UFC холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Конор МакГрегор, мэргэжлийн боксын босоо аварга Флойд Мэйвейзер нарын тулаан ирэх бямба гаригт /2017.08.26/ Лас Вегасын T-Mobile аренад болно. Боксын түүхэнд рекорд тогтоож мэдэх энэ сонирхолтой, “мөнгөний” тулааны өмнөх сүүлчийн хэвлэлийн бага хурал өчигдөр болжээ. Хурал дэндүү гэмээр тайван уур амьсгал дунд болж өнгөрснийг гаднын хэвлэлийн байгууллагууд онцолж байна.
Өдгөө 29 настай МакГрегор мэргэжлийн боксын дебют тоглолтоос 100 сая ам.доллар халаасална гэгдэж байгаа. Харин тулааны дараа тэр мэргэжлийн боксын рингэнд тулалдах хүсэлтэй, гэхдээ UFC-гээ ч орхихгүй, хос морь хөлөглөн давхих бодолтой байгаагаа хэлжээ.
“Тулаан дууссаны дараа надад ялалтаа тэмдэглэх 20 секунд л гарна. Түүний дараа дараагийнх нь хэн байх талаар бодож эхлэх болно” хэмээн МакГрегор хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.
Харин Мэйвейзер оролцсон тулаан бүртээ өрсөлдөгчөө буулгаж авсан 100% гэх төгс амжилтаа дахин бататгах болно гэдгээ илэрхийлэв.
“Би боломжийг алдахгүй. Ингээд л гүйцээ. Би гэртээ зурагтаа үзээд зүгээр сууж байж болох л байсан. Гэвч энэ бол миний ажил” гэж тэр хэлжээ.
Мэйвейзер энэ жил 40 настай. Насны ялгаа гарч болох ч туршлага илүү гэдэгт тэр итгэлтэй байгаа. “МакГрегор хүссэнээ хэлж чадна. Харин цаг нь ирэхээр тулалдаж чадах хүн нь би. Сэтгэл зүйн тал дээр энэ дэлхий дээр надаас хүчирхэг тамирчин гэж байхгүй”.
Зөвхөн спорт сонирхогчид төдийгүй дэлхий нийтийн чих тавьж, сонирхож суугаа энэ тулааны талаар Мэйвейзерийн аав Флойд Сениор “Хүү маань боксын спортоос хөндий байсан хоёр жилийн хугацаанд мэдээж олон чадвараа алдсан. Гэхдээ түүнд МакГрегорыг ялах хангалттай хүч бий” гэж ярьжээ.
Тулааны ялагчид “Мөнгөний бүс” нэртэй цор ганц бүс гардуулах болсноо WBO холбооноос хэдийн мэдэгдсэн. Энэ бүс нь матрын арьсаар өвч бүрсэн, дээр нь 3360 ширхэг очир алмаз, 600 индранил, 300 маргад чулуу шигтгэж, 1,5 кг цэвэр алт суулгасан гэнэ.
С.ЦЭЛМЭГ