Аймаг, нийслэлийн сум, дүүргүүд их, дээд сургуульд суралцагчдын материалыг хүлээн авч дуусаад Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд ирэх сарын 1 гэхэд хүргүүлсэн байх ёстой. Улмаар тус яамнаас сургууль, орон нутаг, нийслэлийн дүүргүүдээс ирүүлсэн материалыг тулгаж ирэх сарын 25 гэхэд нэгдсэн мэдээллийг гаргах юм. Гэтэл зарим оюутан харъяа хорооны ажилтнаас “Материалаа өгөх гэж байгаа бол хог, гэрлийн мөнгөө төл” гэсэн шаардлагыг сонсч байгаагийн нэг жишээ энэ. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны ажилтантай уулзаж энэ талаар лавлалаа. Ямартай ч бидэнд хандсан иргэний мэдээлэл ортой байв. Учир нь тус хорооныхон “Төр засаг амлалт, үүргээ биелүүлж байна. Харин иргэд зөвхөн “юм” нэхдэг. Бид иргэдэд “Та бүхэн ч гэсэн үүргээ биелүүл. Хог, гэрлийнхээ мөнгийг төл” гэсэн шаардлага тавьж байгаа” гэх хариултыг өгсөн юм. Тэд тодорхойлолт өгөхдөө хорооныхондоо дээрх шаардлагыг тавьж байгаа юм байна. Гэхдээ хороодын ажилтнуудад энэ талаарх чиг үүргийг “дээрээс” өгөөгүй нь өөр хэд, хэдэн хороогоор орсны дараа тодорхой болов. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга Л.Төмөрбаатар “Манай хороон дээр хорооны тодорхойлолт, өргөдлийн маягт хоёрыг л авч байгаа. Цагаан сар дөхөж байгаа болохоор иргэдэд “Хог, шороогоо цэвэрлэ, зохих төлбөрөө барагдуул” гэж анхааруулж байгаа. Гэхдээ мөнгөө төлөхгүй бол материалыг чинь өгөхгүй гэсэн зүйл байхгүй” гэв. Иргэд харъяа хороон дээрээ сургууль, хорооны тодорхойлолт, өргөдлийн маягт, дүнгийн хүснэгтээ аваачиж өгөхөд л болох аж. Гэсэн ч нийслэлийн зарим хороо иргэдээс дээрх материалуудыг бүгдийг нь шаардахгүй байгаа юм билээ. Үүнээс харвал эх орны хишиг хүртэх гэдэг ярвигтай ажил бололтой. Сонгуулийн үеэр улстөрчдийн өгсөн амлалт болох эх орны хишгийг хүртэхийн тулд Монгол Улсын иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой. Бүртгэлээ хийлгэх гэхээр бичиг баримтын зөрчилтэй, хаясан, гээсэн байна гэнэ. Улмаар лавлагаа ав гээд хэдэн өдөр дугаарлуулна. Гэхдээ тухайн иргэний хариуцлагаас гадна төрийн албаныхан ажлаа муу хийснээс болж асуудал гарч байгааг энд онцлох гэсэн юм. Төрийн албан хаагчид шинэчилсэн бүртгэлд хамрагдаж мөнгөө авахаар очиход энэ мэт шаардлага тавих нь олонтаа.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны ажилтан М.Батдэлгэр:
-Манай хорооныхон дээр иргэд, оюутнуудад аль болох хүндрэл учруулахгүйг хичээн ажиллаж байна. Оюутнуудаас “Хүний хөгжил сан”-гийн мөнгө олгох дэвтэр, хувийн хэргийг л шаардаж байгаа. Хувийн хэрэг гэдэг нь “Миний хувь хүртэх хувийн хэрэг” гэсэн тухайн оюутны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл байгаа юм. Оюутанд тодорхойлолт гаргаж өгөхдөө ус, хог, гэрлийн мөнгөө төлсөн эсэхийг нь давхар шалга гэсэн үүргийг хэн ч өгөөгүй. Тийм шаардлага тавьж байгаа бол тухайн хорооныхон өөрсдөө л санаачилсан байх гэж бодож байна.
ЗЭЭЛ, ТУСЛАМЖ ОЛГОХЫГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЖЭЭ
Оюутнуудад тулгамдсан өөр нэгэн асуудал нь сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийг “Хүний хөгжил сан”-гаас мөнгө өгөх нэрийдлээр хаасан явдал. Энэ асуудалд иргэд ямар байр суурьтай байгааг сонирхлоо. Зарим хүн “Энэ улстөрчид үнэн аргатай” гэж ирээд л ярьж байх юм. Мөнгө өгч байгаа гээд өмнө нь өгдөг байсан зээл, тусламжийг нь хаасан болохоор тэд ийн өгүүлж байна. Ямартай ч иргэд “Ирэх онуудад зээл, тусламжийг хэвийн олгох хэрэгтэй” гэсэн саналтайгаа илэрхийллээ. Манай улсын хэмжээнд одоогийн байдлаар 42 мянган оюутан зээл, тусламжид хамрагдаад байгаа юм байна. Зарим их, дээд сургуулийн удирдлагаас 2011-2012 оны хичээлийн жилд оюутнууд зээл, тусламжид хамрагдах эсэхийг тодруулсан юм. Гэсэн ч тэд одоохондоо тодорхой мэдээлэлгүй байгаа аж. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн хичээлийн эрхлэгч С.Ишцэдэн “Энэ асуудлаар Сургалтын төрийн сангийнхантай холбогдож тодруулсан. Энэ онд л түр түдгэлзүүлсэн гэх хариултыг өгсөн. Гэвч ойрын жилүүдэд хэрхэх эсэх нь тодорхойгүй. Тиймээс оюутнууд үүнд санаа зовох хэрэггүй” гэлээ. Харин Сургалтын төрийн сангийн гүйцэтгэх захирал Д.Нансалмаа өмнө нь манай сонинд “Буцалтгүй тусламж, зээлийг хаах эсэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариултыг өгч байсан. Ямартай ч Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж, зээл олгох журамд өөрчлөлт оруулах нь тодорхой байгаа бөгөөд сурлагын дүнг нь харгалзан хамруулдаг болох тухай хэлэлцэж байгаа ажээ.
“Их засаг” их сургуулийн оюутан Б.Гэрэл:
-Хороон дээрээ очоод материалаа өгчихсөн. Манайх Баянзүрх дүүргийн долдугаар хороонд харъяалагддаг юм. Би өмнө нь Сургалтын төрийн сангаас буцалтгүй тусламж авдаг байсан. Хэрвээ ирэх намар Сургалтын төрийн сан, “Хүний хөгжил сан”-гаас зээл, тусламж олгохгүй бол төлбөрөө өөрсдөө төлөх юм шиг байна лээ. Энэ нь л хэцүү санагдаж байна. Дээрх сангаас зээл, тусламж авдаг байсан оюутнуудад “Хүний хөгжил сан”-гийн мөнгө нэмэр болохгүй гэж бодож байна.
Зохиогчийн эрх: