүй байна. Хэрэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгальмаа, “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын гүйцэтгэх захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Ууганбаяр, мөн тус компанийн график дизайнер М.Удаанжаргал нарыг сэжигтнээр татан шалгаж буйг албаны эх сурвалж хэллээ.

Санал тоолох машин нийлүүлэгч гадны компанитай холбогдсон тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Сонгуулийн үйл ажиллагааг будилаантуулах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан хийх” гэсэн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн тул ийн сэжигтнээр татан шалгаж буй аж. Эх сурвалжийн мэдээлснээр Ц.Ууганбаяр нар цагдаагийн байгууллагад “Ардчилсан намын дотоод санал асуулгыг тоолоход хар машин ашиглах, саналын хуудасны цаас хэвлүүлэх зорилготойгоор Канадын компанид хандсан” хэмээн мэдүүлжээ.

“Шинэ яармаг” цогцолбор хорооллын захирал Ц.Ууганбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөрөө томилсон юм.

Хэрэв сэжигтэн Ц.Ууганбаяр нар Эрүүгийн хууль зөрчсөн нь мөрдөн байцаалтын явцад илэрч, шүүхээр буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлж болзошгүй юм.

Гурван сарын өмнө /2017.05.29/ “Шинэ Яармаг” компанийн захирал Ц.Ууганбаяр гэгч ямар зорилгоор “хар машин”-ы талаар судалгаа хийж, үнийн мэдээллийг авах санал гаргав гэдгийг тагнуул, цагдаагийн байгууллагаар тогтоолгохоор өнгөрсөн зургадугаар сарын эхэнд Сонгуулийн ерөнхий хороо хуулийнханд хандсан билээ. Учир нь санал тоолох төхөөрөмжийг нийлүүлэгч тал буюу Канадын “Доминион вөүтинг системс” компани сонгуулийн төхөөрөмжийг Монгол Улсын ямар нэгэн байгууллага, хувь хүнд худалдахаар бол заавал Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэх үүрэг хүлээдэг аж. Энэ хүрээндээ “Шинэ Яармаг” компанийн захирал Ц.Ууганбаяр санал тоолох төхөөрөмжийн үнийн саналыг авахаар холбогдож, түүнд нь компанийн зүгээс хариу өгсөн тухайгаа тавдугаар сарын 29-ний өдөр цахим шуудангаар Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдсэн байдаг.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж